Будилаантай төлөвлөлтөөс болж, олон өрх орон байргүй хоцорчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Будилаантай төлөвлөлтөөс болж, олон өрх орон байргүй хоцорчээ

Будилаантай төлөвлөлтөөс болж,  олон өрх орон байргүй хоцорчээ

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлалтай, дахин төлөвлөлтөөр баригдсэн гурван блок бүхий 16 давхар 240 айлын орон сууц. 2014 онд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар 48 айлтай гурвалсан гэрээ байгуулж хуучны орон сууцыг нь нураахаар тохиролцжээ.

Гэрээний дагуу тус дүүргийн Тамгын газрын 100 гаруй алба хаагчид үнийн хямд нөхцөлтэйгөөр захиалга өгснөөс гадна өмнөх нураасан байрны 48 айлыг орон сууцанд оруулахаар тохиролцсон байна.

Гэвч уг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Номтын Ам”  компани айлуудаас далдуур нэмэлт захиалга авч 300 гаруй айлын мөнгийг авсан байна. Ингэхдээ 2013 оны зургадугаар сард иргэдээс давхар захиалга авч нийтдээ 330 гаруй айлыг хохироогоод байгаагийн нэг нь Ж.Золбаярынх юм.

Тэд одоогоос дөрвөн жилийн өмнө хашаа байшингаа зараад тус компаниас гурван өрөө байр худалдаж авах гэрээ хийжээ. Байрныхаа төлбөрөө зуун хувь төлсөн ч өдгөө байргүй хоцорч гудамжинд дээрээ тулж.  Учир нь түлхүүрээ  аваад дөнгөж төвхнөж байтал нэгэн үл таних хүн орж ирээд “Энэ байр манайх. Би байраа авна” гэсэн асуудал үүсч, шүүх цагдаадаа тулсан байна.

Үүнийг сонссон залуус тухайн үед юу болоод байгааг мэдэлгүй хэсэг гайхширалд оржээ. Тэгтэл “Номтын ам” компани нэг байрыг айлуудад давхар зарж луйвар хийсэн болохыг дараа нь мэдсэн байна.


Манайх хэзээ мөдгүй л гудамжинд гарах гэж байна

Энэ асуудлаар тус  байрны оршин суугч Н.Оргилутай хэсэг хором ярилцлаа.

-Танайх байрныхаа төлбөрийг зуун хувь төлчихсөн хэрнээ яагаад байрнаасаа хөөгдөхөд хүрсэн юм бэ?

-Манайх “Номтын Ам” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 24-нд байр худалдаж авах гэрээ хийсэн байдаг. Тухайн үед гэрээ хийхдээ манайх байрныхаа 80 хувийг буюу 46 сая төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдсэнийг нь түлхүүр гардаж авахдаа өгсөн. Тэр компанитай байгуулсан гэрээнд ямар ч зөрчил байхгүй, мөнгө төлбөрийг нь 100 хувь төлж байраа авсан. Байраа хүлээж аваад бүрэн засвар хийхэд их л зардал гаргасан.

Гэтэл сарын дараа танихгүй хүн хаалга цохиж орж ирээд “Энэ байр манайх, байраа авмаар байна” гэсэн. Юу болоод байгааг ойлгохгүй хэсэг гайхсан  л даа. Тэгээд түүнээс хойш хоёр жил байрны маргаантай шүүхээр явж байна. Тэрийг айлыг шууд буруутгах арга байхгүй ээ.  Яагаад гэхээр адилхан хохирогч байсан. Бид  нэг нэгнээ мэдэхгүй л яваад байсан юм билээ.

-Дээд  шүүхээс танайхыг албадлагаар хөөх шийдвэр гаргасан гэсэн. Яагаад тэр вэ?

-Анх энэ барилга баригдахаас өмнө энд 48 айлын орон сууц байсан. Нөгөө айл манайхыг шүүхэд 2014 онд өгсөн байсан. Нэгэнтээ шүүхэд өгчихсөн байсан тул яарч сандраад өмгөөлөгч авсан. Эхний шатны шүүхэд ялагдлаа, дараагийн шатны шүүхэд бас ялагдсан. Байрны төлбөрөө 100 хувь бүрэн төлчихөөд, бүтэн хоёр  жил амьдарчихаад байхад байрнаас маань албадан гаргана гэсэн шийдвэрийг сонсоход үнэхээр хүнд юм билээ. Харин өнөөх давхацсан айлын гэрээг нь үзэхээр яг л манай тоот мөн байсан. Тэр айл болохоор хуучин орон сууц нураахаас өмнө амьдарч байсан юм билээ. Тэгээд манайхаас өмнө гэрээ хийсэн ч үлдэгдэл мөнгөө хожуу өгсөн учир гэрээг нь цуцалсан байсан. Үүнд нэг гомдмоор санагдсан зүйл байгаа юм. Тэр айлын хүмүүс барилгын комисс хүлээж аваад,  түлхүүрээ авч байхад хаана байсан юм. Хэрэв тэр үед гарч ирсэн бол бид хохирохгүй л байхгүй юу.

-Танайх байрны ордероо авсан уу?

-Бид нарын аль ч байрныхаа ордерыг авч чадаагүй. Улсын бүртгэлээс шүүхийн шийдвэр гарсан айлд л байрны ордер өгнө гэсэн. Байрандаа ороод зөндөө л хөөцөлдсөн. Гэхдээ бүтээгүй.

-Одоо тэгээд яах вэ?

-Яг үнэнийг хэлэхэд манайх хэзээ мөдгүй л гудамжинд гарах гэж байна. Энэ компанийн  буруу шүү дээ. Шүүхийн шийдвэр манайхыг яагаад албадан гаргана гэж байгаа юм. Бид нар үнэхээр гомдолтой байна. Адилхан хохирчхоод байхад шүүхийн шийдвэр яагаад нэг талдаа гарч байгаа юм. Бүхэл бүтэн хүний амьдралыг хэдхэн шүүгч суугаад амьдралыг шийдэж байна гэхээр аймар шүү дээ. Төр засаг иргэдээ ингэж хохироож болохгүй л байх.

-Энэ байрныхаа мөнгийг хэрхэн буцаан олж авах вэ?

-Манайхаас гадна цаад талын байрны айлууд ч бас давхацсан. Нийтдээ 240 айлын орон сууцыг 300 гаран айлд давхар зарчихсан байгаа юм. Манай энэ хавьд гэхэд хоёр гурван айл байна. Ямартай ч гэсэн “Номтын Ам” компанийн захирал Б.Тамиртай уулзаад юу хэлэхийг нь л сонсоно доо. Түүнтэй уулзах гэж зөндөө л хөөцөлдсөн. Одоо болтол уулзахгүй зугтаад л байна. Өмнө нэг бус удаа уулзаж байсан юм. Тэгэхэд “Танайхтай давхацсан айлыг бид нар цаад блоктоо оруулна. Та хэд сайхан тайван амьдарч бай. Бид нар ордерыг чинь гаргаж өгнө. Нөгөө айлтай нь аман гэрээ хийсэн байгаа” гэж байсан. Тэгтэл яг цагаа тулахад алга болчихлоо. Угаасаа эдний компани дампуураад үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг бүгд л мэднэ. Тэглээ гээд иргэдийг луйвардаж болохгүй л дээ.

Иргэдийг хохироосон асуудал манайд хамааралгүй

Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Л.Оргилоос цөөн зүйл тодрууллаа.

Тэрбээр “Энэ барилга одоогоор зогсонги байдалд байна. Нийслэлийн төсвөөс 1.7 тэрбум төгрөгийг уг барилгад төсөвлөсөн. Одоогоор манай дүүрэгт худалдан авах ажиллагаагаа зохион байгуулах эрхийг нь шилжүүлсэн. Тэрний дагуу үнэлгээний хороо байгуулагдаад, ажлын хэсэг ажиллаж байна.

Иргэдийг хохироосон асуудал нь манай үнэлгээний хороонд хамаагүй. Тэр давхцалын асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явж байна.

“Номтын Ам” гэж компани нь манай дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгагдаж байгаа. Тус компани нь санхүүгийн чадамжгүй болсон шүү дээ. Тийм болохоор барилгын тендерт оролцох ямар ч эрхгүй болсон. Тэгэхээр үнэлгээний хороо хуралдаад дахин тендер зарлах шийдвэрээ гаргана гэсэн үг. Дөрвөн сарын эхээр тендер зарлах байх” гэв.

Тус дүүргийн зүгээс иргэдийг хохиролгүй болгох олон гарцыг судалж байгаа гэлээ. Харин оршин суугчид удаа дараа дүүргийн удирдлагуудтай уулзаж уг асуудлаа танилцуулж байжээ. Гэвч өнөөг хүртэл шийдэгдэж чадаагүй маргааныг учрыг олтол тэмцэнэ гэдгээ зарим иргэд илэрхийлж байлаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж