Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

АН амиа хорложээ

Өнгөрөгч  Ням гаригт болсон Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой хоёр ч бичлэг сошиалд тавигдаж, олон нийтийн сүлжээнийхний элгийг хөшөөж, элий халаг болж байна. Арай ч дээ, Арчилсан нам түүхэндээ ийм ичгүүр сонжүүргүй, ил цагаан луйвар хийж байгаагүй юм. Ийм харууслыг  өнгөрсөн 26 жил Ардчилсан намд итгэл үнэмшлээ өгч, эрх мэдлийнх нь гишгүүр болж явсан энгийн  гишүүд дэмжигчид нь илэрхийлж сууна.

УИХ-ын 2016 оны сонгуульд  эрх мэдлийн гадна үлдсэн Ардчилсан нам алдаа оноон дээрээ дүгнэлт хийж, намаа шинэчлэх “ариун үйлс” эхлүүлж байгаагаа зарласнаас хойш энэ нам С.Эрдэнээр овоглож, айж ичих асуудал Ардчилсан намд алга болжээ гэмээр.
Парламентын сонгуулийн дараа намын үзэл баримтлал дүрмээ өөрчилж, арван жил завсарласан Их хурлаа хуралдуулж байсан нь ердөө хоёр жил хүрэхгүй өмнөх явдал боловч Ардчилсан нам өнөөдөр  төрөл арилжиж, төрөл төрөгсдийн нам болтлоо доошоо оржээ.

Яагаад эрх мэдлийн гадна үлдсэнээ одоо ч ойлгоогүй, ялагдлынхаа хариуцлагыг ганцхан С.Баярцогттой тооцсоноос өөр энэ намд энэ талаар ярьдаг хүн цөөрч, шинэчлэлт явагдсан гэвэл ёстой “Ичмээр дамшиг” болох биз.

Үнэндээ АН-ыг өнгөрсөн 2012-2016 онд толгойлж, энэ намын нэрээр тодорч явсан, гутамшиг болж, гудамжинд гарахад нь хамгийн их нөлөөлсөн, унах нүхийг нь ухаж өгсөн хүмүүс нь өнөөдөр ардчиллын буянаар, намын нэрээр төрийн өндөр дээд албан тушаал, сэнтийд заларч суугаа нь гашуун үнэн. Ялагдлынх нь хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс эсрэгээрээ ямба эдлээд сууж байгааг Ардчилсан намын хувь заяаны шоглоом гэх үү, Ардчилсан намынхны арчаагүйнх гэх үү.

Засгийн эрхийг алдаж, гудамжинд гарсныхаа дараа Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулж,  шинэ дүрмийн дагуу дотроо сунгаа явуулж, шинэ дарга, Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдээ, аймаг дүүргийн шинээ удирдлагуудаа сонгосон.

Ардчилсан намын даргад Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван хүн 250 сая төгрөгийн дэнчин тавьж өрсөлдсөнөөр З.Энхболдын бодож олсон оноолтын системээр С.Эрдэнэ 2928 оноогоор ялалт байгуулснаар өөрийгөө энэ намын ‘эзэн’ гээд ойлгочихсныг гишүүд нь шүүмжилж сууна.

Энэ удаагийн  Үндэсний бодлогын хорооны 410 гишүүдээс дүрмийн дагуу 127 хүнийг ротацид оруулсны дунд Р.Амаржаргал, Б.Баабар, Д.Ганболд, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нар байсан бөгөөд тэдний хувьд дахиж сунгаанд оролцоогүй.  Wow, С.Эрдэнэ даргад баяр хүргэе. Энэ янзаараа явбал ирэх 2020 онд АН ахиад ялагдаж, С.Эрдэнэ даргын үе дуусна.

Ротаци явуулах болсон шалтгаанаа тус намын генсек Ц.Туваан тайлбарласан нь “Ротаци явуулна гэхээр хасаж байгаа биш ҮБХ-ны гишүүдэд үнэлгээ өгч тухайн жилд хамгийн бага оролцоотой ажилласан хүнд оноо өгч улмаар дотоод сонгуулиараа нийт гишүүдээс дахин үнэлгээгээ авах”.  Гэвч, Ардчилсан намын гишүүдийн хувьд арай өөр тайлбар хийж буй нь С.Эрдэнэ нийслэлийн болон аймаг дүүргийн намын үүрийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхээр улайрч байна гэх хардлага. С.Эрдэнэ даргынх болоогүй нийслэлийн ганц дүүрэг нь Баянзүрх тус дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нарыг Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1, 3.9.2.1, 3.9.3.2, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.12, заалтуудыг зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцохоор шийджээ. Таалагдаагүй бүхэнтэйгээ хариуцлага тооцдог нь АН-ын удирдлагуудын хувьд гэм биш зан гэлтэй. Т.Батцогтыг  үүрэгт ажлаас нь огцруулж, дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэж АН-ын удирдлагууд үзэж байгаа нь түүнийг С.Баярцогтын араас хөөнө гэсэн сүрдүүлэг байж ч болох.

Ийнхүү ирэх 2020 оны УИХ, аймаг, хот, дүүрэгт өрсөлдөх эрх С.Эрдэнэ даргаас авахын тулд 127 суудал дээр ширүүн өрсөлдөөн явагдаж, гуравдугаар сарын 25-ны Ням гаригт  болсон орон даяар тус намын ротаци олон нийтийн сүлжээнд онигоо тарьж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэг дээр Баянголынхон ирж санал өгсөн. Саналын хайрцгаа авч зугатсан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах л гэх,  Бодлогын хороонд нэр дэвшигч Энхбаяр гэгч өрсөлдөгчөө машинаар дайрсан л гэх  ‘алаан’ Ардчилсан намын сунгааны үеэр өрнөжээ. Энэ талаар С.Эрдэнэ даргад хаягласан Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд дэмжигчдээс илгээсэн үг нь “Та энэ намын хаан биш шүү”.

Жижиг биетэй даргаа томоор сольсон гэх шүүмжлэлд өртөж байсан Ардчилсан намд өмнө нь З.Энхболдын өмнөөс үг хэлсэн бүхэн адлагддаг, араанд нь зуугддаг байсан бол С.Эрдэнийн үед энэ нам байж болох хэмжээнээсээ хэтэрсэн, хамгийн ичгэвтэр эрээ цээргүй байдалдаа орсон байна. Үнэн л дээ, С.Эрдэнэ энэ намын эзэн биш. Үе, үеийн ардчилагчид, ардчиллыг дэмжигчдийн хүчинд өнөөдөр энэ нам үндэсний том нам болтлоо төлөвшсөн.  Ардчилсан чөлөөт сонгуулийн эрхэнд халдаж байгаа бол Ардчилсан нам татан буугдсан нь дээр. Ингэж ил цагаан амиа хорлож байхаар шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж