О.Сэргэлэн: Багажууд маань үнэхээр муудсан, шинэчлэх шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

О.Сэргэлэн: Багажууд маань үнэхээр муудсан, шинэчлэх шаардлагатай байна

О.Сэргэлэн: Багажууд маань үнэхээр муудсан, шинэчлэх шаардлагатай байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/ амьд донороос элэг шилжүүлэн суулгах 44 дэх хагалгаа өчигдөр /2018.3.26/ боллоо. Олон цаг үргэлжилсэн хагалгааны завсраар  тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнг түр “саатууллаа”.   

-Элэг шилжүүлэн суулгах 44 дэх хагалгаа явагдаж байна. Энэ удаагийн хагалгааны талаар ярихгүй юү?

-51 настай, В, Д вирусийн гаралтай элэгний хатууралтай, элэгний эмгэг нь эцсийн шатанд орсон эмэгтэйд хагалгаа хийж байна.  Донор нь түүний хүү 28 настай залуу. Донорын хагалгаа дөнгөж сая дууссан /17.00 цаг/. Одоо элэг суулгах хагалгаа явж байна. Донорын хагалгаанд ямар нэгэн осол гарсангүй. Одоо элгийг суулгах хагалгаа 5-6 цаг үргэлжилнэ. Энэ хагалгаа нь  манай багийн бие даасан 15 дэх хагалгаа болж байна.

-Танай баг энэ жил хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгах вэ?

-Энэ жилээс элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрийг төр хариуцдаг болсон. Бид энэ жил 24 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа.  

-Энэ жил 24 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гэж байна. Гэтэл элэг шилжүүлэн суулгах шаардлагатай маш олон хүн бий. Тэднээс 24-ийг нь хэрхэн сонгох вэ?

-Донор нь бэлэн, хагалгаа хийлгэх нэн шаардлагатай хүнийг бид сонгож байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ жил 24 хүнд элэг шилжүүлэн суулгах төсөв батлагдсан. Тиймээс донортой 24 хүнд хагалгаа хийнэ. Доноргүй хүнд хагалгаа хийхгүй. Он гарсаар гурав дахь хагалгаагаа хийгээд байна.

-Элэг шилжүүлэн суулгахад донор хамгийн чухал. Донорын тухай хууль саяхан шинэчлэгдэж тархины үхжилттэй хүнийг донороор авах болсон. Энэ ажил хэр явж байна вэ?

-Донорын тухай хуульд бүхэл бүтэн нэг бүлэг нэмэгдсэн. Тэр нь тархины үхжилттэй донорыг олох, хариуцах, бидэнд мэдээлэх алба байгуулагдсан явдал. Энэ албанд элэг, бөөр болон бусад эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөний мэдээлэл хадгалагдана. Мэдээллийн дагуу тухайн алба тархины үхжилттэй донор нь аль өвчтөнд тохирохоор байна гэдгийг мэс заслын багт мэдэгддэг.

Мэс заслын баг тархины үхжилттэй донор хайгаад явах боломжгүй байдаг юм л даа. Энэ нь эмчийн ёс зүйн зөрчилд тооцогддог. Тиймээс хөндлөнгийн хүн оролцож энэ төрлийн донорыг олох ёстой байдаг юм. Энэ алба нээгдсэнээр хоногоо хүлээн суугаа өвчтөнүүдэд том боломж нээгдэж байгаа юм. Мэс засал хөгжсөн бүх оронд ийм алба байдаг. Монгол Улсад энэ алба одоо л байгуулагдаж байна. Элэг шилжүүлэн суулгах 44 хагалгааны 43 нь амьд донороос шилжүүлсэн байдаг бол нэг нь тархины үхжилттэй донор байсан.

-УНТЭ бөөр шилжүүлэн суулгах хэдэн хагалгаа хийсэн бэ?

-Манай эмнэлэгт 1996 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг анх хийж байсан.  Энэ хагалгаа амжилтгүй болоод 2005 он хүртэл зогссон. 2005 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг тасралтгүй хийж байгаа.

-Мэс заслын хайч зажлаад, ашиглахад хүндрэлтэй болсон гэж түрүүн эмч хэлж байсан. Хагалгаанд ашиглаж байгаа багажаас эхлээд гарч буй хүндрэл юу байна вэ?

-Мэс заслын багажуудыг зөвхөн элэг шилжүүлэн суулгахад бус бөөр шилжүүлэн суулгах хагалгаа болон бусад томоохон хагалгаанд ашигладаг. Бид одоо ашиглаж байгаа багажаар 150 гаруй хүний бөөрийг сольж, өнөөдрийн хагалгаатай нийлээд 44 хүний элэг сольсон байна. Эдгээр багажуудыг 2011 оноос хойш бүтэн найман жил тасралтгүй ашиглалаа. Багажууд маань үнэхээр муудсан. Шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газар энэ байдлыг харгалзан багажийн шинэчлэлд анхаарахыг хүсэж байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж