Аж үйлдвэржилтээс амьдрал шалтгаална | News.MN

Аж үйлдвэржилтээс амьдрал шалтгаална

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэржилтээс амьдрал шалтгаална

Аж үйлдвэржилтээс амьдрал шалтгаална

Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг

Тусгаар тогтносон, бие даасан улсыг гаднынхан хөгжүүлж өгсөн жишээ дэлхийд байхгүй. харин өөрсдөө оргүй хоосноос өнөөдрийн өндөр хөгжилтэй орныг гардан босгосон улс цөөнгүй. Тэдний түүчээнд өмнөд Солонгос, Япон, Сингапур зэрэг улс зүй ёсоор ордог. Энэ жимээр замнасан улсууд өнөөдөр хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн түүхийг нүүр бардам бичиж явна. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. үүнийг эрт ойлгосон орнууд хөгжлийн суурь дэд бүтцээ аж үйлдвэржилт хэмээн цөм зурагласан байдаг. Өөрсдөө ч үүнийгээ баталж, нотолж чадсан дээрх орнууд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж буй. Цаашдаа ч даян дэлхийн эдийн засагт аж үйлдвэржсэн орнууд илүү гүнзгий байр суурь эзлэх нь тодорхой. хамгийн ойрын жишээ гэхэд л монголчууд бидний олноороо хошуурч буй өмнөд Солонгос. 

“Азийн бар” орны нэг гэгдэх өмнөд Солонгост нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 30 жилийн өмнө 100 ам.долларт ч хүрдэггүй байв. Харин энэ орныг 18 жил удирдсан Пак Чун хи эх орноо улс шиг улс болгох гэж зүтгэсэн бөгөөд тэрбээр аж үйлдвэржилтийн бодлогыг хөгжилд хүрэх гарц хэмээн үзэж, томоохон төсөл, хөтөлбөрүүд санаачлан эхлүүлсэн. Тэр болгон нь нэмүү өртөг шингэсэн үйлд- вэрлэлд чиглэж, хүнд, хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад хамаг нөөц, боломжоо төвлөрүүлжээ. Үүний үр дүнд БНСУ хөгжлийн загвар орон болж чадсан бахдам түүх тэднийх. Ядуу буурай, дайны хөлд үрэгдсэн энэ улс богино хугацаанд хүнд байдлаас сугаран гарахад аж үйлдвэр ачааны хүндийг үүрчээ. Харин Япон өндөр технологийн аж үйлдвэрийн хувьсгалыг өрнүүлж, дэлхийн гурав дахь том эдийн засаг болсон. Аж үйлдвэрээс гадна аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт амжилт олсон орон бол Сингапур. Хөгжлийн өндөрлөгт хэдийнэ хүрсэн тус улс гадаадын хөрөнгө оруулалтаар өндийж, өөрсдийн амьдралаа чанаржуулсан. Тус улсын нэг хүнд ногдох дНБ нь 1969 онд 500 ам.доллар буюу 1990-ээд оны эхэн үеийн манай улсынхтай тэнцүү, нийт хүн амынх нь тал хувь нь бичиг үсэггүй байлаа. Энэ үед хүн амынх нь 30 хувь хотын захад ядуусын хороололд амь зуудаг байв. Дөнгөж бие даан тусгаар тогтнолоо зарласан Сингапур энэ байдлаа өөрчилж, буурай орноос бусдын манлайд хүрсэн юм.

Үүнд хөтөлсөн удирдагч нь ЛИ Куан Ю. 40 жилийн хугацаанд улс орноо тасралтгүй удирдсан түүний хувьд байгалийн баялаггүй, жижиг хот улсаа дэлхийн хамгийн баян улсуудын нэг болгон хувиргасан. Азидаа хамгийн олон жуулчин татдаг энэ улс бизнесийн таатай орчин, боловсролын чанар, анагаах ухааны үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийн анхаарлыг ч мөн илүү татдаг. Жижигхэн загасчны тосгон гадаадын шууд хөрөнгө оруулалтын ачаар буюу бусдын мөнгөөр эдийн засгаа хүчирхэг болгосон. Тэгвэл манай улсын хувьд аялал жуулчлал, аж үйлдвэрээ хослон хөгжүүлэх боломжтой. Ийм нөөц, боломж нь нэгэн зэрэг өгөгдсөн боловч үүнийгээ ашиглаж чадалгүй байсаар энэ зуунтай золгосон. Гадаад зах зээлээс хамааралтай эмзэг байдал өнгөрсөн хугацаанд улам гүнзгийрч, импортын бараа, бүтээгдэхүүн өрхийн хэрэглээний дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Энэ байдлаараа дээрх орнуудын зиндаанд хүрнэ гэвэл үлгэр. Дотоодын үндэсний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд хөгжиж байгаа боловч үндэсний эдийн засгаа тэтгэх хэмжээнд тэлж чадахгүй байна. Технологийн хоцрогдол, бараа бүтээгдэхүүний хязгаарлагдмал байдал, гадаадын зах зээлийн стандарт, шаардлагад нийцэж чадахгүй байгаа нь орлогын үүдийг хааж ирлээ. Энэ бүхний хөрс болсон аж үйлдвэрийн бодлого алдагдаж, жижиг, дунд үйлдвэр байгүй байгаа нь бүгдийг гаднаас импортлох сэдэл өгч ирлээ. Үүний цаана гадагш валют урсаж, баялаг дундарч байна.  Аж үйлдвэрийн сул хөгжил, импортын бараа, бүтээгдэхүүний ноёрхол эдийн засаг эрчээ аван урагшлахад саад тотгор болсон хэвээр. Харин эдийн засгийн энэхүү гажуудсан бүтцээ өөрчлөхөд аж үйлдвэржилт онцгой үүрэг гүйцэтгэх учиртай.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсад ган хайлуулах, зэс баяжуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, үүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, мега төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Монгол улс мөнхөд дан ганц уул уурхайн эдийн засгаас хараат байж болохгүй. Үүний горыг эдийн засгийн уналттай жилүүдэд илүү мэдэрсэн. Хэрэв бид үйлдвэртэй, олон тулгуурт эдийн засагтай байсан бол эрдэс түүхий эдийн үнийн хэлбэлзэл дагаж эдийн засаг савлаад байхгүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс онцолж, Засгийн газрын хэмжээнд бодит ажил болгоход ойрхон буй төслүүдийн нэг нь зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Шаардлагатай хөрөнгө оруулалт нь 1.5-2.1 тэрбум ам.доллараар хэмжигдэх энэхүү төсөл хэрэгжиж, зорьж буй үйлдвэр ашиглалтад орсноор хажууд нь жижиг, дунд хэд хэдэн үйлдвэр бий болох юм. Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр, манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл хоёр их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн байна. Хэрэв эдийн засгаа аж үйлдвэржүүлж чадсан бол үүнээс илүү их өсөлтийн тухай ярих байлаа. Ажилгүйдэл ч одоо байгаа түвшнээс хамаагүй бага байх нь тодорхой. Тайлант хугацаанд өсөлтөд уул уурхай, олборлох үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн нь голлон

нөлөөлжээ.

• Аж үйлдвэрийн сул хөгжил, импортын бараа, бүтээгдэхүүний ноёрхол эдийн засаг эрчээ аван урагшлахад саад тотгор болсон хэвээр.

• Манай улсын хувьд аялал жуулчлал, аж үйлдвэрээ хослон хөгжүүлэх боломжтой.

• Технологийн хоцрогдол, бараа бүтээгдэхүүний хязгаарлагдмал байдал, гадаадын зах зээлийн стандарт, шаардлагад нийцэж чадахгүй байгаа нь орлогын үүдийг хааж ирлээ.

Тодруулбал, нүүрс болон металлын хүдэр олборлолт онцгой байр суурь эзэлж байна. Зөвхөн олборлох салбар л аж үйлдвэрийн өсөлтөд нөлөөлж байгаа нь энэ. Түүнээс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн эзлэх дүн туйлын ядмаг байна. Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогоо 2014 онд баталж, 2030 он хүртэлх замын зураглалаа гаргасан ч ахиц дэвшил гарт баригдахгүй байна. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан бөгөөд хялбар технологид суурилсан. Экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ он гарсаар газрын тос боловсруулах үйлдвэр, уул уурхай, металлургийн цогцолборын ТЭЗҮ тодорхой болж, аж үйлдвэрийн томоохон төслүүдийн сураг тодорлоо. Энэ нь аж үйлдвэрийн эхлэл болох юм.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 66.181.189.191

UNDSEN HUULIIN TOGTOLTSOOG OLJ HARSANDAA HOGJSON

Avatar

Зочин 2018-03-28 202.131.236.170

Аж үйлдвэрийг сүүлийн үеийн технологитой богино хугацаанд босгох хэрэгтэй. Одоо хэл ам болоод байгаа Баярцогт 2000 -аад онд телевизээр нэгэн ярилцлага өгөхдөө Монгол улсад аж үйлдвэр хэрэггүй гэж бурж дургүй, уур 2 -г зэрэг хүргэж, донгиотож билээ. Одоо ч хэлсэнийг нь мартдаггүй юм. Монгол хүн хийж чадна, төр аж үйлдвэржүүлэхэд зөв бодлого явуулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж