Хятадын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ онд төлөвлөсөн дээд хэмжээний айлчлалд бэлтгэж эхэлснийг Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэ онд Хятадад айлчлахаар төлөвлөж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтын үер Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийх ажээ.
ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр Путины айлчлал зургадугаар сард Циндаод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (SCO) дээд хэмжээний уулзалттай давхцаж байгаа гэнэ.
2017 онд ОХУ-д айлчилсан Хятадын дарга Ши Жиньпин арваннэгдүгээр сард болсон Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцсон.
Энэ уулзалтаас хойш Хятадын дарга Ши Жиньпин намын дүрэмд өөрчлөлт оруулж, бүх насаараа улсыг удирдахаар болсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдож, дахин зургаан жил бүрэн эрх хэрэгжүүлэхээр болсон билээ.
ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдлаас болж барууны орнууд тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан билээ. Харин Бээжин Москвад эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн хэвээр байгаа бөгөөд Хойд Солонгос болон Сирийн асуудал дээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр нэг нэгнээ дэмжсэн санал өгдөг.
ОХУ, Хятад хоёр улс АНУ-ыг Солонгосын хойгт цэргийн хамтарсан хээрийн сургуулилт явуулахыг эсэргүүцсэн билээ.
Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны гишүүнээр элссэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (SCO)-ыг Ази, Ойрх Дорнод дахь барууны нөлөөллийн эсрэг, НАТО-той өрсөлдөх байгууллага бий болгох зорилгоор байгуулсан.
Зургадугаар сард болох Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтаар Хятадын “Зам ба бүс” эдийн засгийн төслийг хэрэгжүүлэх, (SCO)-ыг нэгдмэл, үр ашигтай, нөлөөтэй болгох арга замыг хэлэлцэх юм байна.
Эх сурвалж: CNN