Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв

Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв

Булган аймгийн  Дашинчилэн сумын иргэн Д.Туяа  Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгт гомдолтой байгаа талаар өнөөдөр /2018.03.26/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2015 онд Булган аймгийн  Дашинчилэн сумд  хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд онц их хэмжээний хор хохирол учруулсан “Алтан дорнод Монгол” ХХК-ийн талаар нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2015 оны есдүгээр сард анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад, ашигт малтмалын газрыг хариуцагчаар татаж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшилд байгаа 15 тусгай зөвшөөрлийн газрыг түдгэлзүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах эрхийг хассан байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дашинчилэн сумын малчдад нэхэмжлэгчээ татаж авах, орон нутгийн малчдад мөнгө өгөх зэрэг олон хууль бус оролдлогыг хийж байсан. Орон нутгийн малчид тэр саналыг нь хүлээж авахгүй болохоор хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг Дээд шүүхэд авлигал өгсөн гэж  таамаглаж байна. Хоёр жил орчим  шүүх байгууллагаар маргалдаж явсаар 2017 оны зургадугаар сарын 21-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг хэргийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн  талд шийдсэн   гэж  иргэд бид хардаж байгаа.

Тухайн шүүх хурал дээр шүүгч нь хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд өмгөөлөгч авах, санал хэлэх боломж олгоогүй. Мөн хурлын дэгийг танилцуулахгүйгээр  хурлыг шууд эхлүүлсэн. Хэргийг шийдэхдээ шүүх хуралдааны үеэр шүүгч Л.Атарцэцэг гуравдагч тал болох “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд асуулт тавихдаа “Танай үйл ажиллагаа явуулж байгаа талбай чинь Төв аймгийн нутаг биз дээ” гэх агуулга  бүхий асуулт тавьсан.

Энэ нь Улсын дээд шүүгч хүнд байж болохгүй алдаа биз дээ. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн актыг хүчингүй болгох талаар  нэхэмжлэл гаргахад тухайн орон нутгийн харьяаллын иргэний нэхэмжлэлийг хүлээж авдаг. Хэрэв энэ үйл ажиллагаа нь Төв аймгийн Заамар сумын нутаг болсон юм бол анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх байсан. “Алтан Дорнод Монгол” ХХК  нь 2014 оноос эхлээд  2018 он хүртэл манай аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хуулийн цоорхойг ашиглаж өөрийн эзэмшлийн талбайг хэсэгчлээд өөр  компаниуд ашигласаар ирсэн. Ийм учраас  Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд болон Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдэгдэж байна” гэв.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж