Нийслэл даяараа өнгөрсөн зуныг өмхий агаараар амьсгалж өнгөрөөлөө. Зөвхөн энэ зун ч гэлтгүй. Сүүлийн хэдэн жил Төв цэвэрлэх байгууламжийн үнэр Улаанбаатарын өнцөг булан бүрээс ханхлах болоод удаж байна. Өвөлдөө утаатай зундаа өмхий үнэртэх энэ асуудлыг бид улирлын чанартай мартаж санадаг гэхэд хилсдэхгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албаны хүмүүсийн хамт 2017 оны аравдугаар сарын 24-ны өдөр төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ "Төв цэвэрлэх байгууламж нэгэнт ачааллаа дийлэхээ больсон. Хэрвээ 350 орчим сая ам.долларын хөрөнгийг босгож чадвал шинэ цэвэрлэх байгууламжийн ажил ирэх хавар гэхэд эхлэх боломжтой”гэж байв. Тэрбээр төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг анхаарал хандуулах гол ажлын нэгээр нэрлэж, шинэ байгууламжийн ажлыг яаралтай эхлүүлэхийг Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделханд даалгасан юм.
Харин Засгийн газрын гуравдугаар сарын 14-ны ээлжит хуралдаанаар төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах тухай шийдвэр гаргав. Хүнээр бол 54 настай цэвэрлэх байгууламжийг хэзээнээс нас залуужуулах талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О. О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.
-Шинэ цэвэрлэх байгууламжийг хэдий хэмжээний өртөг, зардлаар барихаар төлөвлөж байгаа вэ?
-БНХАУ-ын Засгийн газарт нийт 300 сая ам.долларын хүсэлт гаргасан байгаа. Анх 2015 онд Франц улсын “Артила” хэмээх компаниар техник,эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ хийлгэсэн юм билээ. Тэдний тооцооллоор бол 320 сая ам.доллар зарцуулагдана гэсэн дүн гарсан байсан. Харин манай яамнаас дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч олон эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд ажиллаж 300 сая ам.долларт багтах юм байна гэсэн дүгнэлт гаргасан.
-Хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-БНХАУ-ын Засгийн газрын зээл тусламжаар шинэ цэвэрлэх байгууламж барих хүсэлт гаргасан. Хятадын талаас хэрэгжүүлэх боломжтой төсөл хэмээн үнэлж, хоёр улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгддэг ерөнхий хэлэлцээрийн дагуу хаалттай тендерийг Хятадын компаниудын дунд зарлан явуулна.
-Шинээр барих цэвэрлэх байгууламж цэвэрлэн гаргах усаа дахин ашиглах дамжлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Шинэ цэвэрлэх байгууламж барих үед Мянганы сорилтын сангийнхан буцалтгүй тусламжаар цэвэрлэсэн усыг дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж өгөхөөр болсон.
-Барилгын ажил хэзээнээс эхлэх бол?
-ТЭЗҮ-д шинэ байгууламжийг дөрвөн жил барихаар тусгасан. Хятадын талаас уг ажлыг 2.5-4 жилийн дотор гүйцэтгэх боломжтой гэсэн. Гүйцэтгэгч компанийг сонгочихвол ажил эхлэхэд бэлэн.
-Шинэ цэвэрлэх байгууламжаа хаана байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Одоо байгаа цэвэрлэх байгууламжийнхаа хажууд байгуулахаар төлөвлөсөн байгаа.
-Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд орвол хуучин байгууламжаа ашиглах уу?
Шинэ цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 250 метр кубын бохир ус хүлээн авах хүчин чадалтай байна. Одоохондоо бол манай хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ хуучин цэвэрлэх байгууламжаасаа ашиглах боломжтой зүйлүүдийг нь ашиглана. Харин ашиглахааргүй болсон зүйлүүдийг нь дүгнэлт гаргаад тухайн үед нь яах вэ гэдгээ шийдвэрлэнэ.
Бид энэ асуудлаар Төв цэвэрлэх байгууламжийн албаны хүмүүстэй уулзах гэсэн боловч дээрээс зөвшөөрөл авдаг гээд нэвтрүүлээгүй юм. Одоогоос хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон, Эрүүл мэндийн яам цэвэрлэх байгууламж орчмын 163 айлын иргэдийн дунд өмхий үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж байжээ.
Судалгаагаар 43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарсан байдаг. Мөн 2000 онд 10 мянган хүн тутмаас амьсгалын замын өвчнөөр 791 хүн өвчилдөг байсан бол 2014 онд 1579 болж нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн үнэр тухайн орчинд амьдардаг буюу Сонгинохайрхан дүүргийн XX хорооны иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар зарим иргэнтэй уулзсан юм
Хаалга үүдээ битүүлсэн байхад ч үнэртдэг
Иргэн Ж.Пүрэвсүх ”Энэ хавиар ирсэн хүмүүс дотор нь муухайрч, огиулаад байж чаддаггүй.Нэлээн хортой болоод л хүн тэгж байгаа байх. Заримдаа их үнэртэхээр толгой өвдөж огиудас хүрдэг. Хаалга цонхоо битүүлсэн байхад ч үнэртдэг. Өвөлдөө бол цэвэрлэх байгууламжийн лаг нь хөлдчихдөг байх. Харин өдийд л хайлаад эхэлдэг. Чи үнэр танарыг нь мэдэрч байгаа биз дээ” гэв.
Бүр хоол унданд хүртэл амтагддаг
Иргэн С.Балжинням “Цэвэрлэх байгууламжийн хор нөлөө бий. Одоо харин дасаад байгаа юм уу үнэр нь ч гайгүй болоод байх шиг санагддаг болсон. Урин дулааны цагт хаалга үүдээ нээнэ гэсэн ойлголт байхгүй. Гэр орон, хувцсанд үнэр нь шингэж, автобус унаанд суухад хүмүүс хамар, амаа дардаг. Бүр хоол унданд хүртэл амтагддаг. Цэвэрлэх байгууламжаас гадна ойр орчимд өлөнгийн цех олон бий. Түүний үнэр илүү их үнэртдэг. Манай хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг л байдаг. Нийслэлийн сая гаруй иргэн бохирын үнэрийг үнэртэж байгаа юм чинь бидний эрүүл мэнд ямар болж байгаа нь хэнд ч ойлгомжтой’гэв.
Наад зах нь толгой өвдөж давчиддаг
Иргэн Х.Цэрэнцогзолмаа “Хотын бүх бохирыг амьсгалж байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Наад зах нь толгой өвдөж, амьсгал давчиддаг. Шинэ цэвэрлэх байгууламж барина гэж яриад л байсан. Хэзээ барих гэж байгаа нь мэдэгдэхгүй удлаа. Хурдхан шинэ байгууламжтай болж, энэ өмхий үнэрээс салахыг л хүсч байна. Бүр Москва хороололд хүртэл үнэртдэг гээд боддоо” гэв.
Уг нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихвол дээрх асуудлууд аяндаа шийдэгдэнэ. Учир нь шинэ цэвэрлэх байгууламж нь иж бүрэн автомат ажиллагаатай үнэр, дуу чимээ гаргахгүй аж. Шинэ цэвэрлэх байгууламжтай болтол хуучнаа ашиглаж тэсэхээс өөр зам байхгүй нь үнэн.