Гал түймрийн улмаас 64 хүн амиа алдсан Кемерово хотын худалдааны төвд очиж, нөхцөл байдлыг нүдээр үзсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түймрийг “санамсар болгоомжгүйгээс үүдсэн хэрэг” хэмээн шүүмжилжээ.
Шинжээчдийн хэлж буйгаар, Кемерово хотын “Өвлийн интоор” цогцолборт өнгөрсөн ням гаригт /2018.03.25/ гал гарах үед гал түймрийн дохиолол унтраалттай, гарцууд хаалттай байсан гэнэ. Гал түймэр юунаас болж гарсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа боловч ОХУ-ын Мөрдөн шалгах хороо “Өвлийн интоор” цогцолборын аюулгүй ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил, дутагдал байсан талаар мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түймэрт шатсан цогцолборын барилга дээр очихдоо “Энэ бол дайны талбар, уурхайн тэсэлгээний талбай ч биш. Хүмүүс хүүхдүүдтэйгээ амарч, алжаалаа тайлахаар ирдэг газар. Энд яагаад ийм олон хүн амиа алдав гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг” гэжээ.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэнээр цогцолборын галын аюулгүй байдлыг хариуцсан техникийн ажилтан гал гарсан тухай түгшүүр авсны дараа дохиоллын системийг унтраасан байна. Энэ хэрэгт тус хороо хариуцлага алдсан хэрэгт таван хүнийг сэжиглэн саатуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
“Өвлийн интоор” цогцолборт гал гарах үеэр гал түймрийн үед ашиглах гарцууд хаалттай байсан учраас барилга хүмүүсийн хувьд урхи болж хувирсан бөгөөд худалдааны төвд байсан хүмүүсийг гадагш гаргах ямар ч зохион байгуулалт хийгээгүй хэмээн Кемерово мужийн нэгэн улс төрч Антон Горелкин Фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түүгээр зогсохгүй галт унтраах хэрэгслүүд ч ажиллахгүй байсан гэнэ.
Гал түймэр ням гаригт орон нутгийн цагаар 17.00 цагийн орчим асч эхэлжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар гал хүүхдүүд тоглож байсан трамплинтай өрөөнөөс гарсан байж болзошгүй ажээ. Тоглож байсан хүүхдүүдийн нэг нь тамхины асаагуур асааснаас гал хөөсөн резинд асч, асар хурдан тархсан байж болзошгүй гэдэг урьдчилсан таамаг гарсан байна.
Гэвч ОХУ-д өмнө нь гарсан томоохон гал түймрийн гол шалтгаан нь цахилгааны доголдлоос үүссэн байдаг.
Эх сурвалж: BBC