Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
Жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
87-н жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Тэгвэл энэ оны сонгодог жүжгийн өдрүүд маань өнөөдөр В.Хюго ‘Парисийн дарь эхийн сүм’ жүжгээр эхлэж байна.
Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР