АТГ-ын дарга хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга хэн болох вэ?

АТГ-ын дарга хэн болох вэ?

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас нь авч хаях сонирхол Ерөнхийлөгчид багагүй байгаа. Учир нь ОНЗ-ийн дарга Г.Баасан удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, Х.Энхжаргалыг ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг шүүмжилж, ажлаас нь халахыг шаарддаг. Түүнийг солих тухай яриа үе, үе сонсогддог ч Ерөнхийлөгч одоогоор ямар нэгэн хүнийг нэр зааж хэлээгүй байна. Гэхдээ Х.Энхжаргалыг албан тушаалаас нь авч хаях хүсэл Ерөнхийлөгчид байгаа ч гол нь хэнийг тус  газрын даргаар томилох вэ гэдэг дээрээ гацчихаад байгаа гэх. Ерөнхийлөгчийн халаасанд одоогоор хоёр кандитатын нэр  байгаа бололтой. Нэг нь АН-ын үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Билэгт. Түүнийг салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх дуулиан тухайн үед дэгдэж байсан билээ. Харин нөгөө нь Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав. Хоёр сая ам.долларын дуулианд бас нэр холбогдож байсан. Аль, аль нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр дотно. Хоёулаа МоАХ-ынх. Тэднийг өөр, өөр хүмүүс санал болгож байгаа учраас Ерөнхийлөгч хэн нэгний нэрийг нь хэлж, ойрын хүрээллийнхэнтэйгээ муудалцахаас болгоомжлоод байгаа бололтой. Мэдээж, Х.Энхжаргал өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй бол түүний орны хүнийг томилох боломжгүй.

УИХ-ын Дэгийн тухай хууль, мөн Авлигын эсрэг хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол долоо хоногт багтаан хэлэлцэхээр заасан байдаг.

Гэхдээ энэ хуульд АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилно гэсэн заалт бий. Түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 1.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэсэн заалттай. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр заажээ.

Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 6-нд УИХ-аас АТГ-ын даргаар томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой юм.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж