У.Хүрэлсүх: Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

УИХ-ын эрхэм гишүүд ээ, анд найз нараа

Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний үе шат болох Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор хуран цугласан Та бүхэнд ирж байгаа хавар цагийн энэ сайхан өглөөний  мэндийг хүргэе.

Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдөр зохион байгуулж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдөхөөр энд хуран цуглаад байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулъя.

2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.

Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан.

Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд:

·  Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө.

·  Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.

·  2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ.

·  Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа.

·  Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ.

·  Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

·  Валютын нөөц нэмэгдсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлж,

·  Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна.

·  Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангарууллаа.

·  Эдгээрийн үр дүнд эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна.

Олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг Монгол Улсын бизнес эрхлэлтийн итгэлцлийн үзүүлэлт 2016 онд 30 нэгжид хүрч ихээхэн тааруу байсан бол 2018 оны гуравдугаар сарын байдлаар 51,8 нэгжид хүрч тогтвортой өсөн нэмэгдэж байгаа нь манай бизнес, эдийн засгийн орчин сайжирч байгаагийн бас нэгэн нотолгоо болж байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой.

Үүний тулд УИХ-аас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам хөтөлбөр” зэрэг бодлого, зорилтот хөтөлбөрт нийцүүлэн оюун санаа, эдийн засаг, төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж байна.

Үүнээс эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.

Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхамыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.

Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна.

Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ.

Төрийн шинэчлэлийн хүрээнд шударга ёс, сахилга, хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг эрчимжүүлэн, иргэдээ ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулна.

Зөв засаглалыг төлөвшүүлэх гол үндэс нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Төрийн албаны ёс зүйтэй, шударга, ил тод байдал” хэмээн үзэж, төрийн хяналтыг сайжруулан, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай байх зарчмыг чанд мөрдүүлж ажиллана.

Түүнчлэн Хүн төвтэй нийгмийг бий болгох зорилгоор хүн амын эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж, үйлчилгээг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэмжинэ.

Улмаар боловсролын тогтолцоог уян хатан болгож, монгол хүний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлнэ.

Энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Засгийн газраас баримталж буй төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдаж, цаашид төсөв, зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл байх болно.

Засгийн газар бодлогоо боловсруулан гаргадаг ч хэрэгжилт тааруу, хяналт сул байна гэж иргэд, олон нийт шүүмжилдэг. Иймээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар онцгой үүрэгтэйгээр манлайлан ажиллах болно.

Эрхэм бизнес эрхлэгчид ээ,

Та бүгдэд Татварын хуулийн шинэчлэлийн талаар товч танилцуулъя.

Засгийн газар төсвөө танах, зардлаа бууруулах бодлого баримталснаар төсвийн алдагдал 2017 онд өмнөх оноос 1,9 их наяд төгрөгөөр буурсан. Тухайлбал нэгдсэн төсвийн зардал 2016 онд 33,0 хувиар өсч байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 5.5 хувиар буураад байна.

Засгийн газрын дотоод үнэт цаасыг банкуудад өндөр хүүтэй арилжаалж байсныг эргүүлэн худалдан авч, төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоолоо. Дотоод бондын хэмжээг бууруулснаар арилжааны банкуудын эх үүсвэрийг чөлөөлж, бизнес эрхлэгчдэд зориулах  хөрөнгө, эх үүсвэрийг нэмэгдүүллээ.

Үүний зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байх үед хуримтлал үүсгэх, татварын шинэ орчин бий болгох замаар эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна.

Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулсан. Улс орны хэмжээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, нийтдээ 5600 орчим санал авч хуулийн төсөлд тусгаад байна.

Татварын хуулийг шинэчлэх, өөрчлөх үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар татварын хууль тогтоомжийг амжилттай шинэчлэх, татвар төлөгчдийн эрх ашгийг хангасан орчинг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой.

Татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангахыг бид зорьж байна.

Монгол Улсын Засгийн газар шударгаар бизнес эрхлэгчдээ дэмжин татварын зардлыг нь бууруулна. Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх болно.

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг цохон тэмдэглэе.

Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тайлан тооцоо гаргах зардал их байна гэсэн шүүмжлэл олонтой гардаг. Иймээс хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахыг зорьж байна.

Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг  татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ.

Эрхэм нөхөд өө,  бизнес эрхлэгчид ээ,

Цаашид бидний өмнө хийж хэрэгжүүлэх ёстой зорилтууд, хийвэл зохих ажил олон байна. Үүнийг бид хамтдаа, хамтын хүчээр хэрэгжүүлэх ёстой.

Засгийн газар – Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар – Ард олонтойгоо, Засгийн газар – Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бүрэн боломжтой.

Эдийн засаг, татварын шинэчлэл, хувьчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, дэд бүтцийн шийдэл зэрэг асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдэлд хүрсэн үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ

ХҮЧЭЭ НЭГТГЭЖ,  ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж