Энэ өдрүүдэд хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд явагдаж байна. Йоахим Лёвын удирдсан Германы шигшээ баг Берлин хотын “Олимпийн” цэнгэлдэх хүрээлэндээ Бразилын шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Энэ тоглолт бол хоёр багийн хувьд 23 дахь удаагийн, 2014 оны ДАШТ-нээс хойшхи анхны тоглолт байсан юм. Германы шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны ДАШТ-ний хагас шигшээд Бразилын шигшээ багийг 7-1 харьцаатай буулган авч байсан. Тэгвэл энэ удааг хоёр баг 4 жилийн дараа Берлин хотноо учраа тааран тоглож байгаа нь энэ ажээ.
Германы шигшээ баг хамгийн сүүлд 2016 оны Европын АШТ-ний хагас шигшээд Францын шигшээ багт хожигдсноос хойш хожигдол амсаагүй байсан. Энэ хугацаанд 16 хожил байгуулж 6 удаа тэнцээд байсан. Харин энэ удаа Германы шигшээ багийн 22 тоглолтонд хожигдоогүй цувралыг Бразилын шигшээ баг зогсоосон байна. Хоёр багийн тоглолтын 37 дахь минутанд Виллианы дамжуулалтаар Г.Жесүс Германы хаалганд мөргөж гоолдсон. Энэ гоол нь тус тоглолтонд орсон цорын ганц гоол байсан юм.
- Герман 0-1 Бразил (гоол: Г.Жесүс 37’)
Герман: К.Трапп, Й.Киммих, Ж.Боатенг (Н.Зюле 68’), А.Рюдигер, М.Платтенхардт, И.Гюндоган (Т.Вернер 81’), Т.Кроос, Л.Горецка (Ж.Брандт 61’), Ж.Дракслер, Л.Сане (Штиндль 61’), М.Гомез (С.Вагнер 62’)
Бразил: Аллисон, Д.Алвес, Т.Силва, Ж.Миранда, Марсело, Фернандиньо, Каземиро, Паулиньо, Виллиан, Г.Жесүс, Ф.Коунтиньо (Д.Коста 73’)
Б.БЯМБАБАЯР