Эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, саналыг нь хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, саналыг нь хүлээн авна

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 1,5 жил, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлагдсанаас хойш 16 сар болж байгаа. Энэ хугацаанд дээрх хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт гаргасны  дүнд зарим нааштай, эерэг үр дүн гарч эдийн засаг тогтворжиж байгааг тэрээр тэмдэглэв.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 480 гаруй бодлого, хөтөлбөр, стратеги, мастер төлөвлөгөө, Үндсэн чиглэл, үзэл баримтлал батлан гаргаснаас 162 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Эдгээрийн харилцан уялдаа сул, санхүү, эдийн засгийн үндэслэл, тооцоо муу, үр өгөөжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо тодорхой бусаас тодорхой үр дүнд хүрч чадаагүй нийтлэг дутагдал байгааг Ерөнхий сайд хэллээ.

“Эдийн засгаа уналтаас гаргаж тогтворжуулах, улмаар өсгөхийн төлөө Засгийн газар эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдынхаа үнэтэй зөвлөгөө,  саналыг хүлээн авах болно” гэв.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Хөгжлийн бодлогыг боловсруулахдаа дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурласан байна. Бодлогод тусгасан төсөл, аргахэмжээг хэрэгжүүлэх төсөв, эхүүсвэрийг нь ч хамт шийджээ.

Үүний зэрэгцээ  Засгийн газар бизнесийн орчныг ээлтэй болгох, бааз суурийг нь өргөтгөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгох, тэгш, шударга татварын орчныг бий болгох зорилгоор татварын багц хуулийг өөрчлөх юм.

Энэ хүрээнд шударгаар бизнес эрхлэгч, татвараа сайн төлөгчдийг дэмжиж татварын зардлыг нь бууруулна. Харин татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлдөж байгаатай нь хатуу тэмцэх юм. Хууль батлагдсанаар Засгийн газар татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, зарим нэр төрлийн татварыг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

“Хөгжлийн гурван тулгуурт бодлого” болон Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг энэ сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор болох Монголын эдийн засгийн чуулганы эхний шатны хуралд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж