ХОМ нь зөрчилтэй гурван албан хаагчид хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

ХОМ нь зөрчилтэй гурван албан хаагчид хариуцлага тооцжээ

ХОМ нь зөрчилтэй гурван албан хаагчид хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.03.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хуралд  Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар оролцов. Тэд АТГ-аас өнгөрч буй гуравдугаар сард хийсэн ажлын талаар товч танилцуулга хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Авлигатай тэмцэх газраас 2018 оны гуравдугаар сард мөрдөн шалгах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, долоон гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Мөн энэ сард нийт 319 хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулжээ. Үүнээс 21 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, зургаан хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн  байна.

Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад 3 албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарчээ.

Гурван албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг зөрчилтэй гарчээ

Үүнд: өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн.

            Мөрдөн шалгах хэлтэст 271 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

-“Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Төмөрбаатар нь хуурамч баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт Г.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.

-МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь 2017 оны 9-11 дүгээр сарын хооронд удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан хэрэгт Э.Аззаяа болон Н.Баярсайхан нарын нэр бүхий 24 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.

-ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан  онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна.

-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж