МИАТ-ийн дараагийн захирал хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн дараагийн захирал хэн бэ?

МИАТ-ийн дараагийн захирал хэн бэ?

“МИАТ дампуурвал Монгол Улс өөрийн гэсэн агаарын тээвэргүй болно”. Энэ үгийг “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир энэ оны нэгдүгээр сарын 12-нд хэлснийг хэвлэлээс уншиж билээ. Гэхдээ “МИАТ дампуурсан ч Монгол Улс өөрийн гэсэн агаарын тээвэртэй байх л болно” гэж бодогдоод өнгөрсөн. Харин өнөөдөр “Тамир огцорвол МИАТ яах бол” гэдэг асуулт төрөв. Үүнийг батлах гэсэн мэт салбарын сайд нь ч түүнийг “явуулахаа” ярилцлагадаа илэрхийлчихэж. Т.Тамир огцорвол шинэ захирал ирнэ. Тэр шинэ захирал нь ямартай ч “МИАТ дампуурвал Монгол Улс өөрийн гэсэн агаарын тээвэргүй болно” гэдгээс өөрөөр боддог, хийдэг хүн байх болов уу гэж найдаж байна.

“Чих дэлссээн”. МИАТ ТӨХК-ийн дараагийн захирал нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр болох магадлал хамгийн өндөр байгаа гэнэ. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа, Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрдэж төрийн нарийн бичгийн бүх даргыг “үдчихээд” байхад нэгэн хуучин ТНБД тунаж үлдчихээд анхаарал татаад байсан нь Д.Баттөр. “Яаж зүгээр явуулах вэ” гэсэн шиг тендерийн мөнгийг арай л хурдан гаргаж өгөөд байна уу даа гэхчлэн арга ядсан “шошго” зүүж арайхийн түүнээс “салсан” юм гэдэг. Тэгэхээр “хий багатай, өө ховортой” хатуу самар байж мэдэх юм.

Төрийн нарийн бичгийн дарга нар Төрийн өмчит компаниудын ТУЗ-ын даргаар ажилладаг, тендер, концесс зэргийг шийдэх эрх мэдэлтэй оролцдог. Харин энэ талдаа одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд, тухайн үед С.Батболдын Засгийн газарт ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан “нэг ангийн ТНБД” болох Ж.Бат-Эрдэнэтэй нэлээд дотно, санал их нийлдэг, тэр тусмаа төрийн өмчит байгууллагын үрэлгэн байдал, тансаглалтай тэмцэхдээ “доз хэтрүүлдэг”-ээсээ болж зарим хүний дургүйг хүргэж “зуугдсан” ч тал байдаг гэх юм билээ.

Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого “экс хоёр ТНБД”-ынхтай өнцөг нэг байгаа биз. Магадгүй үүнээс үүдэн салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ”-ын захирлыг Ерөнхий сайдын нөлөөгүй томилно” гэж давж дуугарсан байж болох юм.

Одоогийн захирал Т.Тамирын тухайд АТГ-аас агаарын тээврийн үндэсний компанийг удирдахаар ирсэнд “МИАТ”-ынхан талархах гэхээсээ илүү “хөгжилдөж”, бас “хэгжүүрхэж” угтсан нь саяхан. Тухайн үедээ удам дамжсан бараг “тэнгэрт өтөлсөн бүргэд” гэгддэг Г.Жаргалсайхан гавьяатын “шилийг хазаж” ирсэн, нас зүсээр ч, мэргэжил туршлагаар ч ёстой л эрс тэс фигур ирсэн нь тэр.

Тусгай албаны, “дипломатчик” захирал залуу хүний хувьд энэ их айлаас багагүй туршлага хуримтлуулсан биз. Харин гурван сая ам.долларын алдагдал гэдэг тоглоом биш. Тэр тусмаа “Хэвлэлүүд зохион байгуулалттайгаар тэгж бичээд байна” гэж сайддаа ховлоод бүр ч амжилт олохгүй л болов уу. Аудитын шалгалтын дүнд өөр ямар асуудал гарч ирэхийг ч таашгүй. Ямартай ч “онгоцны наймаа” гэдэг бол онгоцоор олон ниссэн хүн бүрийн хийчихдэг ажил биш ээ. Одоо энэ салбарт мэргэжлийн, тэр тусмаа бүр зангарагтай эдийн засагч хэрэгтэй байна. Тэгвэл гаднаас түрээсэлсэн онгоц, ямар дүрэм журмаар “худалдан авалт буцсан”, буцааж өгснөөс үүдсэн хохирлыг олон улсын жишгийн дагуу “санхүүгийн хэлээр” төрийн нэрийн өмнөөс ярьж гурван сая ам.долларын “тулган шаардалт” бүхий алдагдлаас аврагдах боломжтой. Магадгүй энэ үүднээс “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар яригдаж байгаа нэр бүхий хүмүүсээс Д.Баттөрийг хамгийн өндөр магадлалтай нь гэж үзсэн байж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж