Д.Пүрэвсүрэн: Хүүхдэд өөрөө суръя, өөрөө хийе гэсэн сэдлүүдийг багаас нь суулгах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвсүрэн: Хүүхдэд өөрөө суръя, өөрөө хийе гэсэн сэдлүүдийг багаас нь суулгах хэрэгтэй

Д.Пүрэвсүрэн: Хүүхдэд өөрөө суръя, өөрөө хийе гэсэн сэдлүүдийг багаас нь суулгах хэрэгтэй

Таны хүү, эсвэл охин ирэх намар сурагч болох уу. Цэцэрлэгийн тоглоомын талбайгаас хичээлийн ширээнд шилжихэд бяцхан багачуудад маань ямар бэрхшээл тохиолдох бол. Тэр бүхнийг эцэг, эх, гэр бүлийнхэн бид хэрхэн даван туулах вэ. Энэ сэдвээр сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

– Зургаан настнуудын суралцах онцлогийн талаар мэдээлэл өгөөч?

-Цэцэрлэгийн бэлтгэл буюу төгсөх ангид байгаа зургаан настнууд маань одоо тоглоод, амраад өөрийн тааваараа л байгаа сайхан үе. Гэтэл энэ сайхан үе нь дуусч хичээлийн жил эхлэхэд тэд маань сургуульд явмааргүй байна гэж уйлж эхлэхэд эцэг эхчүүдэд хамгийн хэцүү байдаг. “Юм бичмээргүй байна”, “Гар өвдөж байна”, “Хэцүү байна” гэх зэргээр маш олон байдлаар эцэг эхдээ гомдоллож эхэлдэг. Заримдаа сургуульд явах болохоор л хүүхэд нь өвдчихдөг. Ийм асуудал зөндөө шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуульд орно шүү гэдгийг нь ойлгуулж, сэтгэл зүйг нь бэлдээгүйгээс ийм шаналал үүсдэг. Хүүхэд дургүй зүйлээ бие махбодиороо дамжуулан илэрхийлж байдаг. Хэрэв манай эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд орох сэтгэл зүйг бэлдчихвэл тулгарах асуудлууд болон хүндрэл арай бага гарах болов уу. Хүүхдүүд сургуульд явахдаа шантрах нь ч бага байх болно.

– Тэгвэл хүүхдийнхээ сэтгэл зүйг яаж бэлтгэх вэ?

-Мэдээж, хамгийн эхэнд сургуулийн эргэн тойронд хүүхдээ дагуулж яваад сургуулийн орчинтой танилцуул. Сургууль гэдэг ойлголтыг анх зөв өгч, яагаад хүүхэд тань сургуульд сурах ёстой вэ гэдэг шалтгааныг нь өөрт нь маш энгийн хэр нь эвтэйхнээр ойлгуулж тайлбарлах хэрэгтэй. Үүний дараа хүүхдээ биеийг нь даалгаж сургасан байх ёстой. Бие даах боловсролыг ихэнх хүүхдүүд цэцэрлэгтээ авдаг. Гэвч цэцэрлэгийн хомсдолоос болж ихэнх хүүхэд гэрээр хүмүүжиж байна. Гэртээ байж байгаад гэнэт л сургуульд орох нь гэрээр хүмүүжсэн хүүхдэд хамгийн хэцүү байдаг. Харин цэцэрлэгт явдаг хүүхдүүд харьцангуй бие даачихсан, үе тэнгийнхэнтэйгээ нийгэмшчихсэн, багш гэдэг ойлголтыг тэндээс авчихсан байдаг юм шүү дээ. Ингээд нийгэмшчихсэн хүүхдүүдэд сургуульд ороход харьцангуй бага хүндрэл гарна. Хамгийн чухал зүйл гэвэл хүүхдийн цаашид сурах хүсэл, эрмэлзэл, мэдлэг боловсрол өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэх тэр мэдрэмж 1-2 дугаар ангид нь тавигддаг. Харин хүүхэд анхнаасаа сурах үйл явц ядаргаатай зовлонтой гээд бодчихвол эцэг эх хэчнээн гуйж, үглэж, зодоод ч нэмэргүй. Ийм хүүхэд сурах хүсэлгүй л болж хүмүүждэг. Нэгэнт сурах дургүй болсон хүүхдийг дахин аливаа зүйлсэд сониуч болгож, суралцах сэдлийг нь төрүүлнэ гэдэг хэцүү асуудал болж хувирдаг.

– Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ албаддаг арга барил хамгийн буруу юм байна шүү дээ?

-Тийм шүү. Эцэг эхчүүдийн албадлагын арга барил нь хүүхдүүдийн ихэнх хүсэл зоригийг мохоож байдаг. Хүүхэд өөрөө суръя, өөрөө хийе гэсэн сэдлүүдийг нь томчууд бид өөрсдөө багаас нь дараад байдаг. Эсвэл зөнд нь хаячихдаг. Гэтэл зөнд нь хаясан хүүхдүүд заримдаа илүү ихийг сурсан байх магадлал байдаг. Яагаад гэвэл тэд өөрөө сонирхсон зүйлээ хүссэн хүсээгүй сураад эхэлдэг.

– Хүүхдийн суралцах арга барилыг хэрхэн олох тухай зөвлөгөө өгөөч?

-Хичээл хийлгэж сургана гэдэг бол эхний долоо хоногт хамгийн хүнд байх болно. Тоглож тоглож байгаад гэнэт хэдэн цагаар сууж хичээл хийнэ гэдэг тэр хүүхдийн хувьд маш том өөрчлөлт. Бас тэвчээр. Эхэндээ хүүхэд л юм болохоор томчуудын үгэнд ороод маш дуулгавартайгаар сууна. Гэвч хүүхдийг суулгаж сургана гэдэг маань өөрөө системчлэлтэй явах ёстой зүйл. Бид харин яадаг вэ гэхээр, хүүхдээ гэнэт л шууд 40-50 минутаар суулгах гээд зүтгээд байдаг. Үгүй ээ. Ингэхийн оронд та хүүхдээ эхний өдөр нь 10 минут суулга. Дараагийн өдөр нь таван минутаар хугацаагаа нэм. Өдөр өдрөөр уртасгаж суулгаж сурга. Ингэхгүйгээр хүүхдийг огцом 40 минут суулгачихвал тэр залхчихдаг. Залхаад эхэлбэл мэдээж хичээлдээ дургүйлхэнэ. Энэ насны хүүхэд 15 минут сууна гэдэг өөрөө тэр хүүхдийнхээ насанд бол хамгийн мундаг үзүүлэлт юм шүү дээ. Дээр нь өмнө нь харж үзээгүй олон үсгийг нь хүүхдэд автоматаар цээжлүүлэх хэрэгтэй болно доо. Энэ үед та аль болох үлгэр зохио. Тэр үсэгтэй холбоотой үлгэр, онигоо, жүжиг зохио. Бүр та тоглоом ч зохиож болно. Ингэвэл хүүхэд маш их баярлана. Ингэж л тэр хүүхдийн сурах гарааг эхлүүлнэ шүү дээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж