“Би сарын өмнө дэлгүүрийн худалдагчийн туслахын ажилд орсон. Би тэнд гуравхан хоног л ажилласан. Ажлын цаг нь өглөөний есөн цагаас оройны 18.00 цаг гэж байсан ч, би орой 20.00 цаг хүртэл ажилладаг байсан. Тэгээд дөрөв дэх өдөр нь манай хүүхдийн хоолой өвдөж, халуураад, би даргадаа энэ тухай утсаар хэлсэн чинь дарга жаахан хүүхэдтэй хүнийг ажилд авахад ёстой хэцүү гээд намайг шууд халсан”..
Дээрх жишээ бол Дэлхийн банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдал” чанарын судалгааны фокус бүлгийн ярилцлагуудын нэг хэсэг нь юм. Судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Дэлхийн банкны төлөөллүүд өнөөдөр /2018.03.27/ танилцууллаа.
Хэрэв эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй адил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг олгосон бол нэг ажилчинд ногдох бүтээмж 7-18 хувиар өндөр байх байсан гэнэ. Түүнээс гадна, эмэгтэйчүүд 55 насандаа бүрэн тэтгэвэрт гарах боломжтой байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд энэ нь 60 нас байдаг. Дэлхийн банкнаас гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдтэй холбоотой хуулийн заалтууд ялгаатай байдаг 18 улс орны жагсаалтын есдүгээрт Монгол улс оржээ.
Хүүхдээ харахын тулд ажил хийхгүй байгаа гэх хариулт их байсан
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнгийн талаар ийн ярьж байна. Тэрбээр “Өнөөдөр чанарын судалгааны үр дүнг танилцууллаа. Чанарын судалгаа гэдэг нь өмнө нь байсан тоо үзүүлэлтүүд дээр нэмэлт мэдээлэл болгож жендерийн тэгш бус байдлын суурь шалтгаанууд нь юу болох тэдгээрийг арилгахад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг авч үзсэн. Хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн түрүүнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн оролцооны хувь хэмжээ маш их ялгаатай байхаас гадна авдаг цалингийн хэмжээ мөн ялгаатай байна. Эдгээр жендерийн тэгш бус байдлын суурь шалтгааныг фокус бүлгийн ярилцлагын үед судлахад эмэгтэйчүүдийн хэлж байгаагаар хөдөлмөр эрхлэх гэхээр хүүхдүүдийг нь харах, ахмад настнуудыг харах үйлчилгээ дутмаг, хангалттай биш байдгаас гэртээ суух гол шалтгаан болдог юм байна. Хүүхдээ харахын тулд ажил хийхгүй байгаа гэсэн шалтгааныг эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд илүүтэй тоочдог байна. Монгол Улс хууль эрх зүйн орчин болон бодлогын зохицуулалтын хүрээнд бусад Азийн орнуудтай харьцуулахад, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчин сайн. Гэвч эдгээр хууль дүрэм журмууд амьдрал дээр хэрэгждэггүй. Цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд харах үйлчилгээ, ахмад настнуудыг асран хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа хамгийн хүртээмж багатай байдаг хөдөө орон нутагт эдгээр үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв.
Монгол эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр идэвхгүй байдаг
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг “Судалгаагаар олон асуудлыг хөндөж гаргасан байна. Үүнтэй холбогдуулаад манай яамны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байгаа. Хуульд эмэгтэйчүүдийн жендерийн эрх тэш байдлыг таслан зогсоох, бууруулах чиглэлийн тодорхой заалтууд байдаг. Харин хэрэгжилт тал дээр алдаа оноотой зүйл байгаа. Тэгэхээр дээрх судалгаа биднийг ямар түвшинд байгаа, юун дээр алдаад байгаа вэ гэдгийг тодорхой гаргаж ирж байгаа болохоор цаашид алдаагаа засаад явах бүрэн боломжтой. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах цагийн уян хатан байдал, хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийг ажилд авах оролцоо тал дээр илүү анхаарал хандуулсан бодлого шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй.
Бусад улс орнууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоог тэгш оруулж өгснөөрөө хөгжлийг хурдасгаж болно үздэг. Харин монгол эмэгтэйчүүд боловсролын хувьд эрчүүдээс өндөр хирнээ хөдөлмөрийн зах зээл дээр эрэгтэйчүүдээс дутмаг идэвхгүй байна гэсэн үзүүлэлт гарсан. Үүний цаана мэдээж хүүхдээ харах, хөгшин настай эцэг эхээ асрах зэрэг асуудал байсаар байна. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтаад цэцэрлэг сургуулийг нэмж барих зорилтуудыг дэвшүүлээд ажиллаж байгаа” гэв.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг фокус бүлгийн ярилцлагад оролцсон эмэгтэйчүүдийн ярианаас жишээ татан хүргэе.
- Ажил хөдөлмөр эрхлээгүй олон эмэгтэй санхүүгийн болон сэтгэл зүйн дарамттай байдаг.
"Ажилгүй байна гэдэг сайхан зүйл биш. Санхүүгийн хувьд бусдаас бүрэн хамааралтай болно гэсэн үг. Өөрийн хүссэн юмыг худалдаж авахын тулд нөхрөөсөө асуух хэрэгтэй болно. Өөрөө ажилтай байхдаа би өөрийн мөнгөө өөрөө мэдэж зарцуулдаг байсан. Тэр үнэхээр сэтгэл ханамжтай зүйл байж дээ"
- Ахмад настан болон хүүхэд асрах үйлчилгээний чанар, тоо хэмжээ хангалтгүй гэж олон эмэгтэйчүүд үзэж байна.
"Би оёдолчноор мэргэжлийн сургалт дүүргэсэн. Би захиалгаар хувцас оёдог байлаа. Ээж маань 80 гарсан өндөр настай, хэвтэрт орсон болохоор би ажлаа хаяад, ээжийгээ хоёр жил харж байна даа"
- Эмэгтэйчүүд ажилд ороход болон ажил мэргэжлээрээ ахихад тулгардаг жендерт суурилсан хүндрэлүүд болон жендерийн талаарх нийгэмд хэвшсэн хэм хэмжээний талаар ярьж байна.
"Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн уламжлалт үүрэг хариуцлагын талаар ялангуяа ахмад үеийнхэн нэлээд хатуу тогтсон үзэлтэй байдаг. Жишээлбэл, эрчүүд нь адуу малаа харж, эмэгтэйчүүд нь үнээгээ сааж, хоол ундаа бэлтгэнэ. Эрэгтэй хүн өрхийн тэргүүн учраас ар гэрээ тэжээнэ. Эмэгтэй хүн гэр доторх асуудалд анхаарна. Магадгүй энэ нь тэдний хоорондох хамгийн том ялгаа байх"
Эдгээр хүндрэл бэрхшээлийг засаж залруулахын тулд жендерт суурилсан хүндрэлтэй асуудлуудад чиглэсэн хууль эрхзүйн орчин болон бодлогын зохицуулалтыг сайжруулснаар шийдвэрлэх боломжтой. Нэг чухал алхам бол хүйсээр ялгаварлан гадуурхах байдлыг хориглох хуулийн шаардлагыг тодруулж, жендерийн тусгайлсан шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан хяналт үнэлгээг сайжруулах явдал юм. Ахмад настан, хүүхэд асрах үйлчилгээг өргөжүүлэн сайжруулж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд өргөнөөр хамруулснаар ялангуяа хөдөө орон нутагт олон эмэгтэйчүүдэд ажлын байраа хадгалж үлдэхэд түлхэц өгөх юм. Эцэст нь ажил олгогчид, хүний нөөцийн менежерүүд болон нийт хүн амын дундах жендерийн хэм хэмжээ хандлагад нөлөөлөх урт хугацааны арга хэмжээнүүд шаардлагатай байгаа юм байна.