Цахим орчин дахь монгол бичгийн хэрэглээ болон түүний юникодын асуудлаар төрийн бус байгууллагын төлөөлөл өнөөдөр /2018.3.26/ мэдээлэл хийлээ.
МУИС-ийн багш, биологич Д.Лхагвасүрэн “Бид хэзээ монгол бичгээ бичиж ашиглаж болох вэ. Цахим орчинд монгол бичиг ашиглах боломж одоо болтол бүрдээгүй байгаа. Монгол бичгийн олон улсын стандарт буюу юникод бэлэн болсон гэж байгаа боловч энэ нь бүрэн биш. Гэтэл хүмүүс юникодод орсон л бол ашиглаж болно гэж боддог. Энэ нь кирил үсэгт болно. Харин монгол бичгийн үсэг нь эхэн, дунд, адагт орж байгаагаас шалтгаалаад үсгийг өөр хэлбэрээр бичих шаардлага тулгардаг. Энэ бүхнээс шалтгаалаад үгийг зөв бичдэг болгохын тулд тухайн стандартад тохирсон фонд хэрэгтэй байдаг. Үүнийг ажиллуулах техникийн дүрэм хэрэгтэй. Ийм зүйлийг одоо болтол хийхгүй байгаа тул Монгол бичгээр цахим орчинд текст солилцож болохгүй байгаа юм. Жишээ нь, твиттер, фэйсбүүкт тийн ялгал нь зөв гарахгүй, орхиц нь буруу гараад байгаа. Хэдий монгол бичгийн юникод байгаа ч тэр нь бүрэн төгс биш, алдаатай байна. Үүнийг харилцаа холбоо хариуцсан стандартын байгууллага хийх ёстой. Гэвч энэ байгууллага нь ийм стандарт байдгийг ч мэдэхгүй байна. Тиймээс үндэсний хэл бичгийн стандартыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Р.РЕНЧИНДУЛАМ