Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр Бээжинд гэнэтийн айлчлал хийх үеэр Хятадын дарга Ши Жиньпинд өөрийн эцэг Ким Жон Ил болон өвөг эцэг Ким Ил Сен нарын гэрээсийг биелүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоо амлажээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр 2011 онд Хойд Солонгосын удирдагчаар сонгогдсон Ким Жон Ун Хятадад анхны гадаад айлчлалаа хийх үеэр тус улсын засгийн газар Солонгосын хойгийн хурцадмал байдлыг арилгах арга хэмжээ авч, нөхцөл байдал харьцангуй сайжирч байна хэмээжээ. Ким Жон Ун мөн “Хэрэв АНУ болон БНСУ Пхеньяны хүчин чармайлтыг үнэлж чадвал цөмийн асуудлыг шийдэж болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Ши Жиньпинд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход Хятадтай хамтарч ажиллана хэмээн амлажээ.
Хятадын дарга Ши Жиньпин “Хятад Улс Солонгосын хойгийн хурцадмал асуудалд шийдвэрлэх нөлөө үзүүлэх хүсэлтэй хэвээр байна” хэмээн мэдэгдэж, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг бүх талуудад уриалжээ.
Ши Жиньпин, Ким Жон Ун нарын уулзалт Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр Ким Жон Уныг Бээжинд дагалдан очсон төлөөлөгчдийн дунд түүний эхнэр Ри Сол-жу байсан гэнэ.
Ким Жон Уныг Бээжинд айлчлах үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, дэд ерөнхийлөгч Ван Цишан, ХКН-ын УТТ-ны БХ-ны гишүүн Ван Хунин нар бараалхсан байна.
Ким Жон Ун орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 6:00 орчим өндөрлүүлж, өндөр хамгаалалттай галт тэргээр Ляонин мужийн Дандунаар дамжин нутаг буцсан байна.
Эх сурвалж: South China Morning Post