Өгөх бай, авах алдарт шунасан цэнгэлийг хязгаарлая

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Өгөх бай, авах алдарт шунасан цэнгэлийг хязгаарлая

Өгөх бай, авах алдарт шунасан цэнгэлийг хязгаарлая

Өгөх бай, авах алдрын төлөө балчир үрсийн амь насаар дэнчин тавин байж, хахир цагаар морь уралдуулдаг зэрлэг цэнгэлд төр цэг тавих цаг нь болжээ.

Хэдий болтол өвөл, хаврын хурдан морины бүсийн уралдаан нэрийн дор энэ хэдэн уяач нэртэй “бүлэглэл”-үүдийг цэнгүүлсээр байх юм бэ?.

Эцэс сүүлдээ харанхуй шөнөөр морь уралдуулдаг боллоо. Томчуудын энэ тэнэглэлээс болж, “Дүнжингарав-2018” уралдааны үеэр арав гаруй хүүхэд унаж, хүнд хөнгөн гэмтэл авсан ч хэнд хариуцлага тооцох вэ гэдэг бүрхэг болж хувирч байна.

Тухайлбал, Морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын тайлбараар бол унаач хүүхдүүд мориноосоо буухгүй, өнөөдөр л багтаан уралдана гээд байсан нь эцсийн дүндээ мориноосоо унасан хүүхдүүдийн л буруу болж буув.

Харин Ерөнхий сайд нь хууль зөрчсөн буруутай этгээдэд хариуцлага тооц гэдэг үүргийг Шадар сайддаа өгсөн ч эцэс сүүлдээ мал амьтны гоц халдварт өвчин гарч байгаа тул хаврын морин уралдааныг ирэх зургадугаар сарын 1-н хүртэл хориглоё гэдэг тогтоолыг Засгийн газар баталснаар дуулианыг дарах арга хайж байна уу гэмээр хардлага төрүүлэх.

Засгийн газар эл тогтоол бол мал, амьтны гоц халдварт өвчингүй жил хаврын морин уралдааныг зохион байгуулж болно гэсэн үг.

Угтаа бол “Дүнжингарав-2018” уралдаан нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдсан нь баттай л юм бол Морин спорт уяачдын холбооныхонд хариуцлага тооцоход хууль зөрчсөн болохгүй. Гэвч хариуцлага тооцох шийдвэр гаргалгүй, хэд хонолоо. Морин спорт уяачдын холбооны тэргүүн нь УИХ-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нь Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албан тушаалтай болохоор халгаад байна уу, эсвэл үүнд өөр шалтгаан бий юу?.

Хэдийгээр морин уралдаан нь Монголын өв соёлыг тээгч том дархлаа мөн боловч малаас дорд үзэгдэх хүүхэд гэж байх ёсгүй. Гэвч хүүхдийн амь нас уяачдын авах алдар цолоос дорд үзэгдэх болсоор удлаа. Үүнд шагналд тодорхойлдог систем нь ч нөлөөлж буй бололтой.

Учир нь улсын алдарт уяач цолонд хүрэхэд тухайн жилд уясан морь нь хэдэн удаа айраг, түрүү авсан бэ гэдэг нь гол үзүүлэлт болж үнэлэгддэг нь алдар цолонд шунагсдын хувьд хурдан морины уралдаан бүрт морио уралдуулж байх нь чухал аж. Одоо энэ олон бүсийн наадмыг цэгцэлж, зөвхөн үндэсний их баяр наадмаар уралдсан морьдын уралдаанаар шагналыг хэмждэг болох шалгуур тавьж эхлэхийг хүсэж байна.

Мөн “Дүнжингарав-2018” уралдааны үеэр гарсан хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооц, цолыг нь хураа. Тэр цагт хүүхдийн амь насаар дэнчин тавьж, уралддаг морин уралдааныг хязгаарлаж чадна. 

Г.ХОРОЛ 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж