У.Хүрэлсүх хөгжлийг сэрээх үү ?

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх хөгжлийг сэрээх үү ?

У.Хүрэлсүх хөгжлийг сэрээх үү ?

У.Хүрэлсүхийн Засгийн газар удахгүй хагас жилийнхээ ойтой золгоно. Энэ бол нийгмийн хүлээлтэд юу хийж чадах вэ гэдгээ харуулахад бас ч чамлалтгүй хугацаа. Хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн парламентын гишүүн биш ч гэлээ УИХ-д 65 суудалтай ууган намын даргын тамгыг давхар атгаж байгаа гэдгээрээ тулгамдсан асуудлыг шийдэж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд түүнд улс төрийн бяр дутна л гэж лав байхгүй. Үүнийгээ ч тэр мэдэхийн дээдээр мэдэж буй.

Намаа зангидаж, засгийн залуураа бат атгаж чадсан түүний хувьд одоо улс орноо том зургаар нь харж 2020 оноос урьтаж эдийн засгаа бүрэн эрүүлжүүлэх, Засгийн газрынхаа Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх их ачаа оногдож байна.

Ерөнхий сайд саяхан Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг баруун аймгуудад томилолтоор ажилласан. Ингэж явахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой” гэдгийг онцолсон. Бас аливаа асуудлыг “судалж байна” гэж иргэдийн цаг завыг үрэлгүй алгуурлалгүй шийдэж байх талаар орон нутгийн удирдлагуудад хатуухан анхааруулаад авсан. Өөрөө ч иргэдийн асуусан асуултад тов тодорхой хариулт өгч, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь хариу өгч, шийдэл гаргаж байсан нь иргэдэд тун ч их таалагдлаа.

Ганцхан жишээ хэлэхэд, Ховд аймагт ажиллахдаа олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэдгээ шулуухан хэлж, бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, энэ чиглэлээр илүү хурдтай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орчихвол баруун аймгууд эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Тэгээд зогсохгүй хямд үнэтэй эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, энэ хэрээр үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломж өргөжих учиртай. Үүний дам өгөөж нь ажлын байрыг олноор бий болгож хотыг чиглэсэн иргэдийн нүүдэл, харийг зорих залуусын цуваа татрахад тусаа өгнө.

Баруун бүсэд тулгамдаж буй бас нэг асуудал нь барилгын материал, тэр дундаа цементийн өндөр үнэ болоод байгааг иргэд Ерөнхий сайдад уламжилж байсан. Хэрвээ Ховдод цементийн үйлдвэр байгуулчихвал орон сууцны барилгын үнэ өртөг одоо байгаагаас огцом буурч, олон айл шинэ байранд тохь тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ гэдгийг хүмүүс учирлаж байлаа.

Нийслэлээс 1600 гаруй км алслагдсан Ховд аймагт цементийн үйлдвэр барих шийдлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гаргаж, Ч.Сайханбилэгийн үед Засгийн газрын тогтоолоор албажуулсан түүхтэй. Одоо харин энэ тогтоолыг хэрэгжүүлж амь оруулах, засгийн бодлогын залгамж халаа, төрийн бодлогын түүчээг үргэлжлүүлэх түүхэн үйлсийг У.Хүрэлсүх ойрын үед бүтээж чадвал баруун аймгийн иргэдээс том оноо авах нь ойлгомжтой. Эмнэлэг, цэцэрлэг шинээр барих ажлыг шуурхайлж, эрчим хүч, цементийн үйлдвэртэй болгох амлалтаа хэрэгжүүлнэ гэж шийдтэй дуугарсан Засгийн газрын тэргүүнд иргэд талтай байна.

Одоо У.Хүрэлсүхийн хувьд өөнтөгч өрсөлдөгчдийнх нь зүгээс зүүхийг санаархаж буй “Лоозонгийн Засгийн газар” гэх хочоос холдож, “Хөгжлийн Засгийн газар” гэх хүндтэй нэр хүртэх боломж гагцхүү түүний гарт л байна. Юутай ч түүний энэ удаагийн томилолт цөхөрсөн хүмүүсийн итгэлийг сэргээж, царцсан хөгжлийг сэрээх найдвар байгааг харууллаа. Хөгжлийг сэрээх үү гэсэн асуултад тэр л өөрөө хариулт өгнө.

Т.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж