Нарийн, “бүдүүн” төмөр замын талаарх яриа анх гарсантай зэрэгцэн одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 оны гуравдугаар сарын 20-нд “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан байдаг. Гол зорилго нь ерөөсөө л төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох Үндэсний компани гэсэн тодотголтой.
Мянганы сорилтын сан ч хөрөнгө оруулж болохоор байсан ч “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэх алдарт үгээ “РЖД”-ийн ноёнтон В.Якунин айлдаад үргээчихсэн. Дараа нь Төрийн өмчийн хороо “МТЗ” ТӨХК-ийн эд хөрөнгийг бүртгэж, төдөлгүй тус компани “УБТЗ” ХНН-тэй гэрээ байгуулан таван жилийн хугацаатай, сард 38-хан сая төгрөгөөр түрээсэлдэг болов. Тухайн үед учир мэдэх хүмүүс “Кран хөлсөлдөг мөнгөөр хамаг орлоготой хэсгээ гэрээгээр ашиглуулах гэж” хэмээн халаглаж байсан ч тэдний дууг хэн ч сонссонгүй. Гэвч байгуулагдсаныхаа дараахнаас л улсын төсөвт үлэмж хэмжээний орлого төвлөрүүлж, вагон, зүтгүүрээ “УБТЗ”-д түрээсээр ашиглуулан, дэлхийд гайхагдсан өндөр үнэтэй “МакКинсей энд Компани”-аар ахлуулсан “Liberty Partners”, “BHP Paribas” нараас бүрдсэн зөвлөх багтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.
Энэ үеэс “Либерти Партнерс”-ийн Гүйцэтгэх захирал Чулууны Ганбат, түүнд удаа дараа мөнгө шилжүүлсэн гэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарын асар их ам.долларын урсгал эхэлсэн. Дээрх шилжүүлгийн дүн нийт 2.400.000.000 төгрөгийн асуудал болон гарын үсэг, банкны шилжүүлэг, бүх баримт сэлт эдүгээ “хавтаст хэрэгт” болж дээрх хоёр залуу интерполоор эрэн сурвалжлагдаж байсан.
Шинэ төмөр замын төслийн явцтай холбоотойгоор “МТЗ”-ын байдал ч хүндэрч эхэлсэн. Үнэндээ “далан барих”, “шороо овоолох” гэхчлэн гоочилж доромжилдог “доллар уусан” ажлыг хэрэв зориглон хийгээгүйсэн бол өнөөдөр бүхнийг тэгээс эхлэх байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ “Гацаасандаа баяртай байна” гэгдсэн улстөржилт хийгээд “экспортын төмөр замыг нүүрсийг экспортлогч л хамгийн хурднаар хөрөнгө оруулж тавьж дуусгана” гэх зөрчлөөс үүдэн шинэ төмөр замын ажил нүүрснээс олох Монголын эдийн засгийн ашиг орлоготой хамт түгжигдсэн. Гэтэл ганц найдвар болоод байгаа худалдан авагч тал лав одоогоор сонирхол илэрхийлээгүй байна.
Ийм мөчид “Монголын төмөр зам” ТӨХК хэрхэх вэ. Салбарын сайд ярихдаа “Тавантолгой-Гашуун сухайт”, “Тавантолгой-Сайншанд ч гэхчлэн цааш барих болно. УБТЗ-ын гол магистрал, түүнээс салаалсан хоёр дэд бүтэц болгож явуулах, ингэхдээ салаалсан дэд бүтцүүд нь МТЗ-ын өмч байх ёстой” гэлээ.
Тэгвэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өнөөгийн удирдлага энэ их ажлын өмнө бэлэн үү. Төрийн бодлогын тухайд есөн жилийн турш хөөцөлдсөн Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг хоёр хөрштэй амжилттай хийж байна. Монголоос Ванина, Владивосток боомт хүрэх үнэ, урдуур Тяньжин хүртэл нүүрс тээвэрлэх үнэтэй өрсөлдөхүйц, ижил байх ёстойг Оросын талтай тохирч чадлаа. Дөрвөн боомтыг олон улсын боомт болгохоор Хятадын талтай хэлэлцээр хийснээс өнөөдөр нэг нь л олон улсын чанартай байсныг нэмж Ханги-Мандалын боомтоор Бугатын аж үйлдвэрийн том зах зээл, бэлэн худалдан авагчтайгаа холбогдохоор ажиллаж байна. Хавраас эхлээд Кызыл-Курагино төмөр зам эхэлнэ гэхчлэн яг одоо л “Монголын төмөр зам” ТӨХК-ны сэргэн мандалтын үе ирэх болоод байна.
Энэ сэргэн мандлын үеийг “Монголын төмөр зам” ТӨХК-ны одоогийн удирдлагууд зөв ашиглаж чадах уу. Төмөр зам нь нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт ихэснэ. Төр дэмжинэ. Одоо зөв менежмент л чухал. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэв хаврын чуулган эхлэхэд Засгийн газар “зөөлөн донсолгоо”-г дотооддоо хийж, зарим дэд сайдыг халж солих асуудал үүсгэхэд энэ салбарын дэд сайд хамгийн түрүүнд өөрчлөгдөх нууц төлөвлөгөө яваа гэх юм. Тэр ч байтугай “Монголын төмөр зам” ТӨХК-ны одоогийн захирал, дэд сайд асан Б.Цэнгэлийг Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдохоор зарим тохиргоо хэдийнэ хийгдсэн бололтой. Хэрэв энэ үнэн бол “Монголын төмөр зам” ТӨХК шинэ удирдлагатай, шинэ төмөр замуудтай болох түүхэн сонирхолтой мөчөө хүлээж байгаа нь энэ. Ямартай ч хэсэг бусаг хэрэг явдал, улс төрийн “дажин”-д нэрвэгдээд, хэлмэгдээд авсан “Монголын төмөр зам” ТӨХК ичээнээсээ гарах нь.