С.Батцэцэг Болгарын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг Болгарын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

С.Батцэцэг Болгарын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Японы Такасаки хотод болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээнд зөвхөн шилдэг найман баг уригдан оролцдог бөгөөд тэмцээн гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болсон юм.

Дэлхийн цомд ахлах дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад шигшээ багийн тамирчид оролцсоны дараа тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна.

Тэгвэл Японоос Болгар улс руу зорьсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Турк, Итали, Германы бөхчүүдийг тус тус цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Тайбе Юсейнд 12:2 оноогоор цэвэр ялагджээ. Тайбе Юсейн ДАШТ-ээс хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин юм.

Софи хотод болсон Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнд дэлхийн 32 орны 500 гаруй тамирчид чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй болон сонгомол төрөлд өрсөлджээ. Тус тэмцээнд “Лондон 2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ийн хошой алт, нэг мөнгөн медальт, “Универсиад” их наадам болон Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг эх орноо төлөөлөн ганцаараа очсон ч медалийн тавцанд зогсож чадлаа.

Тус тэмцээнд Оросын эрчүүд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, долоон жинд аваргын төлөө өрсөлдсөн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Польшоос гурван аварга төрсөн бол Азарбайжан, Болгар, ОХУ, Герман, Чех, Турк, Унгарын бөхчүүд тус бүр нэг жинд түрүүлжээ.

Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн гуравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болсон юм.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж