2.8 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

2.8 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ

2.8 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ

Монголын хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын “хайртай” бүтээгдэхүүн эргэн ирэх тухай чихэнд чимэгтэй мэдээг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Америк, Монголын худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ дуулгасан. Монгол Улс гадаад зах зээлээс бонд босгохгүй. Дотоодын зах зээлээ дэмжих үүднээс Засгийн газрын үнэт цаасыг дотооддоо гаргана. Бараг тав, зургадугаар сараас ажил хэрэг болох тухай мэдээлэл тэр даруй олон нийтийн сүлжээгээр тархаж, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас хөрөнгийн зах зээл дээр дахин гарах юм байна гэсэн хүлээлт бий болов.

Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаа авсныхаа дараахан дотоодын зах зээлд гаргасан өндөр хүүтэй бондыг гадаадын хямд санхүүжилтээр солихоо хэлж байсан юм. Гэвч гадаад зах зээлд үнэт цаас гаргах нь ханшийн эрсдэлтэй. Засгийн газрын үнэт цаасны гол худалдан авагчид нь банкууд. Тиймээс бизнесийнхэнд зээл хэлбэрээр очиж, эдийн засгийн цусны эргэлтийг тэлэх учиртай хөрөнгийг Засгийн газар булаацалдахгүй хэмээн эдийн засагчид ч дэмжиж байсан, уг нь. Энэ дагуу Монгол банк ч 2018, 2019 оны эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр төсөөлсөн. Гэвч энэ онд 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газар үнэт цаас гаргахаас өөр сонголт байхгүйг нөхцөл байдал харуулж байна. Тэгээд ч энэ оны төсвийн тэнцлийн төлөвлөгөөнд Засгийн газар дотооддоо шинээр 2.8 орчим их наяд төгрөгийн урт ба богино хугацаат үнэт цаас гаргахаар тусгасан байна. Үүний бараг 2.4 их наяд төгрөг нь урт хугацаатай бөгөөд 2.1 их наядыг нь үндсэн төлбөрөө барагдуулахад зарцуулахаар төлөвлөжээ. Хөрөнгийн биржийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болон Засгийн газрын үнэт цаасыг дахин арилжаалах нь нэг талаас өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн хөрөнгийн биржийн арилжааг улам идэвхжүүлнэ. Нөгөө талаар эрх баригчид данхар төсвийн алдагдлаа бизнесийн цусны эргэлтээр нөхөөд сурчихсныг мартаж болохгүй. Өнгөрсөн онд гэхэд төсвийн урсгал зардлыг нөхөхийн тулд хөрөнгийн зах зээлээс 630.2 тэрбум төгрөг татаж байжээ.

Харин 2016 онд 299.7, түүний өмнөх жил 515.5 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж, төсвийн урсгал зардлыг нөхсөн байна. Засгийн газарт 2018-2019 онд “Дим Сам” бондын нэг тэрбум юань буюу 161.2 сая ам.доллар, Credit Suisse-ээс авсан 300 сая ам.долларын зээл гээд төлж барагдуулах шаардлагатай өр төлбөрүүд бий. Үүнээс гадна “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор гадаад орчинд Монголын тухай таагүй мэдээллүүд хөвөрч байгаа нь хөрөнгө оруулалтын наашаа чиглэсэн урсгалыг хязгаарлах өндөр эрсдэлтэй байна. Бас “Гацуурт”, цахилгаан станц гэх мэт ойрын хугацаанд эхлэх мега төслүүд ч сураггүй. Тэрчлэн Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барих газрын тосны үйлдвэрт найдлага тавихад эрт байгаа. Мөн экспортын гол түүхий эдүүд болох нүүрс, зэсийн үнэ Reuters зэрэг томоохон агентлагуудын төлгөд таагүй бууж байгаа нь экспортын орлогоор төсвийн алдагдлыг нөхнө гэж хэт найдах хэрэггүйг харуулж байна. Алтны спот ханшийн өсөлт оны эхэн үетэй харьцуулахад эрс саарсан бол зэсийн ханш алгуур буурч байгааг Bloomberg-ийн өгөгдлөөс харж болно. Нүүрсний үнэ мөн сүүлийн нэг сард 10 гаруй хувиар багассаныг зах зээлийн сувгууд мэдээлж байна. Харин төсвийн тэнцлийг сайжруулахад хэрэгжүүлж буй ОУВ С-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гурав дахь ээлжийн санхүүжилт зунаас наашгүй. Ганц найдвар нь татварын орлого хэдий ч урсгал зардлыг санхүүжүүлэх бололцоо тааруу.

Тиймээс Засгийн газар хөрөнгийн зах зээл дээр дахин үнэт цаас гаргах нөхцөл үүсээд байгаа юм. Засгийн газрын үнэт цаасыг төсвийн цоорхойг нөхөхөөс гадна хөрөнгийн зах зээлийн бүтцийг нэг шат ахиулах ач холбогдолтой бүтээгдэхүүн хэмээн санхүүгийн шинжээчид харж байна. Үнэт цаасны MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “Засгийн газрын бонд нь Монголын хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд дотоодын жишиг хүү болдог. Засгийн газрын үнэт цаасыг авах эрэлт өндөр байвал хүү бага л тогтоно. Харин Засгийн газар муу ажиллавал өгөөж нь нэмэгдэнэ. Түүнээс биш өгөөж өндөр байснаар нь хөрөнгийн биржийн эсвэл бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчийн буруу биш юм” хэмээв. Хамгийн гол нь хөрөнгийн зах зээлийн эрэлттэй бүтээгдэхүүнийг дахин арилжхад дэд бүтэц, бэлтгэл ажлыг цаг алдалгүй хангах хэрэгтэй болох нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж