Д.Одбаяр: Та бүхний ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Д.Одбаяр: Та бүхний ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Д.Одбаяр: Та бүхний ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Япон Улсын Нагояагийн Их сургуулийн Удирдах зөвлөлийн Ази хариуцсан дэд захирал, профессор Исода Фүмио, профессор Кацуа Ичихаши нарыг  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр профессор Исода Фүмио Нагоягийн их сургууль Монгол Улсын их сургуулиудтай эрдэм солилцоо, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, хамтарсан судалгааны төсөл, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын төрийн албан хаагч, шүүгч нар ажлаа хийхийн зэрэгцээ  докторын боловсрол олгох сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.Цаашид  энэ хөтөлбөрт  магистрын зэрэгтэй хуульч, судлаач, багш нар зэрэг олон салбарын  хүн хамрагдаж үргэлжлүүлэн суралцах боломжтой бөгөөд хөтөлбөр нь япон, монголын судлаачид  хамтран судалгаа хийх үүд хаалгыг нээж өгөх  болно хэмээн харж байна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд япон, монголын хуульчид харилцан туршлага солилцох боломж бүрдэхийн сацуу олон улсын эрх зүйг судлаачид олон  болно гэж найдаж  байгаагаа тэрээр илэрхийллээ.

 Япон болон монголын  захиргааны хэргийн  шүүхийн үйл ажиллагааны харьцуулсан эрх зүйн судлалын  чиглэлээрх хэлэлцүүлгийг өчигдөр Улаанбаатарт зохион байгуулсныг дурдаад сайхан хэлэлцүүлэг болсон гэж тэрээр үнэллээ.

Сүүлийн үед Япон улсад Үндсэн хуулийг шинэчлэх шаардлага байгаа талаар судлаачид ярих боллоо.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид Японы Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр суралцах боломжтой талаар  профессор Исода Фүмио ярив.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хариу хэлсэн үгэндээ, Монгол Улс, Япон Улсын хоорондын эрх зүйн салбарын харилцааг  нэлээд эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай  гэсэн бодолтой байгаагаа онцлон хэллээ.

Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ, дэлхий ертөнцийн даяарчлал, улс орнуудын харилцаа улам нягт болж байгаатай холбоотой  Англи-Саксони, Эх газрын зэрэг эрх зүйн бүлүүд хоорондоо асар их ойртож байна.

Ийнхүү эрх зүйн холимог тогтолцооны  хамгийн том жишээ бол Японы эрх зүйн тогтолцоо юм. Гадаад харилцаа улам өргөжин тэлэх тусам үндэсний тогтолцоо олон улсын эрх зүйн тогтолцооноос  хамаарах харилцаанд аливаа улс орон  орж байна. Япон Улсын эрх зүйн тогтолцоо маш том жишээ бөгөөд түүнээс  суралцах зүйл  бидэнд их бий.Энэ зорилгын хүрээнд Японы Нагоягийн их сургуулиас хэрэгжүүлж буй  хөтөлбөр, тус сургууль  Улаанбаатарт төлөөлөгчийн төвөө нээн ажиллуулж байгаа нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Аливаа   хамтын ажиллагааг хөгжүүлэх  хамгийн гол нөхцөл бол хүмүүсийн харилцаа байдаг. Тиймээс олон хүн хөтөлбөрт  хамрагдан төгсөж  улмаар мэдлэг, эрдэм боловсролоо дээшлүүлснээр  ийнхүү хамтын ажиллагаа, Та бүхний ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд профессор Исода Фүмио хүмүүс хоорондын харилцааны ач холбогдлын талаар  Үндсэн хуулийн цэцийн даргын хэлсэн үгтэй санал нэг байна гээд хүмүүсийн харилцаа болон япон, монгол хуульчдын хамтын ажиллагаагаар уламжлан манай  хоёр орны гадаад харилцаа улам хөгжихийг хүсч байна гэдгээ онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж