“Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал-Орон нутгийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2018.3.27/ боллоо.
Хурлын зорилго нь Монгол Улсын оршин тогтнох, аюулгүй байдалд чухал нөлөөтэй орон нутгийн хамгаалалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх. Мөн түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, гарах үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх. Түүнчлэн санал зөвлөмжийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах.
Хурлын үеэр орон нутгийн хамгаалалтыг хэрхэн зохицуулах талаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, профессор Я.Чойжамцаас тодруулахад “Монгол Улс оршин тогтнолдоо өөрсдийгөө хамгаалж ирсэн. Ингэхдээ олон арга ашигласан байдаг. Сүүлийн 70 гаруй жил ЗХУ-ын ивээл дор улс орноо хамгаалах бодлого барьсан. 1990 онд өөрчлөлт болсонтой холбоотойгоор энэ нь өөрчлөгдсөн. Тиймээс Монгол Улс өөрийгөө хамгаалах аргыг хайж байна. Үүний үндэс нь орон нутгийн хамгаалал байж болох юм. Орон нутгийн хамгаалал гэдэг нь шинэ ойлголт. Эрх зүйн хувьд орон нутгийн удирдлагуудын энэ чиглэлийн гүйцэтгэх үүргийг хуульчлах ёстой байгаа. Мөн орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулахад арга зүй, аргачлалыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Үүнд энэ хурал томоохон түлхэж болно” гэсэн юм.
Хурлын үр дүнд Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал, орон нутгийн хамгаалалтын талаарх ойлголт цэгцтэй болох юм байна. Мөн хурлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх гэнэ. Түүнчлэн хурлын илтгэлүүдийг эмхэтгэж эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах ажээ.
Р.Ренчиндулам