Эдийн засгийн засаглал бий болгохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн засаглал бий болгохыг уриалав

Франц, Германы удирдагчид Европт нүүрлээд байгаа өрийн хямралыг даван туулахын тулд эдийн засгийн нэгдсэн бодит засаглалыг бүтээн байгуулахыг Евро бүсэд уриалжээ.

Германы Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар эдийн засгийн хямрал дахин дэгдэж магадгүй гэсэн болгоомжлол болоод Испани, Итали зэрэг улсууд өрөө төлөх чадваргүй болсон зэрэг асуудлуудад яаралтай гарц хайж олохоор Парис хотод хуралдаж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр хоёр орны тэргүүд дэлхийн евро бүсэд нягт уялдаа холбоотой эдийн засаг, санхүүгийн бодлого явуулах нь зүйтэй гээд энэхүү бодлогыг үе шаттайгаар явуулах хэрэгтэйг онцлоод, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпёйгоор ахлуулсан евро бүсийн 17 төлөөлөгчдийг жилд хоёр удаа хуралдаж байхыг уриалжээ.

Хоёр орны удирдагчийн уулзалтын үеэр Нью-Йоркийн Доу Жонсын аж үйлдвэрийн индексийн дундаж 1,3 хувиар унасан ч аажмаар эргээд хэвийн байдалдаа оржээ. Мөн эдийн засгийн ямар ч уналтын үед хамгийн найдвартайд тооцогддог АНУ, Германы засгийн газрын бондууд хоёр орны удирдагчдын хийсэн мэдэгдлийн дараа эргэн чангарч эхэлсэн байна. Энэ удаа хатагтай Меркель Европын санхүүгийн хямралыг даван туулах гарц болгон санаачилсан евробондын санаачилгыг дэмжсэнгүй. Германы эдийн засаг сүүлийн гурван сард ердөө 0,1 хувиар өссөн нь тооцоолж байснаас харьцангуй сул үзүүлэлттэй байгаа талаар мягмар гаригт Германы удирдлага мэдэгдсэн юм. Герман улс нь евро бүсийн орнууд дундаа эдийн засгаа дорвитой эрүүлжүүлж чадаж байгаа цөөн хэдэн улсын нэгт тооцогдож байгаа. Энэ үед зонхилох эдийн засагтай орнууд тэр дундаа Итали, Испани зэрэг улсууд зардлаа хумихаа мэдэгдэж эхэллээ. Гэхдээ засгийн газрууд төсвөө танаж эхэлснээр эдийн засгийн өсөлт удааширч, ажлын байрнууд багасах аюултай гэдгийг олон улсын эдийн засагчид евробүсэд анхааруулж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж