“Универсиад” наадам: 5 дахь өдөр

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Универсиад” наадам: 5 дахь өдөр

Хятадын Шенжень хотноо болж буй оюутны “Универсиад” их наадмын тав дахь өдөр буюу өчигдөр болсон тэмцээн, уралдаанд Монголын баг тамирчид хэрхэн оролцсон талаарх мэдээлэл хүргэе.

Наадмын байт харвааны тэмцээний багийн төрөлд Монголын эмэгтэйчүүдийн баг шилдэг 16-д шалгарсан ч БНСУ-ын багт хожигдсоноор тэмцээнээ орхилоо. Өнөөдөр хувийн шигшээ харвалтын тэмцээн явагдаж, Н.Амармэнд, Б.Золбоо, Б.Нямцэцэг, У.Оргил, Ч.Оюунсүрэн, А.Энхтуяа нарын оюутан тамирчид цэц сорьж байна. Спортын дэд мастер Н.Амармэнд үзүүлсэн амжилтаараа Спортын мастерын болзол хангасан байна.

Усанд сэлэлтийн 100 метрийн өврөөр сэлэлтийн тэмцээнд Ц.Нямдалай /1.04.30/, Спортын мастер Б.Бүтэх-Үйлс /1.15.30/, Э.Бямбасүрэн /1.15.7/  нар Канад, Энэтхэг, Пакистан, Саудын Араб, Оманы тамирчдыг ардаа орхисон. Энэ төрөлд эхний хоёр байрыг АНУ-ын тамирчид эзэлсэн бол гуравдугаар байрт Укрианы тамирчид шалгарчээ. Харин 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Б.Бүтэх-Үйлс  1.13.28, Э.Бямбасүрэн  1.15.37 цагийн амжилд үзүүллээ. Өнөөдөр 100 метрийн эрвээхэй сэлэлтийн тэмцээнд Спортын мастер Б.Дөлгөөн, СДМ Н.Цогжаргал нар өрсөлдөнө.

Жүдо бөхийн тамирчдын хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Чинбат эхний тойрогтоо Армены тамирчин Григор Иваныг цэвэр, дараагийн тойрогт гоц мөргөн хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын тамирчин Ян Су Ёныг өчих мэхээр цэвэр  ялаад,  ОХУ-ын тамирчин Роберт Мишвидобадзетэй барилдан  юүко үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн болзол хангасан. О.Чинбат алтан медалийн төлөөх барилдааныг БНСУ-ын тамирчин Ким Вон Жинтэй хийж, үүрэх мэхэнд нь вазари үнэлгээ алдаж, өөрийнхөө суух мэхэнд орж оноогоор хожигдсон байна. Харин Үнэмлэхүй жинд барилдсан А.Давааням эхний тойрогтоо Унгарын бөхийг давхар ачих мэхээр цэвэр ялаад, Гүрж улсын бөхөд цэвэр ялагдсан. Торгуулийн барилдаандаа Укриан болон Германы  бөхчүүдийг цэвэр ялсан ч удаахь барилдаандаа Бразилийн бөхөд ялагдсан байна. Хэрэв Бразилийн бөхийг ялсан бол хүрэл медаль хүртэх боломжтой байлаа. Жүдочид өнөөдөр багийн барилдаанд хүч үзэж байна.

“Универсиад”-ын буудлага болон таэквондогийн тэмцээн маргааш эхэлнэ.


МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж