News агентаг 76:1 буландаа парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Нямтайширын Номтойбаярыг онцолж байна.
Улс төрд орж ирхээсээ өмнө хүн хутгалсан, шоучин, баян айлын эрх жаал гэх сэтэртэй байсан Н.Номтойбаярыг МАК группын эзэн Н.Нямтайширын хүү гэдгийг хүн бүр мэднэ. Тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдаар улс төрийн гараагаа эхэлж, сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байгаад саяхнаас сул гишүүн болсон. Улс төрд хөл тавьсан хугацаа нь богино ч үеийнхээ улстөрчдийн дунд хоёр ч удаа яам удирдаж үзсэн “арвин” туршлагатай нэгэн. Н.Номтойбаяр ажлын гараагаа тагнуулын байгууллагаас эхэлсэн гэдэг. Түүний дараагаас аавынхаа бизнесийг үргэлжлүүлж, МАК-д төслийн инженерээр ажиллаж байжээ. Энэ хугацаанд аавынхаа чихийг хамгийн их халууцуулж, элдэв хэрэгт орооцолдож, түүний талаарх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөвөрдөг байлаа.
МАК-ын эзэн эмэгтэй хүн хүчиндсэн, танхайрсан, хүн зодсон дүрсгүй хүүгээ нам дагуулах эхлэл нь 2010 оноос эхлэлтэй гэж түүний ойр тойрныхон нь ярьдаг. Чухам энэ үеэс л “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв” Төрийн бус байгууллагад удирдах албан тушаал хашиж, МАН-ын НАМЗХ буюу залуучуудын байгууллагад идэвхтэй улстөрч болох бэлтгэлээ базааж байжээ. Ийнхүү намын залуучуудын дунд улс төрд бэлтгэгдсээр 2012 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон.
Улстөрч болгох гол ажлыг нь МАК-д зөвлөдөг экс Ерөнхий сайд нар бэлтгэсэн гэх яриа ч бий. Чухам энэ цагаас эхлэн Н.Номтойбаяр томоожиж, түүний талаарх элдэв шар мэдээлэл бус албаны мэдээлэл хэвлэлд гарч эхэлсэн.
УИХ-ын гишүүн байхдаа МАН Ардчилсан намтай Засгийн газарт хамтрах үеийн дэд сайд байв. Түүнийг дэд сайдын ажлаа хамгийн сайн хийсэн хүн гэж намынхан нь дүгнэдэг. Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуульд олонх болсон МАН Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон гэж намын нөхөд нь дүгнэдэг. Одоо л нэг улстөрч болох нь гэж намын ахмадууд нь дүгнэх болсон ч үе үе сахилгагүй зангаа гаргаж, хүн хутгалсан хэрэгт холбогдож байв. Саяхан сайдын суудлаа өгөөгүй байхдаа Булган аймагт зам тээврийн осол гаргасан, гэрч болсон гэх мэдээлэл хэвлэлээр тарж байсан. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, тэр ослын гэрч нь би байсан гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй улс төрийн халуун үйл явдлууд өрнөж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудал өнөөдрийг хүртэл нам жим.
Тэр асуудлаас хойш тэрбээр чуулганы хуралдаандаа тун цөөн суудаг болсон. Тэрбээр МАН-ын залуучуудаас бүрдсэн Нийгмийн ардчилсан, залуучуудын холбоо гэх намын залуучуудын байгууллагыг хэсэг хугацаанд тэргүүлж байсан. Намын анхан шатны байгууллагаас эхлэх бус шууд л дарга болж, дэд сайдын суудлаар “шагнуулж”, улстөрч болсон замналд нь атаархах нэгэн байхад бахархах, дэмжих нэгэн ч бий. Сайдын суудлаа өгөхгүй, Засгийн газар унагахаар зэхсэн гишүүддээ хамгийн их бухимдаж байсан нь Н.Номтойбаяр байсан. Сайдын суудлаа өгөх үеэр одоогийн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэвлэлээр дайн зарлаж, чуулганы хуралдааны үеэр хатуухан үг хэлж байсан удаатай.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаарх хар бараан мэдээ хамгийн их. Гэхдээ түүнийг АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн, тагнуулын байгууллагад ажиллаж байсан туршлагуудыг нь дурдах хүн тун цөөн. Муу нэрийг хусавч арилахгүйтэй адил хийсэн эсэх нь ч эргэлзээтэй энэ олон бараан мэдээллүүд олон нийтийн дунд Н.Номтойбаярыг танил болгосон. Харин цаашид ямар улстөрч байхаас шалтгаалан түүнийг дүгнэх дүгнэлт өөрчлөгдөх биз ээ.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1995 онд Нийслэлийн 10 жилийн дунд сургууль
- 2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар
- 2005-2008 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Төслийн менежер
- 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар
- 2009 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал
- 2010 онд "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2010 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч
- 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Шагнал
- 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
- 2014 онд Алтангадас одон
Гадаад хэл
- Англи
Холбоотой мэдээ