Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүүхдийг хүчиндсэн гэх аймшигт хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт холбогдсон этгээдийг баривчлан, мөрдөн байцаах ажиллаагааг явуулж байгаа гэдгийг мэдээлсэн. Тэгвэл эл хэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлж, хүчирхийллийн эсрэг хүчтэй жагсаал өрнүүлэх гэж байна.
Урьдчилсан байдлаар энэхүү жагсаалыг бямба гаригт /2018.03.31/ өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү жагсаалд иргэд, төрийн бус байгууллагууд, урлаг, спортынхон нэгдэж буйгаа илэрхийллээ.
Хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийлэл сүүлийн жилд нэлээдгүй бүртгэгдэх болсон. Тухайлбал 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар 288 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэний хүүхэд хохирсон 135 тохиолдол бүртгэгджээ. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн томоохон жагсаал хийнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Мөн жагсаал зохион байгуулагчид Эрүүгийн хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэв.
Э.Ариун