Испанийн цагдаа нар банкнаас нэг тэрбум евро буюу 1.2 сая ам.доллар хакердах гэмт хэргийг зохион байгуулсан кибер гэмт хэрэгтнийг баривчилжээ.
Карбанак болон Кобальт хэмээх нууц нэрээр үйл ажиллагаа явуулдаг кибер гэмт хэрэгтнийг Испанийн цагдаа нар АНУ, Ази, Европын цагдаа, тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилласны дүнд Испанийн Аликантэ хотоос баривчилсан байна.
Испанийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, 2013 оноос хойш Испанид зохион байгуулалттай гэмт хэрэг явуулж ирсэн, ОХУ, Украинаас гаралтай Денис К гэгчийг бүлгийн бусад гурван гишүүний хамтаар баривчилжээ. Европын цагдаагийн байгууллагын мэдээлснээр тус зохион байгуулалттай гэмт бүлэглэл 2013 оноос хойш дэлхийн 40 гаруй улс орны санхүүгийн 100 гаруй байгууллагад хакер ажиллагаа явуулсан гэнэ.
Тэд банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудын е-мэйл хаягаар дамжуулан тус байгууллагын компьютерт нэвтэрч, банк, санхүүгийн байгууллагын дотоод сүлжээ, серверийг хяналтдаа оруулдаг байжээ. Банк санхүүгийн байгууллагатай холбоотой мэдээллийг олж авсны үндсэн дээр тэдний нэрийн өмнөөс хуурамч шилжүүлэг хийн, АТМ-аас их хэмжээний мөнгө гаргаж авдаг байсан нь тогтоогдсон байна. Испанийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр кибер гэмт хэрэгтнүүдийг баривчлах үед цагдаа нар 500,000 еврогийн үнэт эдлэл, тансаг зэрэглэлийн машинууд, нэг сая ам.долларын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters