“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ хамтран “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Blue Sky” зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр “Эрхэм Элчин сайд нар болон сэтгүүлчид энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд өдөр тутмын ажилдаа Монгол Улсын Засгийн газар буюу төртэй хамтран ажиллаж ирсэн билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хамгийн суурь ойлголт, засаглалын нэг хэлбэр юм. Тийм учраас зөвхөн төр засагтай төдийгүй энэ засаглалтай ч мөн адил харьцах хэрэгтэй байдаг. Яг үүнийг нөхөж өнөөдрийн арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн ач холбогдол өдөр бүр улам өссөөр байгаа энэ цаг үед өөрийн мэдээллийг зөвөөр таниулан цацах, хэвлэл мэдээлэлтэй харьцах харилцааны суурь тавигдах, хоёр орны харилцааг зөв урсгалаар явуулах, бодлогын уялдаатайгаар харилцааг хөтлөн явуулахад маш чухал үүрэгтэй. Миний зүгээс Элчин сайд нартаа хандаж хэлэхэд, зарим тохиолдолд хэвлэлийнхэнтэй харилцах харилцааг зөв урсгалаар нь явуулж байгаа үед засгийн газарт сонсгох мэдээ  илүү хурдан хүрч байж магадгүй.  Хэвлэл мэдээлэл нь дөрөв дэх засаглал гэдэг утгаараа том засгийн газартай дүйцэхүйц учир бүхэл бүтэн засаглал гэж хэлж болно. Биднээс хүчтэй үе байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх гэсэн нэгдсэн нэг бодлогын дор МСНЭ-тэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжил болон 10 жилийн зорилт, 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр 105 жилийн түүхтэй Үндэсний сэтгүүлзүйн салбар, 67 жилийн түүхтэй МСНЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэт хөгжлийг авчрахын төлөө зорьж байгаагаа илэрхийлсэн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: ДАМЖЛАГАГҮЙГЭЭР МЭДЭЭЛЛЭЭ ШУУД АВАХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ БАЙНА

-МСНЭ-тэй хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний гол онцлог нь юу вэ?

-Энэ арга хэмжээний гол онцлог нь Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг хэвлэл мэдээллүүдийн байгууллагуудтай холбож өгөх. Тиймээс өдөр тутмын амьдралд гүйцэтгэх үүрэг нь илүү нэмэгдсээр байгаа энэ үед зөв мэдээлэлтэй байх, ялангуяа мэдээллийн эх сурвалж нь найдвартай байх нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал гэж бодож байна. Та нарын хэрэглэгч олон түмэн зөв мэдээлэлтэй байж,  ялангуяа гадаад мэдээллийн эх сурвалж нь шалгагдсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэй байх нь чухал. Тэр эх сурвалж нь гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд шүү дээ. Заримдаа тэр бүр нээлттэй байхгүй, хаалттай байх нь элбэг. Тиймээс манай хэвлэл мэдээлэлтэй харьцаж байгаач ээ, манай хэвлэл мэдээллийнхэн ч мөн адил дипломат төлөөлөгчийн газруудтай танилцаад аваач ээ гэсэн үүднээс энэ нээлттэй сувгийг л бий болгож өгөх гэсэн юм. Энд ирсэн Элчин сайдуудтай шууд нүүр тулан уулзсан байхад дараа нь ярилцлага авах гээд очиход ч гэсэн илүү дөхөм байна байх. Сэтгүүлчдэдээ ч тус болж байгаа, дипломат төлөөлөгчийн газрууддаа ч тус болж байгаа юм. Хамгийн гол нь мэдээллийг хэрэглэж байгаа хүмүүстээ л найдвартай мэдээлэл хүргэх юмсан гэж хүсэж байна.

-Ийм уулзалт өмнө нь болж байсан уу?

-Яг иймэрхүү уулзалт өмнө нь хийгдэж байгаагүй юм билээ. Иймэрхүү арга хэмжээ зохиогдсон эсэхийг судалсан. Миний ойлголтоор бол анхных гэж бодож байна. МСНЭ-ээс цаашдаа ийм уулзалтууд зохион байгуулах бол миний зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаа.

-Энэ уулзалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Үр ашиг нь гэвэл ямар нэг дамжлагагүйгээр шууд мэдээллээ авч байх боломж юм. Ялангуяа энд ирсэн улсууд цаашдаа хамтран ажиллах боломжоо л нээж байгаа гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ Элчин сайдын яамд өдөр бүр нээлттэй байхгүй шүү дээ. Тиймээс энэ нь хамтын ажиллагааны өргөн боломжийг нээж байна гэсэн үг юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: СЭТГҮҮЛЧИД, ЭЛЧИН САЙДУУДЫГ ХОЛБОЖ ӨГСӨН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

-“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтын гол зорилго юунд оршиж байна вэ?

-МСНЭ нь Гадаад харилцааны яамтай хамтран “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтын гол зорилго Монгол Улсын үндэсний сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаа, сэтгүүл зүйн байгууллагуудын талаар хэвлэл мэдээллийн өнөөдрийн ажиллах орчин гэх зүйлүүдийг элчин сайдууддаа мэдээлэл болгон өгье. Нөгөө талаасаа төрөл бүрийн хэлбэрээр гадаад харилцаагаа өргөжүүлэх ямар арга хэлбэр байх вэ гэдгийг бид хайж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд 20 орчим Элчин сайд, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид, ерөнхий консулууд хүрэлцэн ирлээ. Хүрэлцэн ирсэн бүх зочин, хамтран ажилласан Гадаад харилцааны яам, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

-Гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй арга хэмжээ юу?

-Тийм ээ. Сэтгүүлзүйн салбар өөрөө их онцлогтой салбар шүү дээ. Бусад бүх салбарынхаа ажил хэргийг хамаарч байдаг ийм салбар. Бид бол бүх салбарын дуу хоолой нь болж байдаг. Үүнтэй адилхан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайдууд Монголын сэтгүүл зүйн байгууллагуудтай буюу сэтгүүлчидтэй хамтран ажиллах сонирхолтой байдаг. Өнөөдрийн арга хэмжээ бол сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай элчин сайдуудыг холбож өгсөн сайхан арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: МСНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж