Улсын ерөнхий прокурорын газрын сургалт, судалгаа, хамтын ажиллагааны захирал Г.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, прокурорууд сургалтад хамрагдах болсон тухай дуулгалаа. Ирэх баасан гаригт болох хоёр багц цагийн сургалтад Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн 50 гаруй прокурор хамрагдах юм байна. Сургалтыг АНУ-ын Техас муж улсын шүүхийн шүүгч Эд Винфри заах бөгөөд “Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуульд заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийн талаарх заалтуудыг хэрэгжүүлэх” гэсэн сэдвээр сургалт явуулах юм байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаа, прокурорын хяналтад хүний эрхийг хамгаалах тухай асуудлыг гол чиглэлээ болгосон байна. Монгол Улсад хэрэг хяналтын шатанд удаашрах, цагдан хорихдоо хүний эрх зөрчин, түдгэлзсэн хэрэг удаашрахтай холбоотойгоор иргэдээс өргөдөл гомдол олноор ирдэг байна. Тиймээс энэхүү сургалт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа Улсын ерөнхий прокурорын газрын сургалт судалгаа хамтын ажиллагааны захирал Г.Бямбацогт онцоллоо.
С.Отгон