Улаан асрын зүүд (92-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (92-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Ерэн хоёрдугаар бүлэг

ЭХНЭРИЙН ШАСТИРЫГ СОНССОН ЧЯО ЖЭ МЭРГЭН ГЭГЭЭНИЙГ БИШИРЧ, ЭХ СУВДЫГ ҮЗЭЖ ЖЯ ЖЭН САЛЖ САРНИХЫГ ШҮҮМЖЛЭВ

Өгүүлэх нь: Бао Юй, Шяо Шян Гуаниас гарч ирээд сандран “Лао е намайг юунд дуудав” гэж Чю Вэнь охиноос асуусанд цаадах нь: “Дуудсан юм биш, Ши Рэнь эгч надаар Эр Ег залуулсан юм. Би чамайг тэнд хоргодоод байж магад гэж бодоод хуурсан юм” гэв. Бао Юй санаа нь амарсан ч “Та нар намайг зүгээр л дуудна биз. Юунд ингэж айлгаж байдаг юм бэ” гэж хэлээд Эй Хүэн Юаньд хүрч ирвэл Ши Рэнь: “Чи өдий удаан хаана байв аа” гэж асуув. Цаадах нь: “Линь авхайн тэнд очоод Шюэ Имагийн гэр, Бао эгчийн тухай ярилцаад удаан суулаа” гэв. Ши Рэнь: “Юү ярьдаг юм бэ дээ” гэж асуув. Бао Юй онол чойр ч булаалдлаа гэж сонирхуулсанд Ши Рэнь:

-Та нар яасан бодлогогүй юм бэ дээ. Гэр хотлын гол явдлаа л ярилцдаг байгаа даа. Үгүй шүлэг бичиг тайлбарласан ч болох байтал бас юун чойр булаалдах вэ, бас лам бол яахав гэхсэн гэв.

-Чи мэдэхгүй байна. Маньд манай чойрын үг байна. Өөр хүн үг дуугарч чадахгүй гэхэд цаадах нь:

-Та нар чойр булаалдсаар эвдрэхэд хүрвэл, бас биднийг дэмий л төөрөгдүүлэхэд хүрнэ дээ гэв.

-Анх бол тэр бид хоёр нас бага байхад, миний санаандгүй хэлсэн үгэнд тэр уурладаг байсан. Одоо бол би ч хичээдэг болсон тул Дай Юй уурлахгүй болсон. Ойрноос тэр манай энд төдий л ирэхгүй болсон. Би ч бас сургуульд явж байгаа болохоор хааяа учирвал баахан ачаатай болсон мэт байна.

-Чухамдаа ийм байх нь зүй юм. Том болцгоосон болохоор яаж бага хүүхдийнхээ зангаар явах вэ дээ.

-Би мэднээ. Одоо ийм юм над ярих хэрэггүй. Чамаас нэг юм асууя. Лао тайтайгийн тэндээс хүн ирж юм хэлэв үү, үгүй юү.

-Хэн ч юм хэлсэнгүй.

-Лао тайтай лав мартсан байхаа. Маргааш арван нэгэн сарын шинийн нэгэн бишүү. Жил болгон Лао тайтайгийн тэнд “Хүйтнийг хөөх” найр хийж бүгдээр архи ууцгаан инээлддэг заншилтай шүү дээ. Би өнөөдөр сургуулиас чөлөө гуйчихсан. Өнөөдөр хүртэл чимээгүй болохоор би маргааш хичээлдээ очих уу, байх уу? Очвол, нэгэнт гуйсан чөлөө хайран. Очихгүй байж байгаад Лао ед мэдэгдвэл намайг залхуурлаа гэж уурлана. Яах вэ?

-Чи бичигт сайжраагүй байтлаа дандаа амрахыг бодно. Уг нь чи чармайх ёстой. Өчигдөр Лао тайтайгийн ярихыг сонсвол, Лань агь бичиг сайн сурч байгаа гэнэ. Тэрбээр сургуулиасаа ирээд, бичиг номоо уншиж, бас ном зохиож, орой болгон дөрвөн жин өнгөрөөж унтдаг гэнэ. Чи бол түүнээс их том, бас авга ах нь байтлаа түүнээс дутуу байвал Лао тайтай уурлахгүй юү. Маргааш өглөө сургуульдаа явсан нь л дээр!

Энэ үед Шө Юэ орж ирээд ярианд оролцов. Тэрбээр: “Ийм хүйтэнд, нэгэнт чөлөө гуйсан мөртөө хүрээд очвол, шалтгаангүй байж яагаад чөлөө гуйв. Хулжин үгээр худлаа чөлөө гуйлаа гэж сургууль чинь хэлбэл яах юм бэ. Нэг өдөр амарч наадвал зүгээр бишүү. Лао тайтай мартахад хүрсэн ч бидний энд бас хүйтнийг үлдэн хөөхгүй юү? Бид бас цуглан наадаж болохгүй юү” гэж хэлэв. Ши Рэнь: “Ямар нэг юм цөм чамаас л үүсдэг шүү. Эр Е бүр зовохгүй боллоо” гэв. Шө Юэ: “Надад бол нэг өдөр ч атугай цэнгэлдэж байвал болно. Чам шиг сайхан нэрийг бодож, нэг сар зарагдаад илүү хоёр лан мөнгө олохыг бодохгүй” гэсэнд цаадах нь хий нулимж: “Хүн юмны гол учрыг ярьж байхад чи харин дэмий чалчина” гэв. Шө Юэ “Дэмий чалчих нь бишээ. Би чиний төлөө л хэлж байна” гэсэнд Ши Рэнь: “Чи миний төлөө юү хэлчих вэ” гэж асуув. Цаадах нь: “Эр Е сургуульд явбал чи бас уруу царайлж умар тумар дүлэгнээд л, Эр Е эртхэн хүрээд ирвэл чи сая ам хамартай болдог биз дээ. Одоо болохоор ажиг ч үгүй байдаг мэтээр аашилна. Би цөмийг нүдээрээ харсан шүү” гэв.

Ши Рэнь хараан завдтал Лао тайтайгийн тэндээс хүн ирж “Лао тайтай ингэж хэлүүлж байна. Эр Ег маргааш сургуульд явах хэрэггүй гэнээ. Маргааш Их дайдааг залж уйтгарыг нь сэргээнэ гэнэ. Авхай нар охид цөм ирэх гэнэ. Ши, Шин, Ли охиныг урьж маргаашийн “Хүйтнийг үлдэн хөөх найрт суулгана гэнээ” гэв. Түүний яриаг дуусахаас өмнө Бао Юй баярлаж: “Уухайс, Лао тайтай их баярлажээ. Маргааш сургуульд явахгүй боллоо” гэв.

Ер нь Бао Юй хэдэн өдөр номоо сайн үзээд, нэг өдөр олж наадъя гэж бодож байсан болохоор саяын үг таалагдсан төдийгүй Шюэ Има ирнэ гэхээр Бао эгч лав ирнэ хэмээн баярлаж: “Шалавхан унтаад, эртхэн босно” гээд хэвтэв. Хэлсэн ёсоор эртлэн босож Лао тайтайдаа очиж өглөөний мэнд мэдээд, Жя Жөн, Ван Фүрэнь нарын амрыг эрээд “Лао тайтай сургуульд явуулаагүй” гэж мэдүүлэв. Жя Жөн дуугарсангүй учир шалавхан ухран гарав. Тэндээсээ Жя Мүгийнд очив. Хэн ч ирээгүй, ганцхан Фөн Жегийн охины хөхүүл эх Чиюа Жэг дагуулан ирж мэнд мэдэж байв. Фөн Жегийн охин “Ээж намайг очиж Лао тайдайгийн амрыг эрээд бараа болж бай гэсэн. Ээж мөд ирнэ” гэсэнд Жя Мү инээж: “Яасан сайн охин бэ! Би эрт босчихжээ. Тэднийг хүлээж л байна. Бараа нь алга. Ганцхан чиний хоёрдугаар авга л ирээд байх шив дээ” гэв. Хөхүүл эх “Охион, авгынхаа амрыг эртүгэй” гэсэнд Чяо Жэ охин очиж мэндлэв. Бао Юй: “За охин сайн уу” гэсэнд цаадах нь: “Өчигдөр ээж, хоёрдугаар авгыг залж хэлэлцэнэ гэж байсан” гэв. Авга ах “За юу хэлэлцэх нь вэ” гэсэнд охин:

-Ээж, намайг Ли мөөмөөгөөс хэдэн жил бичиг сураад, чухам үсэг олж таньсан ба үгүйг мэдэхгүй гэнэ. Би бол цөмийг танина. Би ээжид уншиж үзүүлнэ гэвэл, намайг дэмий чалчиж байна гээд итгэхгүй. Намайг өдөр турш наадаж байх тул юуг нь мэддэг юм бэ гэнэ. Би тэдгээр үсгийг танихад юу байна вэ. Би “Ачлалт охидын номыг ч” амархан уншина. Ээж намайг худлаа хэлж байна гээд хоёрдугаар авгыг залж миний уншихыг үзүүлнэ гэсэн юм гэж ярив.

Түүний яриаг Жя Мү сонсоод: “Эх чинь үсэг танихгүй болохоор чамайг мэхэллээ гэж байгаа юм. Маргааш хоёрдугаар авга чинь чамайг шалгахаар тэр итгэнэ” гэсэнд Бао Юй: “Чи хичнээн үсэг таних вэ” гэсэнд охин “Гурван мянган үсэг танина. Нэг дэвтэр “Ачлалт охидын номыг” уншаад, хагас сарын өмнө бас “Шударга эхнэрийн шаштирыг “уншсаан гэсэнд Бао Юй, “Чи уншаад ухааныг нь олж байна уу? Хэрэв чи ойлгохгүй бол би чамд тайлж өгч болно” гэв. Жя Мү: “Авга болсон хүн ач охиндоо тайлж өгөх нь зүй юмаа” гэв. Бао Юй:

-Тэр Вэнь вангийн хатныг юу гэж боддог вэ? Жян Хөү хатны хатгуураа авч ял хүлээсэн ба Чи улсын Ү Янь төр улсыг түвшитгэн амаржуулсан нь хатдын доторх мэргэд болой гэсэнд Чяо Жэ: “Тийм” гэж зөвшөөрөв. Авга цааш нь эрдэмтдийг өгүүлбэл, Цао Дагу, Бань Жэюй, Цай Вэньжи, Шюэ Дао Юнь нар болой гэсэнд Чяо Жэ “Мэргэн нь алин нь вэ” гэж асуув. Бао Юй:

-Мөн Гуаны туйван хатгуур, ёрогийн хормойвч эдэлсэн. Бао Шюаньний эхнэрийн суулга барин ус авсан, Тао Каны эхийн гэзгээ огтолж зочин дайлсан зэрэг эдгээр ядуугаас үл цөхрөгчид даруй мэргэн болой гэсэнд охин баясаад толгой дохив. Бао Юй цааш нь:

-Бас тэр Лө Чан толь хуваасан, Сүхуй утга холбосон нь зовлон эдэлсэн болой. Му Лань эцгээ орлон аян дайнд мордсон, Цао Ө усанд харайж ороод шарил эрсэн нь ачлалыг гүйцэтгэсэн хэрэг. Ийм хүн тоолшгүй олон байна гэсэнд Чяо Жэ сонсоод дув дуугүй бодлогошрон сууна. Бао Юй, бас тэр Цао овогтны хамраа огтолсон ба тэдгээр журмыг сахигчдыг ярьсанд охин нэн гайхан бишрэв. Бао Юй түүний сэтгэлийг амар талбиу болгоё гэж ийн ярьсан ажээ.

-Өнгө зүстэнийг хэлбэл, Ван Чян, Ши зы, Фань Сү, Шяо Мань, Жян Шянь, Вэнь Жюнь, Хун Фү нар бол цөм эхнэрийн доторх… гээд хэлэх… гэтэл Жя Мү охины дуугүй байхыг хараад: “Тийм болтугай. Хэлэх хэрэггүй. Тэр их юмыг энэ хүүхэд яаж цээжилж чадах вэ” гэв. Чяо Жэ: “Хоёрдугаар авгын саяын хэлсний заримыг би уншсан. Заримыг нь уншаагүй. Уншсанаа би ойлгоод байгаа” гэсэнд Бао Юй: “Тэр үсгийг нэгэнт таньсан тул шүүх хэрэггүй” гэв. Чяо Жэ:

-Ээжийн хэлэхээр, манай гэрийн Хиюа Хуныг… уг нь хоёрдугаар авгын тэнд байсныг ээж авчраад оронд нь хүн өгөөгүй гэсэн. Ээж одоо Лиү эхнэрийн охин Ү Эрийг явуулах гэж байгаа. Хоёрдугаар авга дуртай юү гэж асуув. Бао Юй сонсоод баярлахдаа:

-Ээж чинь юү ярьж байна вэ. Аль дуртайгаа өгвөл өгтүгэй! Надаас асуух юу байна вэ гээд Жя Мүг харж инээн:

-Энэ охины байдлыг үзвэл гойд сэргэлэн юм. Хожим лав Фэн эгчээс давна. Бичиг сайн мэдэж байна гэв. Жя Мү: “Охин хүн бичиг сурах нь сайн гэх боловч зүү утасны үйл илүү чухал болой” гэж хэлэв. Чиюа Жэ:

-Би Ли мөөмөөгөөс сурч байгаа. Задгай хатгах зүү ороох зэргийг сайн чадахгүй ч бага сага эвлүүлэх болсоон… гэсэнд Жя Мү:

-Манай мэтийн айл хэдий өөрөө оёж хатгахгүй боловч нэгэнт сураад авбал хожим хүн гуйхгүй болно шүү дээ гэв. Охин “За” гэж хүлээж аваад: “Шударга эхнэрийн шаштирыг” Бао Юйгээр тайлбарлуулъя гэсэнд цаадах нь дув дуугүй мэлрэн суугаад байхаар нь дахиж гуйсангүй.

Бао Юй юунд бодлогошрон суув гэвэл, Лю Ү эр, И Хун Юаньд ирэх гэж байгаа явдлыг эргэж санав. Тэрбээр өвдөөд ирж чадаагүй. Дараа нь, Ван Фүрэнь, Чин Вэнийг хөөж явуулсан тул баахан өнгөтэй зүстэй хүнийг сонгож чадахаа больсон явдал болсон. Чин Вэнийг өвчтэй үед эргэж очиход Ү Эл эхийгээ дагаад, түүнд юм хүргэхээр очсон таараад харахад үнэхээр гоо хээнцэр төржээ гэж санагдсан. Харин өнөөдөр Фөн Же түүнийг Шяо Хунгийн оронд өгөх болсныг сонсоод баярлахын ихээр баярлахдаа баахан эргүүтэн мэлрэв.

Жя Мүтэднийг хүлээсэнд ирэхгүй болохоор нь охидыг явуулж дуудуулсанд эхлээд Ли Вань охин дүүтэйгээ ирэв. Тань Чүнь, Си Чүнь, Ши Шян Юнь, Дай Юй нар төдхөн ирэв. Бүгд Жя Мүгийн амрыг эрж хүндлэн золгов. Шюэ Има ирээгүй байтал хүн явуулж дуудуулсанд Бао Чинийг дагуулан орж ирэв. Бао Юй тэдний амрыг эрээд цааш нь харвал, хүссэн Бао Чай, мөн Шин Шю Янь хоёр ирсэнгүй. Дай Юй: “Бао эгч яагаад ирсэнгүй вэ” гэж асуусанд Шюэ Има “Бие нь төдий л сайнгүй” гэж хуурч өнгөрөөв. Бао Юй хэдийгээр Бао Чайг ирээгүйд гайхсан боловч нэгэнт Дай Юй ирсэн хойно Бао эгчийгээ санах сэтгэлээ хойш тавив. Төдөлгүй Шин, Ван хоёр Фүрэнь хүрч ирэв. Фөн Же, хадам эхийгээ явсныг дуулаад өөрөө хожимдох нь эвгүй гэж бодоод Пин Эрийг явуулж “Яг явах гэж байтал бие халуураад, жаахан байзнаж байгаад очъё” гэж хэлүүлэв. Жя Мү: “Бие нь эвгүй бол ирэхгүй байж болно. Одоо бид хоол идэх ч болчихлоо” гэсэнд охид галын хувинг зайлуулж ширээнүүд залган тавьсанд бүгдээр дэс дараалан сууцгаав. Хоолны дараа галаа тойрч суугаад элдвийг ярилцан сууцгаав. Фөн Же юунд ирсэнгүй вэ гэвэл анхандаа Шин, Ван хоёр Фүрэнигээс хожидвол муухай гэж бодож байтал Ван Эрийн эхнэр ирж, “Их охины тэндээс хүн ирж найнайгийн амрыг эрж байна. Тэр дээш очилгүй ганцхан найнайгийн энд иржээ” гэж мэдүүлэв. Фөн Же сонсоод ямар юм болсныг мэдэхгүйдээ гайхаж, тэр хүнийг дуудан оруулж “Охины бие сайн байна уу” гэж асуув. Мөнөөх хүн “Сайн ч юү байхав. Боол намайг охин илгээсэн биш, Сы Чигийн эх найнайгаас гуйлгахаар явууллаа” гэсэнд Фөн Же: “Сы Чи нэгэнт харьсан тул намайг эрж юу хийнэ вэ” гэв. Нөгөө хүн

-Сы Чи өдөр болгон уйлж өнжинө. Нэг өдөр бүл ах нь очсонд эх нь “Сы Чиг хорлох гэж байна” гээд барьж зодов. Тэрхүү хариу хийх байтугай дуугарч ч чадсангүй. Сы Чи яаран гарч ирээд эхийгээ аргадаж “Би үүний учир хүрч ирлээ. Энэ бас журамгүй байна. Гэхдээ энэ чинь намайг эргэж ирж байна. Та үүнийг зодоод яахав намайг алчих” гэж хэлэв. Эх нь улам уурлаж: “Ичих нүүргүй амьтан чи, яах санаатай вэ” гэж хараалаа. Сы Чи “Нэг эм, нэг л эрд очих ёстой. Би тэр цагт хөл алдаж үүний арганд орсон тул өөрийн нь хүн болсон. Өөр хүнийг хэрхэвч дагахгүй. Харин энэний зориг зүрхгүй нь дургүй хүргэж байна. Хийсэн хэрэгтээ эзэн суух байтал яагаад оргон алга болсон юм бэ. Энэ хүн эргэж ирэхгүй болсон ч би хүнд очихгүй. Ээж намайг хүнд өгнө гэвэл би үхнэ. Өнөөдөр энэ хүн эргэж ирсэн байхад ээж асуугаад үз л дээ. Үүний сэтгэл хувираагүй бол би ээжид мөргөе. Ээж намайг үхсэнээр бодвол болно. Энэ хаана байна би тэнд нь дагаж очно. Будаа гуйсан ч гомдолгүй гэжээ. Эх нь их уурлаж: “Чи бол миний охин. Би түүнд хэрхэвч өгөхгүй. Чи яах юм бэ” гэж уйлан хараана. Тэгтэл Сы Чи гэгч тэнэг амьтан харин хэрэм дээр гараад толгойгоо хагалан үхжээ. Эх нь уйлаад ямар тус байхав. Даруй тэр хөвгүүнээр амий нь төлүүлнэ гэнэ. Тэр бүл ах нь бас сонин хүн юм. “Та нар сандрах хэрэггүй. Би гадагш явж баяжаад, үүнийг санасаар эргэж ирсэн минь үнэн. Та нар итгэхгүй бол хар” гээд өврөөсөө нэг хайрцаг алт сувд засал чимэглэл гаргаж ирэв. Эх үзээд

-Чи ийм сэтгэлтэй байж яагаад үг дуугараагүй юм бэ гэсэнд Зээ хөвгүүн нь,

-Бүсгүй хүмүүсийн олонх нь, болзолгүй зантай тул “Би мөнгөтэй гэвэл” тэр даруй миний мөнгөнд шунасан болно. Энэ бол үнэхээр ховор хүн байжээ. Одоо энэ засал чимэглэлийг та нарт өгье. Би яваад авс худалдаж авчраад авсалъя гэв. Мөнөөх эх эд юмыг аваад, охиноо хэдийн мартаад зээ хөвгүүнээ явуулав. Төдөлгүй хоёр авс дамнасан хүн ирэв. Ээж “Хоёр авс авчирдаг нь яаж байгаа юм бэ” гэсэнд зээ хөвгүүн нь “Нэгд багтахгүй. Хоёрыг хэрэглэнэ” гэв. Сы Чигийн ээж, зээ хөвгүүнээ уйлахгүйг үзээд, түүний сэтгэл хэтэрхий зовоод, нэг мөсөн эргүүтжээ гэж санав. Тэгтэл залуу Сы Чигийн шарилыг яаравчлан авслаад уйлсан ч үгүй. Гэнэтхэн хүүе гэхийн завдалгүй хутга гарган хоолойгоо огтлоод үхчихэв. Сы Чигийн ээж гэмшин гашуудаж, унан тусан уйлна. Одоо зээлийн газар мэдээд, түшмэлд мэдүүлнэ гэсэн учир тэр сандраад намайг найнайгаас гуйлгахаар ирүүллээ. Дараагаар тэр биеэр ирж найнайд мөргөнө гэнээ гэв. Фөн Же цочин гайхаж,

-Яаж ийм тэнэг охинтой, яаж тийм тэнэг хөвгүүн таардаг байна. Тэр өдөр хамаг юмыг нь нэгжиж урвуулан гаргахад ажиг ч үгүй байсан нь ийм нэг хатуу чанга зантай хүүхэд байжээ. Чухамдаа надад ийм нэг дэл сул хэргийг хамаарах чөлөө зав хаана байхав. Харин чиний ярьсныг сонсоход даанч хөөрхийлэлтэй санагдлаа. Чи очоод түүнд, би Эр Ед чинь хэлж Ван Эрийг явуулан нэг тийш болгоё гэв. Тэр хүн ч явав. Фөн Же Жя Мүгийнхаад явав.

***

Энэ өдөр Жя Жөн, Жань Гуан гэгчтэй шатар тоглож, ганц нэг хүүгийн төлөө үхэн зууралдаж байтал зарц орж ирээд: “Гадаа Фэн да е ирээд Лао етай уулзъя гээд хүлээж байна” гэсэнд: “Залж оруул” гэв. Төдөлгүй Фөн Зыин орж ирэв. Жя Жөн угтан авав. Цаадах нь суугаад шатар тоглохыг харж “Тоглоцгоо, тоглоцгоо. Би жаахан харъя” гэв. Зань Гуан инээмсэглэж: “Доордын шатарт үзэлтэй юм байхгүй дээ” гэсэнд Фөн Зыин: “Зүгээр зүгээр, тогло тогло” гэв. Жя Жөн: “Гол хэрэг юү билээ” гэсэнд Фөн Зыин: “Гойд юмгүй. Тоглоцгоо тоглоцгоо. Би бас бага сага юм сурч авъя” гэв. Жя Жөн Жань Гуаныг хараад: “Фэн да е бол бидний найртай ах дүү тул гойд юмгүй гэвэл тоглож дуусаад болъё” гэв. Фөн Зыин: “Мөрийтэй юм уу” гэсэнд Зань Гуан: “Байлгүй яахав” гэв. Тэгтэл цаадах нь

-Мөрийтэй юм бол дуугарч болохгүй юм байна гэсэнд Жя Жөн:

-Дуугарахад хамаагүй ээ. Энэ хүн, хожигдсон арваад лан мөнгөө өгөхгүй байгаа тул хожим ширхэг будаагаар торгосугай гэв. Зань Гуан инээж:

-Энэ харин болно гэсэнд Фэн Зиен:

-Та хоёрын аль нь илүү байгаа юм бэ гэв. Жя Жөн:

-Энэ чинь эхлээд нэг хожигдсон. Одоо бас хожигдов. Бас үргэлж буцна. Буцаж болохгүй гэхэд их сандарна гэсэнд цаадах нь: “Тиймгүй шүү” гэв. Жя Жөн

-За чи харж бай! гэв. Бүгд хөхрөлдөж байтал шатраа өрчихөв. Жя Жөн эхэлж нүүгээд төдөлгүй эсрэг талынхаа хэдэн хүүг идчихэв. Фөн Зыин,

-Энэ удаагийн шатар эгнэгт зангирсанд байна. Настаны зангираа цөөн болсон тул ялгуум болжээ гэв. Жя Жөн, Фөн Зыинд “Осол боллоо. Бид одоо ярилцъя” гэсэнд,

-Өчүүхэн ач би, ойрд авгатайгаа учраагүй тул нэгд ирж уулзъя. Хоёрт Гуан Шигийн хамт мэдэгч ирж уулзахдаа, дөрвөн зүйлийн гадаад гүрний бараа авчирчээ. Өргөцийн бараа болгож болно. Нэг нь нарийн халхавч. Харин дөрвөн углаатай, цөм хорин дөрвөн зандан сийлбэртэй, дунд нь хэдийгээр хаш биш боловч онцын сайн шоо чулуутай. Чулуун дээр нь уул ус, хүн амьтан, асар тагт, цэцэг хуар сийлжээ. Нэг углаа дээр нь тавь жаран ордны охин сийлсэн юм. Нэрийг нь “Хань улсын ордны хаврын туяа” гэнэ. Хүний хөмсөг, нүд, ам, хамар гар хийгээд хувцасны нугалааг хүртэл нарийн тодорхой сийлсэн бөгөөд урлаж тааруулсан нь цөм сайн юм. Би бодвол, эрхмийн ордны Да Гуань Юань хүрээлэнгийн гол танхимд маш сайхан тохирно. Бас гурван тохой илүү өндөр нэг цаг байна. Нэг бяцхан хүүхэд, цагийн дохиог атгаад, ямар цаг болбол ямар цагийг мэдээлнэ. Дотор нь бас оньст хүүхэлдэй арав тонгорно. Энэ хоёр нь хүнд эдлэл тул энд авчирсангүй. Харин би хоёр янзын сонин гайхалтай эд авчирсаан… гээд хажуугаасаа хэдэн давхар цагаан дурдангаар боосон хоргой хайрцаг гаргав. Задалж үзвэл, алтан таваг дээр улаан торго дэвсэж дээр нь нүд гялбам туяа татсан лууны нүдний чинээ том сувд тавьсан шилэн хайрцаг байв. Тэрбээр хайрцгаа ойртуулаад “Үүнийг “Эх сувд” гэнэ гээд “Нэг таваг авчраач” гэсэнд Зань Гуан яаран нэг хар таваг авчирч “Болох уу” гэж асуув. Цаадах нь: “Болно” гээд өврөөсөө бас нэг цагаан дурдан боодол гаргаж, боодол доторх сувдыг тавагт асгаж өнөөх сувдыг дунд нь тавив. Бүх жижиг сувд нь түүн дээр шавалдана. Зань Гуан “Энэ чинь хачин юмаа” гэсэнд Жя Жөн: “Тэгээд л эх сувд гэсэн юм. Бүх сувдын л эх байхгүй юү дээ” гэв. Фөн Зыин зарцдаа: “Нөгөө хайрцаг хаана байна вэ” гэсэнд зарц яаран нэг артай модон хайрцаг өргөв. Нээж үзвэл, эрээн хоргойгоор доторлосон түүнд ногоон шаа эвхээтэй байв. Зань Гуан: “Энэ чинь юү гээч вэ” гэж асуусанд Фөн Зыин: “Үүнийг тул загасны хайрсан хөшиг гэнэ” гээд дэлгэсээр арваад эвхээс дэлгэтэл ширээнд багтахаа болив. Цаана нь бас хоёр эвхээс үлдсэн байв. Фэн Зиен:

-Өндөр хананд өлгөвөл багтана. Энэ бол тулын ширхгээр нэхсэн зүйл. Зуны халуунд гэрт өлгөвөл, ялаа батгана ойртохгүй. Бас хөнгөн, саруул байна гэсэнд Жя Жөн: “Цөмийг дэлгээд юү хийх вэ. Буцаагаад эвхэхэд хэцүү байж магадгүй” гэв. Дараа нь хоёр хүн элбээд эвхчихэв. Фэн Зиен:

-Энэ дөрвөн зүйл тийм их үнэтэй биш шүү. Хоёр түмэн лангаар худалдана гэнэ. “Эх сувдыг” нэг түм, тулын хөшгийг таван мянга, “Хань улсын ордны хаврын туяа” ба цагийн хэмнүүрийг таван мянган лангаар өгнө гэсэнд Жя Жөн “Яаж дийлэх вэ” гэв. Фөн Зыин:

-Та нар бол улсын ураг төрийн нагац юм чинь ордонд хэрэглэхгүй юү… гэсэнд Жя Жэн:

-Хэрэглэх юм их байх боловч тийм их мөнгө хаана байх вэ. Би дотогш илгээж Лао тайтайд үзүүлье гэсэнд цаадах нь: “Маш зүйтэй. Тэг” гэв. Жя Жөн хүн дуудаад:

-Энэ хоёр зүйлийг Жя Ляниар Лао тайтайд хүргүүлээд бас Шин, Ван хоёр Фүрэнь, бас Фөн Же нараар шалгаж үзүүл гэв. Тэр дорхноо авч яваад дээрх хүмүүст үзүүлэв. Жя Лянь:

-Түүнд бас хоёр юм байна. Нэг нь нарийн халхавч, нөгөөх нь хөгжимт цаг. Нийтдээ хоёр түмэн лан хүрнээ… гэтэл Фөн Же:

-Энэ эд үнэхээр сайхан боловч одоо энэ их зоос хаа байхав. Бид гадаадын даамал ноёдтой адил ёсны бэлэг ч барих биш. Би хэдэн жил бодлого болсоор ирэв. Манай мэтийн ийм айл алс хожмоо бодоод дайллагын газар буюу журмын тариа, эсвэл шарил онгоцны гэр барилга мэтийн зүйлийг бэлтгэвэл, үр ач нарт бага ч гэсэн түшиг л болно. Хоггүй дуусахад хүрэхгүй гэж би боддог. Лао тайтай, Лао е, дайдаа нарын санаанд ямар байхыг мэдэхгүй. Сонирхож байгаа хүн нь түүнийг авбал авна биз гэв. Жя Мү: “Зөв хэлж байна” гэв. Жя Лянь: “Аваачаад өгчих. Чухамдаа Лао е Лао тайтайд үзүүлээд, хожим ордонд өргөе гэснээс бус авчраад гэртээ тавья гэсэн хүн алга. Лао тайтайг дуугарахаас өмнө чи харин ам өрсөөд баахан урам хугалах юм хэлчихлээ” гээд тэр юмсыг авч гараад Жя Жөнд: “Лао тайтай авахгүй гэжээ” гэж мэдүүлээд бас Фөн Зыинд “Энэ хоёр эд сайн нь ч сайн юм. Гагцхүү мөнгөгүйдээд байна. Би сэтгэл тавин анхаарч байгаад авах эзэн гарвал чамд мэдээ хүргэе” гэв. Фөн Зыин юмаа хурааж аваад энэ тэрийг ярьж суусан боловч нэгэнт урам хугарсан тул явъя гээд боссонд Жя Жөн: “Оройн хоол идээд яв” гэж урив. Цаадах нь: “За больё доо. Ирвэл настай авгадаа яршиг болохоос цаашгүй” гэв. Жя Жөн: “Чи тэгээд юү гэж байгаа юм бэ” гэтэл хүн ирж “Их Лао е ирлээ” гэж мэдүүлтэл Жя Шө орж ирээд мэндлэв.

Төдөлгүй архины ширээ засаж, хоол унд зэхэв. Дөрөв таван дугараа өнгөртөл орос барааны тухай ярианд оров. Фөн Зыин: “Ийм эдэд эзэн олох үнэхээр бэрх юм. Эрхмийн ордны мэтийн айлд бол болно. Өөр газар үнэхээр хэцүү” гэсэнд Жя Жөн “Арай бас тийм биш байхаа” гэв. Жя Шө: “Манайх бас урьдынхтай адилгүй. Хоосон нэр төдий болсон” гэж хэлэв. Фөн Зыин “Зүүн ордны Жэнь да е ямар зэрэг байна вэ? Эртийд би түүнтэй уулзаад айл гэрийн хэргийг баахан ярилцсан. Хөвгүүнийхээ сэлбэсэн бэрийг анхны Чинь овогт найнайд хаа ч хүрэхгүй гэж хэлж байна лээ. Одооны бэр нь чухам хэний охин юм бэ. Би асуусан ч үгүй” гэсэнд Жя Жэн:

-Манай тэр ач бэр бол эндэхийн их айл, нийслэлийн захиргааны мэдээч байсан Ху Лао егийн охин юм гэв. Фөн Зыин:

-Би тэр мэдээчийг мэднэ. Түүний гэрийн сургаал төдий л билээ. Гэвч охин нь сайн бол яамай гэв. Жя Лянь:

-Ордны хүмүүсээс сонсвол, Юй Цүнь бас дэвших гэнээ… гэсэнд Жя Жөн:

-Тийм бол сайн л байна. Зөвшөөрөх, эсэхийг мэдэхгүй гэсэнд Жя Лянь:

-Бараг төлөв болсон бололтой… гэтэл Фөн Зыин:

-Өнөөдөр би түшмэлийн зурганд очоод бас сонссоон. Юй Цүнь абугай эрхмийн удмынх байхаа гэж асуув. Жя Жөн: “Тиймээ” гэв. Фөн Зыин: “Ойрын төрөл үү, холын төрөл үү” гэсэнд Жя Жөн:

-Тэр талаар яривал урт юм болно. Түүний уг нутаг нь Жө жянгийн Ху Жөүгийн хүн. Тэнүүчлэн хэссээр Су Жөүд хүрээд ч өөдөлсөнгүй. Нэг Жэнь Ши гэгч түүнтэй их таардаг, тэгээд түүнийг дэмжин тэтгэдэг байжээ. Хожим нь орогсод болж, хошууны мэдэгчийн зэрэг олоод Жэнь овогтны шивэгчнийг эхнэр болгон авчээ. Одоогийн хатан нь түүний авааль эхнэр биш. Жэнь Ши санамсаргүй доройтон уруудаад сураггүй болжээ. Юй Цүнь зэргээ автах үед бидэнтэй танилцаагүй байсан юмаа. Хүргэн дүү Линь Рү хай давсны татварыг захиран Янжөүд сууж байхдаа, түүнийг залж гэрийн багш болгон манай зээ охинд бичиг заалгажээ. Тэрбээр дахин сэргэх мэдээ олоод нийслэлд ирэхээр байтал манай зээ охин бас нагацдаа ирэх тохиолдсон тул дүү хүргэн түүнд найдан харгалзуулж, надаар баахан дэмжүүлэхээр нэг захидалтай явуулжээ. Тэр бас боломжийн хүн тул, тэр үеэс харилцаатай болсон юм. Гэхдээ, Юй Цүнь бас сонин. Манай гэрийн үе залгамжлах зэргийг олсноос аваад “Дай” нэрт үеэс эхлэн Нин, Рүн хоёр хүрээний хүн хар, гэр тэрэг, жич өнгөрсөн явдал, одоогийн хэргийг ний нуугүй мэдэх тул улам дотносдог болсон юмаа гэснээ инээж, хэдэн жилийн дотор өгсөж дэвшихийг багагүй сурчээ. Фү-гийн мэдэгчээс Юй Ши түшмэл болж, бас хэдэн жил бололгүйгээр түшмэлийн зургийн жигүүрийн сайд, цэргийн зурганы эрхэлсэн сайд болоод хэдийгээр нэг хэрэгт чирэгдэж, гурван зэрэг буурсан боловч одоо бас дэвших болжээ гэв. Фөн Зыин:

-Энэ ертөнцийн хүний мандах буурах, олж алдахыг мэдэхүйеэ үнэхээр бэрх юмаа гэсэнд Жя Жөн:

-Уг нь ертөнцийн явдал цөм адил. Саяын энэ сувдаар авч үзсэн ч тэр том сувд нь буянтай хүн мэт. Тэдгээр жижгүүд нь цөм түүний хишигт шүтэж байна. Тэр том сувдгүй бол тэр багачуул нь цугларч чадахгүй шүү дээ. Нэг айлын гол хүн нь хэрэгт орвол элгэн садан нь хагацаж, төрөл ураг нь сарниад сайн нөхөд нь ч холдож зайлах адил болой. Хоромхон зуур дэгжиж, доройтох нь хаврын үүл, намрын навч мэт болой. Ноён болоод ямар сайныг эдлэх вэ? Юй Цүньтэй адил биш бол бас болно. Мантай бараг төлөв очих Жэнь овогтын гэр бол нэг адил гавьяа зэрэгтэй, ажил ундралтай бөгөөд байнгын харилцаатай байдаг. Тэр жил тэд бас нийслэлд ирээд, хүн ирүүлж бидний мэндийг мэдэж сайн сайхан явж байлаа. Гэнэт нутгийнхаа гэр хөрөнгийг хураалгаад сураггүй болсон. Тэд юу болсныг мэдэхгүй. Үнэхээр мөрөөдөөд тэсэхгүй байна гэсэнд Жя Шө: “Ямар сувд вэ” гэж асуув. Жя Жөн, Фөн Зыин хоёр түүний тухай ярьж өгөв. Жя Шө: “Манай гэр хамаагүй ээ” гэв. Фэн Зиен:

-Эрхмийн ордон үнэхээр айх явдалгүй. Нэд, дотроос эрхэм хатан тусална. Хоёрт угаас суурь зузаан. Ураг төрөл олон. Гуравт, танай Лао тайтайгаас эхлэн агь нарт хүртэл харгис хэрцгий явсан хүн нэг ч үгүй гэв. Жя Жэн:

-Хэдий харгис хэрцгий нь үгүй боловч эрдэм чадалтай нь бас үгүй. Зүв зүгээр сан идэж салхи залгиад яаж даана вэ… гэтэл Жя Шө: “За за үүнийг яриад яахав, архиа ууцгаая” гэж уриалав. Хэдэн хундага суллаад хоол авчруулав. Тэднийг цай ууж суутал Фөн Зыиний зарц ирээд, хэдэн үг сэм хэлсэнд тэрбээр салах ёс хийгээд яаран явав. Жя Шө түүний зарцаас: “Чи юү гэнээ” гэсэнд зарц: “Гадаа цас орж байна. Бас орой боллоо” гэв. Жя Жөн: “Чи юмаа сайн боож авсан биз” гэсэнд цаадах нь: “Авсан авсан. Эрхэм ордонд хэрэглэвэл, үнийг эргэн ярилцаж болно шүү” гэсэнд Жя Жөн: “Би санаж л байя” гэв. Фөн Зыин: “Би тэгвэл захиа хүлээж байя. Гадаа хүйтэн байх шиг байна. Та үдэх хэрэггүй. Та буц даа” гэв. Жя Жөн, түүнийг Жя Ляниар үдүүлж мордуулав. Хожмын явдал юу болохыг мэдэхгүй. Хойтох бүлэгт үзтүгэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж