Исланд ирэх зургадугаар сард ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бойкотлоно хэмээн мэдэгджээ.
Тус улс ОХУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрийг түр хугацаанд цуцлахаар болсон байна. Исланд дээрх шийдвэрийнхээ талаар тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайдыг нийслэлд дуудан авчирч, мэдэгдсэн гэнэ.
“Исландын бүх ойрын холбоотон болон түнш орнууд Солсберийн халдлагатай холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдсэн. Үүнд Умард Атлантын гэрээний орнууд, НАТО-гийн гишүүн голдуу орнууд багтсан. Энэ хүрээнд Исланд ОХУ-ын Засгийн газрын түвшинд байгуулсан яриа хэлэлцээрийг түр хугацаанд цуцлах арга хэмжээ авна. Мөн түүнчлэн Исландын эрх баригчид энэ зун ОХУ-д зохиогдох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ёслолын арга хэмжээнд оролцохгүй ” хэмээн тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн ОХУ-д ирэх зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулагдах юм. ОХУ тэмцээн зохион байгуулах эрхээ 2010 онд авсан билээ. Тэмцээнүүд ОХУ-ын Калининград, Казань, Москва, Нижний Новогород, Доны Ростов, Самара, Саранск, Сочи, Санкт-Петербург, Волгоград, Екатеринбург зэрэг хотуудад болох ажээ.
Эх сурвалж: Russia Today