Хүүхдээс илүү ялтныг халамжилдаг төр

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Хүүхдээс илүү ялтныг халамжилдаг төр

Хүүхдээс илүү ялтныг халамжилдаг төр

Хэдэн төл авсныг бус хэчнээн хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлснийг нь асуугаарай

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл та бүхнээс эрх мэдлийнхээ хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болгоход сэтгэл тавьж ажиллахыг нийтлэлийн эхэнд хүсье. Манай сонин шинэ оны өмнөхөн хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгэмд хандсан цуврал сурвалжилга бэлтгэсэн. Энэ үеэр хүүхэд хамгааллын 108 утасны дэргэдэх хамгаалах байранд гурван настай охин ээжтэйгээ хамт байрлаж байхтай таарсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар эцэгтээ хүчирхийлүүлсэн тэр бяцхан амьтан хамгаалах байранд долоо хоноод гарсан байна. Угаасаа ч долоо хоногийн хугацаанд л байрлуулах журамтай юм билээ. Гэтэл эргээд гэртээ очих аргагүй болсон ээж, охин хоёр тэндээс гараад арга буюу олон жилийн өмнө орхиж гарсан төрсөн нутгаа барааджээ.

Тэднийг хамгаалах байранд байрлуулахаас гадна өөр ямар үйлчилгээ үзүүлснийг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас тодруулахад “Дэлгэрэнгүй хэлэх боломжгүй, гэхдээ бүх бүртгэл хийгддэг” гэсэн учир битүүлэг бас хаалттай хариулт өгсөн юм. Бид хүүхдийн хүчирхийллийн эсрэг сурвалжилгын сүүлчийн цуврал болгож холбогдох байгууллагын төлөөлөлтэй редакцын уулзалт хийж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх зайшгүй шаардлагатайг хөндсөн. Редакцын уулзалтын зочин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх энэ ажлыг нэн даруй эхлүүлж, анхаарч ажиллахаа илэрхийлсэн ч өнөөг хүртэл бодит ажил хэрэг болоогүй байна. Энэ тухай О.Алтансүхээс эргэн тодруулахад “Энэ чиглэлээр олон жил ажилласан ТББ-ыг түшиглэн нөхөн сэргээх төв байгуулахаар ажиллаж байна. Гэхдээ санхүүжилтийг нь олон улсын байгууллагаас татахаар үе шаттай тэндэрт оролцож байна” хэмээв.

Ийм төвийн үйл ажиллагааны жилийн зардал нь 100 гаруй сая төгрөгөөр хэмжигдэж буй аж. Тэгвэл үүний дэргэд хүүхдийн чуулганы төсөв 200 сая байдаг гэвэл уншигч танд ямар сонсогдож байна вэ? Манай улсад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байдаггүй юм. Нийгмийг цочроогоод буй нэг ой, найман сартай хүүгийн тохиолдолд ч гэсэн аймгийнх нь эмнэлэг, цагдаа, хүүхэд хамгаалах байгууллагынхан хэрхэн ажилласныг дахин нурших шаардлагагүй биз. Ийм байдалд орсон хүүхдүүдэд төр ямар үйлчилгээ үзүүлдэг талаар бид Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг орон нутагт ажиллаж байхад нь утсаар тодруулахад “Бид энэ чиглэлээр томоохон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа. Тийм учраас наана нь мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Уг нь энэ жил хүүхэд хамгааллын зардалд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 70 хувийг урьдчилан сэргийлэхэд зарцуулна гэдгийг О.Алтансүх хэлж байсан. Үүнээс аймаг тус бүрт хүүхдийн тооноос хамаарч 80-120 сая төгрөг төсөвлөсөн боловч бид дахиад л нэг хүүхдээ нийгмийг цочроосон жигшүүрт хэргийн золиос болголоо. Орон нутагт хамтарсан багууд ингэж л ажиллаж байна. Албан тушаалтнуудын бодит төрх ийм л байна.

Төр гэмтнийг “хамгаалдаг” ч хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ хөсөр хаядаг

Илэрсэн нь л энэ болохоос биш илрээгүй маш олон гэмт үйлдлийн золиос болсон хүүхэд байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сүүлд хийсэн судалгаагаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 50 хувь зургаан жилийн дараа илэрдэг нь тогтоогдсон тухай Хөгжлийн Академи ТББ-ын тэргүүн Б.Баттуул хэлэв. Судалгааныхаа зарим үр дүнгээс хуваалцсан тэрбээр “Бүхэл бүтэн зургаан жилийн турш хөөрхөн зүрхнүүд шархалж байгааг хэн ч мэдээгүй явсан. Бидний хийсэн судалгаагаар нийт хэргийн 93.75 хувьд нь хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээгүй байна. Үлдсэн хэсэг нь сэтгэл зүйн маш хүнд эмгэгтэй болсон учраас үйлчилгээ үзүүлсэн. Тухайлбал, хойд эцэгтээ таван жилийн турш хүчирхийлүүлж маш гүн хэлбэрийн сэтгэцийн өвчтэй болсон охин байсан. Түүнийг жирэмсэн болсон хойно нь ээж нь мэдсэн” хэмээсэн юм. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд 10 гаруй жил нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж буй Цөлийн сарнай төвийн тэргүүн Ц.Амаржаргал бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд зан байдлын өөрчлөлттэй болсон бодит жишээг хуваалцсан юм.

Гурван жилийн турш хойд эцгийнхээ бэлгийн дарамтад байсан зургаа, найман настай эгч дүү хоёр тус төвд анх ирэхдээ эгч нь айж цочдог, дүү нь томчуудын замбараагүй байдлыг харсаар тоглохдоо ч тэрхүү зан байдлыг нь дууриадаг болсон байжээ. Тэдэнд гурван жилийн турш эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлснээр болох, болохгүйг ойлгодог болсон ч өсвөр насандаа ямар өөрчлөлт гарахыг хэлж мэдэхгүй байгаа аж. Өсвөр насанд нь өмнөх шарх нь сэдэрвэл буруу зам руу хөл алдах өндөр эрсдэлтэй байдаг тухай Ц.Амаржаргал анхаарууллаа. Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн гэмт хэргийн чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн хэлж буйгаар биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь бага насандаа бэлгийн хүчирхийллийн золиос болсон хар түүхтэй.

Тиймээс хүчирхийллийн золиос болсон балчир үрсээ нэн даруй нөхөн сэргээж авах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл манай улс хохирогч хүүхдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хэрэгтнийг яллахад л ашигласаар байна. Тухайн хүүхэд бие, мах бодь, сэтгэл санаа, боловсрол, аюулгүй байдлын хувьд хэр зэрэг хохирол амсаж байгаад татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд огт анхаарч байсангүй. Харин ч гэмт хэрэгтнийг төр “хамгаалалт”-даа авч, байр, хоолоор хангаж, эрүүл мэндийн болон хүмүүжлийн үйлчилгээ үзүүлж байгаа бол жилд хэдэн арваараа хүчирхийллийн золиос болж буй хүүхдүүдийг огт хайхардаггүй. Тиймээс ч хохирогч хүүхдүүдээс илүү ялтнаа халамжилдаг төртэй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Уг нь хүчирхийллийн эрсдэлд байгаа хүүхдэд үзүүлэх нэг өдрийн үйлчилгээний зардлыг 19150 төгрөгөөр тооцож, улсын статустай хэдхэн асрамжийн газар олгодог журамтай. Энэ журмын цар хүрээг тэлж, мэргэжлийн үйлчилгээний байгууллагуудыг хамруулах нь нэг ч гэсэн хөөрхөн зүрхний шархыг анагааж, эрүүл саруул монгол хүнийг өсгөж бойжуулахад тустай. Эрхэм төрийн түшээд та бүхэн орон нутагт ажиллахдаа Засаг даргаас хэдэн төл бойжуулсныг бус хэчнээн бяцхан зүрхийг бэлгийн хүчирхийллээс сэргийлж чадсаныг нь асуугаад нэг үзээрэй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж