4-р сард ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

4-р сард ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай

4-р сард ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай

Энэ сарын дунд үеэс Монгол орны нийт бүс нутгаар дулаарч цаг агаар харьцангуй тогтвортой байлаа. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна гэдгийг холбогдох байгууллагууд анхааруулж байсан. Ирэх сард цаг агаарын төлөв ямархуу байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр ирэх сард салхи шуургатай байх бололтой. Энэ асуудлаар ЦУОШГ-ын мэргэжилтэн Ч.Сарантуяагаас зарим асуултад хариулт авлаа.

-Дөрөвдүгээр сард цаг агаарын ерөнхий төлөв байдал ямар байх вэ? Энэ сарын сүүлээр нутгийн зарим хэсгээр сэрүүсэх төлөв ажиглагдаж байна?

-Гуравдугаар сарын 31-ээс хойш цаг агаар тогтворгүй, хүчтэй салхи шуургатай байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн ихэнх хэсгээр салхи шороон шуургатай. Хойд талын нутгаар хур тунадас орох төлөвтэй. Ялангуяа төвийн  аймгуудын  нутгийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй байна. Харин сарын эхээр температур нэлээн сэрүүсч байгаа. Зарим аймгийн нутгаар цас бүрэн хайлаагүй байна. Тухайлбал, энэ сарын сүүлчээр Увс, Завхан, Дархадын нутгуудаар шөнөдөө 10-15 хэм хүйтэрнэ. Өдөртөө 0-5 орчим дулаан байна. Говийн бүсийн нутгуудаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн хононо. Өдөртөө 5-10 хэм дулаан байна. Тал хээрийн бүс нутгаар 2-9 хэм хүйтэн хонож өдөртөө 1-9 хэм орчим дулаан байх төлөвтэй байна. Ерөнхийдөө дөрөвдүгээр сарын дунд үеэс зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй.

-Ирэх долоо хоногоос сэрүүсэх төлөв ажиглагдаж байна л даа? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ирэх долоо хоногоос цаг агаар сэрүүсэх төлөв ажиглагдаж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар говь болон зүүн аймаг, тал хээрийн нутгаар салхины хүч 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүртэл ширүүсэж нэлээн хүчтэй шороон шуургатай. Хойд талын нутгуудаар хур тунадас орж, нойтон цас орохыг иргэд анхаарах хэрэгтэй байна. Мөн ирэх сард Увсын нутаг, Завханы хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

-Дөрөвдүгээр сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа гэсэн?

-Дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн дунд үеэр өндөр уулархаг нутгаараа нойтон цас орно. Мөн говийн нутгуудаар нойтон цас орж, хүчтэй салхитай байна. Сарын дунд үед нутгийн ихэнх хэсгээр цаг агаар тогтворгүй хур тунадастай, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Мөн говь талын нутгуудаар хүчтэй салхитай. Ихэнх нутгаар 14-16 м/сек салхитай байх нь. Ялангуяа говь талын бүс нутгаар зарим үед салхины 18 м/сек хүртэл ширүүсэж болзошгүй. Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Сард орох нийт хур тунадасны хэмжээ уур амьсгалын дундажтай харьцуулахад нутгийнхаа төв хэсэг ялангуяа, Хөвсгөлийн зүүн, Архангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсэг мөн Сэлэнгийн баруун, Алтайн өвөр нутаг Ховд,Говь-Алтай, Баянхонгорын нутгаар дунджаас хур тунадас ахиугаар орох төлөвтэй. Энэ жил харьцангуй эрт дулаарлаа.

Цаашдаа дөрөвдүгээр сар гараад ихэнх нутгаар салхи шуургатай байна. Ерөнхийдөө гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд цаг агаар тогтворгүй байдаг. Гуравдугаар сарын 20-ны хүчтэй дулааралтын улмаас Дорнодын хойд талаар түймэр гарсан байгаа. Тиймээс хуурайшилт эхэлж байгаа энэ үед иргэд ой хээр, ахуйн түймрээс онцгой сэрэмжтэй байх үе ирж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж