Ким Жон Уны Бээжингийн нууц айлчлалаар юу ярив?

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны Бээжингийн нууц айлчлалаар юу ярив?

Ким Жон Уны Бээжингийн нууц айлчлалаар юу ярив?

Японы хэвлэлүүдэд Хойд Солонгосын өндөр хамгаалалттай, тусгай галт тэрэг Бээжин хотод очиход өндөржүүлсэн харуул хамгаалалт угтсан  тухай мэдээлэл гарсны дараа Тянь Ань Миний талбайн ойролцоо цагдаа нар зам хаасан нь галт тэргэнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зорчиж явсан гэх таамаглалыг баталсан юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын дарга Ши  Жиньпин нарын яриа хэлэлцээр амжилттай болсон талаар Синхуа агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. Харин Ким Жон Ун Бээжинд ямар зорилгоор айлчилсан бэ гэдэг асуулт дэлхий нийтийн анхааралыг  татаж байна.

Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа, БНСУ болон АНУ-ын ерөнхийлөгчидтэй хийх дээд хэмжээний уулзалтын талаар авч хэлэлцсэн нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна. Нөхцөл байдал буруугаар эргэвэл ямар арга хэмжээ авахаа урьдчилан тооцоолохын тулд тэд өндөр хамгаалалт дор ийнхүү сэм уулзжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх дөрөв, тавдугаар сард тус тус дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон билээ. 

Ким Жон Уны Бээжин дэхь айлчлал бол 2011 онд Хойд Солонгосын удирдагч болсон түүний хувьд анхны гадаад айлчлал юм. Пхеньяны эсрэг олон улсын хоригийг Бээжин илт дэмжиж буй үед Ким Жон Ун гэнэтийн айлчлал хийж буй нь энэ ажээ.

Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгосын цөмийн пуужингийн туршилтуудыг тус улсын аюулгүй байдалд заналхийлж буй өдөөн хатгалга гэж үзсэнээс  болж эртний түнш хоёр улсын харилцаанд үл ойлголцол бий болсон юм. Ким Жон Уны хувьд энэ айлчлал шийдвэрлэх ач холбогдолтойгоос гадна Ши Жиньпинтэй анх удаа нүүр тулан уулзсэн байна.

Хятадын хувьд ч Ким Жон Уны энэ гэнэтийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буй нь тодорхой.  Учир нь дөрөвдүгээр сард болох Хойд, Өмнөд Солонгосын засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт болон тавдугаар сард болох Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын алинд ч оролцохгүй.

Нөгөө талаар Ким Жон Уны Бээжинд хийж буй айлчлал Хятад Улс олон улсын дипломат харилцаанд гол тоглогч гэдгийг баталж буй юм. Ши Жиньпин Ким Жон Уны дээд хэмжээний уулзалтын талаар ялангуяа Трамптай хийх уулзалтын талаар ихийг сонирхож байгаа нь гарцаагүй.

Ким Жон Уны энэ айлчлал Солонгосын хойгийн асуудалтай холбоотой геополитикийн ашиг сонирхол хааш чиглэж буйн нэг илрэл юм. 2017 онд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтуудаас үүдсэн Солонгосын хойг дахь эгзэгтэй тодорхойгүй нөхцөл байдал 2018 онд түр намжиж магадгүй гэж шинжээчид харж байгаа юм. Ямартаа ч 2018 онд Солонгосын хойгийн нөхцөл байдал өнгөрсөн оныхоос өөр болно гэдгийг Ким Жон Уны айлчлал баталлаа. Бээжин Пхеньянд хориг тавьж, шахалт үзүүлснээр энэ боломжийг олгох гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Бээжин  Хойд Солонгост тогтворгүй байдал бий болгохгүй гэдэг үүднээс Пхеньяны эсрэг хориг тавих шийдвэрийг хэрэгжүүлэхэд байнга хойрго хандаж ирсэн.

Пхеньян гарах гарцгүй байдалд орвол туршлагагүй залуу удирдагч урьдчилан тааварлах аргагүй, дэглэмийг сүйрүүлж ч мэдэх үйлдэл гаргана гэдгийг Ши Жиньпин сайн мэддэг.

Хятадын ашиг сонирхолтой зөрчилдөх хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт хэрэв Хойд Солонгос дахь коммунист дэглэм нуран унах нь  Хятадын Коммунист намд хортой үр дагавар авчирч болзошгүй. Хоёрдугаарт Хятадын хаагдмал хөрш үгүй болох нь Хятад, Хойд Солонгосын хилийн бүс нутагт тогтворгүй байдал бий болж, Хойд Солонгосын дүрвэгчид Хятадад хямрал авчрахаас гадна Солонгосын хойгт Америкийг дэмжигч улс бий болох аюултай билээ.

Дээрх шалтгаанаар Ши Жиньпин Ким Жон Уны Сөүл, Вашингтонтой хийх дээд хэмжээний уулзалтыг сонирхох нь гарцаагүй ажээ. Хятадын лидер Хойд, Өмнөд Солонгосын таагүй харилцаанд эерэг өөрчлөлт гарч буйг сайшаан хүлээж авсан.

Гэхдээ  Ши Жиньпин эрсдэлийг ч бас тооцсон бөгөөд ялангуяа Ким Жон Ун, Трамп нарын уулзалт ямар болохыг хамгийн ихээр сонирхож байгаа ажээ.  Солонгосын хойгт энэ онд ээдрээтэй нөхцөл байдал дахин дэгдэхгүй гэх газаргүй.

Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх тухай санах ч хэрэггүй хэмээн ярьж байсан Трамп Ким Жон Уны саналыг хүлээж авсан нь гэнэтийн зүйл болсон билээ.

Трамп-Ким хоёрын уулзалтаас хэн хожих вэ?

Пхеньян АНУ-ын аль ч эрэгт хүрэх чадалтай цөмийн пуужинтай болоход тун ойрхон очсон гэдгийг Трамп тун сайн мэдэж байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгосын хөөргөсөн тив хоорондын баллистик пуужин 4500 метрийн өндөрт хөөрч, Японы баруун эргээс 1000 км-ийн зайд унасан билээ. Ши Жиньпин, Ким Жон Ун нарын хэлэлцэх хамгийн гол асуудал нь Трамптай уулзах уулзалт гэдэг нь гарцаагүй. Трамп хэдийгээр Ким Жон Унтай уулзахыг зөвшөөрсөн ч түүнд Хойд Солонгосын талаар авч хэрэгжүүлэх том төлөвлөгөө бий гэдэг.

Гэвч Вашингтоны дараагийн алхам Хойд, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнөх яриа хэлэлцээнүүдээс ихээхэн шалтгаална гэж шинжээчид хэлж байна.

Гэвч Пхеньяны талаар явуулж буй АНУ-ын тэвчээр үндсэндээ шавхагдсан гэдгийг өнгөрсөн жил хэвлэгдсэн Трампын тухай  fire and fury”  ном харуулсан билээ.

Ямартаа геополитикийн ашиг сонирхол Солонгосын хойгт давхцаж буй энэ үед Хойд, Өмнөд Солонгосын хэлэлцээ амжилтгүй болж, Трамп Пхеньянд үзүүлэх шахалтаа ихэсгэж болзошүйг Ши Жиньпин анхааруулж магадгүй юм.


Ши Жиньпин Ким Жон Унтай уулзах мөч

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин хүлээж авсан ёслолын арга хэмжээний дүрс бичлэгийг Хонг Конгийн ‘South China Morning Post’ сонины эх сурвалжаас хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж