Завханд хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Завханд хөл хорио тогтоожээ

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Б /18 настай, эрэгтэй/ гэгч наймдугаар сарын 13-нд хоёр тарвага агнаж, түүнийгээ хүнсэнд хэрэглэжээ. Иргэн Б тарвага агнах үедээ баруун хөлөндөө тарваганы бүүргэнд /тарваганы бөөс/ хазуулсан байна. Хэсэг хугацааны дараа түүний хөл шархалж хавдсан тул энэ сарын 16-нд Завхан аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд үзүүлжээ. Урьдчилсан байдлаар түүний өвчлөлийг “Булчирхай хэлбэрийн тарваган тахал” байж болзошгүй гэж үзэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Тарваган тахлаар өвчилсөн байж магадгүй шинж тэмдэг илэрсэн тул Аймгийн онцгой комисс хуралдаж, гурав хоногийн хугацаатай буюу шинжилгээний хариу гарах хүртэл аймгийн төв рүү орох, төвөөс гарах автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа ажээ. Хөл хориог өчигдөр /08.16/ оройн 21.00 цагаас эхлэн тогтоосон байна.

Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа ч иргэн Б-гийн аав, ээж, эгч болон анх үзсэн эмч нарыг гэрт нь өрхийн эмчийн хяналтад байлгаж,  халдвар авсан байж болзошгүй гэсэн 44 хүнийг тогтоон, эмчийн үзлэгт хамруулжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж