Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн

Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн

Хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.


-Энэ сарын 27-нд та “Мандтугай” сэдвээр лекц унших юм байна. Хүний төлөө нам чимээгүйхэн ажилласаар байгаа нь эдүгээ өөр хоорондоо зодолдоод, тэмцэлдээд байгаа намуудаас ялгарч чадаж байгаагийнх юм уу даа. “Мандтугай” лекцээр юуны тухай ярих вэ, ямар утга учиртай юм бэ?

-Шууд утгаараа, “Мандтугай” гэж нэрлэсэн. Энэ үгийг бид Төрийн дуулалдаа хуульчлаад биччихсэн. Мөн Төрийн билэг тэмдгийн тухай хуулиар хамгаалагддаг юм шүү дээ. Миний хувьд гэмт хэрэг судалдаг, эрүүгийн эрх зүйч, товчхондоо нийгмийн муу муухайтай тэмцэх мэргэжлийг сонгочихсон, Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Миний байх газар шүүх, прокурор, цагдаа, хэрэгтэн, хохирогч гээд энэ нэр томьёонуудын хүрээнд л ажиллахаар заяагдсан хүн. Сүүлийн 20-иод жил хүний эрх, төрийн эрхийн хоорондын хамаарлын талаар судаллаа. Яавал нийгэмд аль болох хүн тайван, жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах вэ гэдэг талаар судалгааны ажлаа хийдэг. Төр бол өөрөө үйлдвэр. Юу үйлдвэрлэдэг вэ гэхээр нийгмийн асуудлуудыг үйлдвэрлээд аз жаргал болгох ёстой юм. Үүнийгээ хуульд тусгахдаа “хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулна” гэсэн боловч өнгөрсөн 28 жилийн дотор иргэдийн хийгээд төрийн болон улс төрийн албан тушаалтнуудын амьжиргааны түвшний ялгаа улам тод харагдах болсон. “Мандтугай” лекцийн тухайд энэ үгийн утга учрыг олон нийт ойлгоосой. Энэ бол мандаж бадрах болтугай гэсэн ерөөлийн үг. Төрийн далбаандаа нар, сар, гал гурвыг билэгдэн мөнхөлсөн Монгол Улсын иргэн бүр сэтгэлдээ галтай байгаасай. Өөртөө итгэх, улс орноо сэргэнэ, дэвжиж хөгжинө гэсэн итгэл нь сэргээсэй. Монгол хүний үнэлэмж, монголчуудын авдаг бүх төрлийн хөдөлмөрийн үнэлгээ өсөх ёстой. Улсаараа өртэй, иргэд нь өртэй гэж бүү гунд. Монгол Улс энэ хэмжээний өрийг дарж чадах баялагтай, иргэд нь чадамжтай гэдэгт итгэл дүүрэн яваасай гэсэн ухаарлын лекц байх юм. Гол нь энэ өгөгдөл дээр төрийн шударга үйл ажиллагаа, улстөрчийн зөв хандлагыг нэмбэл гутарч гундаад байх шалтгаан алга гэдгийг хаана хаанаа бодож өөдрөг байх сэдлийг өгөх гэж энэ лекцийг уншихаар төлөвлөсөн юм.

-Таны хувьд дээр хэлсэнчлэн болохгүйд нүд хурц байж эсэргүүцлийн жагсаал хийх нь олонтаа байсан. Хүний төлөө нам тань ч “даруухан” байна.

-Намын хувьд айхавтар улстөржих, эсэргүүцэхийн төлөө л эсэргүүцээд байя гэсэн бодлоготой биш юм шүү дээ. Анхнаасаа “Иргэний шударга шүүх”-ийн төлөөх ТББ маань үзэл баримтлал нь хэвээрээ. ТББ маань болон бусад ТББ, хамтран зүтгэгчдийнхээ “цаашид ч сонгуульд оролцож болох тэр зам чөлөөтэй байх ёстой” хэмээн зөвлөсөн, шаардсанаар улс төрийн нам болж бүртгүүлсэн. Миний эх орон тайван улс орон. Асуудлыг эвээр шийдэх, харилцан ярилцаж гарц олох үүднээс иймэрхүү хэлэлцүүлэг, лекцийг цаашид ч олон удаа хийхээр төлөвлөж байна.

-Хүний төлөө нам, Иргэдийн шударга шүүх гэхчлэн эдгээр байгууллага хуулийн байгууллагын ажилтнуудыг шүүмжлэх нь олонтаа таарч байсан ч ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг харин өмөөрч байсан удаатай. Яагаад тэр вэ?

-Монголд өнөөдөр шударга хүн амьдрах боломжгүй болж. Хуулийн байгууллагын ажилтнууд хүртэл хүссэн, хүсээгүй “новшийн юм”-тай хутгалдаж л амьдарч байна шүү дээ. Манай цагдаагийн байгууллагаас ч үүнийг харж болно. Хэдэн хурандаа нар нь улстөрч дагаж гүйцгээгээд л байгаа. Бүгд л манай үеийнхэн. Гэтэл Б.Хурцыг хар. Генерал хүн тийм л байх ёстой. Зангаргийг нь хар, нүдний харц нь хүртэл өөр байгаа биз дээ.

-Мэдээж бахархалтай байсан л даа. Гэхдээ ТЕГ-ын дарга асан тэгж ярих нь төрийн нууцыг задруулсан хэрэг болохгүй биз?

-Манайд нууц байхгүй болсон шүү дээ. Нууц биш болсон “нууц”-ыг л дэлгэсэн. Сайд дарга нар хүртэл төрийн нууцад хамаарах асуудлаа сошиалаар ярьчихдаг л болсон шүү дээ.

-Та Б.Хурцыг сайн таних уу. Яагаад холбож бичээд байдагт шалтгаан, шалтаг байдаг л байх?

-Танина. Биднийг холбож бичдэг нь үнэн. Английн ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэдэг ч худлаа биш. Гэхдээ одоо бол түүний ярьсан асуудал, түүнтэй холбоотой хэрэг явдлууд илүү чухал сэдэв байх. Хэрэв би Б.Хурцын оронд байсан бол яах бол гэж хааяа боддог л юм. Төрөөс өгсөн даалгаврыг биелүүлэхээс аргагүй. Надад үүрэг өгөөд “Энхбатыг аваад ир” гэсэн бол тэр үүргийг гүйцэтгэж л таарна. Тийм биз дээ. Гэтэл  хүний нутагт үүргээ амжилттай биелүүлээд ирмэгц, бүр хилээр орж ирэнгүүт нь прокурор нь хорих тогтоол үйлдээд Ганц худагт аваачаад хорьчихож байгаа юм. Энэ бол тухайн үеийн хууль завхруулагчдын үйл ажиллагаа. Хулгай хийсэн бол төрийн даалгавраар хийсэн хулгай. Энэ талаас нь харахад Б.Хурцыг өмөөрөхөөс аргагүй. Надад ч гэсэн тэгж гадаадад үүрэг гүйцэтгэх тушаал өгсөн бол би биелүүлнэ. Ийм даалгавар биелүүлсэн хүн амиа ч алдаж болно. Монголын түүхэнд ийм тохиолдол зөндөө шүү дээ. Түүний төлөө  хэн ч хэнийг өмөөрч хамгаалдаггүй. Тангарагтаа үнэнч ажиллаж байгаа, төрийн тангарагтнуудаа хамгаалах цаг болсон.

-Түүний зарлан хийлгэсэн хэвлэлийн бага хурал, телевизийн ярилцлага олон гэмт хэргийн, хэрэгтний далд бүхнийг ил болголоо. Тэгж яриагүй бол “Эрдэнэт үйлдвэр”, түүний өртэй холбоотой одоогийн хэргүүдийг мэдэхгүй ч өнгөрч болох байж гэж санагддаг?

-Ц.Нямдорж 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд телевизийн ярилцлагад Б.Хурцаас болж орсон. Энэ үеэр тэрбээр шүүх ялзарсныг харууллаа. Өөртөө ашигтай шүүхийн шийдвэрийг гарахаар шүүх сайн гээд, таалагдахгүй шийдвэр гарахаар нь шүүх ялзарсан гээд байна. Намтраас нь харахаар 1981 оноос хойш хууль зүйн салбарт, 1990 оноос хойш бол удирдлагын түвшинд ажилласан байдаг. Гэтэл би дөнгөж 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд хэсгийн төлөөлөгчөөс нь эхэлж ажилласан. Эдийн засгийн албанд байхад дөнгөж авлига гэгч ил гарч элдэв саналууд ирдэг байсан.  Жишээ нь, би дэд даргынхаа нөмөр нөөлөгт орвол бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоо тогтоох, тэднээс хөндийрвөл ажил, амьдралын баталгаагүй байх тийм л сонголттой байлаа. Ийм харилцаа явсаар одоо бидний яриад байгаа хөрөнгөөр холбогдсон хуйвалдааны эхлэл тавигдсан. Гэвч тэдний зарим эд, эс өөрөө өөрийгөө устгаж эхэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж