Хятад Улс Шанхайн олон улсын эрчим хүчний бирж дээр удаан хүлээсний эцэст юаниар газрын тосны гэрээт худалдаа хийлээ. Дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч Хятад Улс Брент болон WTI маркийн түүхий нефть болон АНУ-ын мөнгөн тэмдэгттэй өрсөлдөх эхний алхмаа хийж буй нь энэ юм.
Хятадын өдөр тутмын “The South China Morning Post”-д мэдээлснээр ирэх есдүгээр сард нийлүүлэх нөхцөлтэйгээр нэг баррель газрын тос худалдах ханш Шанхайн олон улсын эрчим хүчний бирж дээр 440.20 юань (69.70 ам.доллар)-аас эхэлжээ. Одоогийн байдлаар 18,540 арилжаа хийгдсэн байна.
Хятадын удаан хүлээсэн энэ алхмын ачаар Брент маркийн түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 2015 оноос хойш анх удаа нэг баррель нь 71 ам.доллараар нэмэгдсэн байна.
Мөн АНУ-ын WTI маркийн түүхий нефть нэг баррель нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа 66.55 ам.доллараас давжээ.
Шинжээчид эрчим хүчний бирж дээрх нефтийн гэрээт худалдааг юаниар хийх болсныг Хятадын түүхий эдийн зах зээлд хөрөнгө оруулагчид оролцох түүхэн боломж гэж үзэж байгаа юм.
Хятад Улс 1993 онд үнэт цаас гаргах эхний оролдлого хийсэн боловч олон жил хойшлуулсны эцэст ийнхүү юань давамгайлсан арилжааг явуулж байгаа ажээ.
Хятад газрын тосны худалдааг юаниар явуулах болсон нь сүүлийн хэдэн сарын турш ханш нь суларч байгаа ам.долларт том цохилт болж байгаа юм.
Эрчим хүчний зах зээл дээрх газрын тосны арилжаанд ам.доллар тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн. Даваа гаригт /2018.03.26/ ноён ам.долларын ханш япон иенийн эсрэг суларч, 16 сарын хамгийн доод түвшинд хүрсэн боловч өөр зургаан мөнгөн тэмдэгттэй харьцуулахад тогтвортой байв.
Ням гаригт Шанхайн эрчим хүчний олон улсын бирж дээр есдүгээр сард нийлүүлэх нөхцөлтэй газрын тосны арилжааг юаниар явуулсны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн гурван жилийн хамгийн дээд ханшид хүрч өсчээ.
Хятадын эрх баригчид түүхий нефтийн импорт нэмэгдэж буйтай холбогдуулан газрын тосны юанийн худалдааг түргэвчлүүлэх арга хэмжээ авсан байна.
Өнгөрсөн жил Хятад Улс дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч АНУ-ыг ардаа орхиж чадсан юм.
Тиймээс Хятадын дээрх алхам олон улсын томоохон бенчмаркуудын ханшийг хяналтандаа оруулаад зогсохгүй олон улсын худалдаанд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх сурталчилгаа болж байгаа ажээ.
“Ноён ам.долларын ханш хэдий чинээ суларна дэлхийн улс орнууд түүнийг орлох мөнгөн тэмдэгтийг гаргаж ирэх төдий чинээ боломжийг ашиглах болно “ хэмээн “Хятадаас бид юуг суралцах вэ?” номын зохиогч, Нью Йоркийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Энн Ли ярьж байна.
“Хэрэв ам.долларын ноёрхолд юань цэг тавьж, түүнийг орлохоор бол долларын хямрал үүсч болзошгүй. Хэрэв тийм зүйл болвол инфляц тогтворгүй болохоос гадна долларын үер болж ч магадгүй” гэжээ.