Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар тус улсын уул уурхай, түүний дотор жоншны хайгуул, олборлолт, баяжуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж, ОХУ-ын иргэн Ю.В.Ларов, А.А.Лысенко, М.А.Барков, А.С.Грохочинский нарыг “Хүндэт медаль”-иар шагнасан. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа шагнагдсан иргэдийг өөрийн ЭСЯ-ны “Чингисийн өргөө” уулзалтын танхимд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзан медалийг ёслол төгөлдөр гардуулав.
Элчин сайд Б.Дэлгэрмаа шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хайлуур жоншны хайгуул, олборлолт, баяжуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон одоо ажиллаж буй Зөвлөлтийн болон Оросын үе үеийн геологич, уурхайчин, баяжуулагч инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг Монголчууд бид өндрөөр үнэлж, үргэлж бахархан дурсдаг. Та бүхний чин шударга ариун цагаан хөдөлмөрийн дүнд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам бүр бэхжиж ирснийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна” гэж хэлэв.
Түүнчлэн, Элчин сайд Ю.В.Ларов, А.А.Лысенко, М.А.Барков, А.С.Грохочинский нарт Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооноос тус улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Чулууны хаан жонш … домгын мөрөөр” баримтат кино болон “Эрдэнэсийн түүхийг бүтээгч” номыг дурсгал болгон бэлэглэв.
Жич: Ю.В.Ларов нь 1975-1983, 1989-1993 онд Монголросцветмет (хуучнаар Монголсоццветмет) ХХК-ний ерөнхий инженер, ерөнхий захирал, 1996-1999 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан байна.
А.А.Лысенко 1987-2000 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан.
М.А.Барков 1980-1983 онд ЗХУ-аас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа ЭСЯ-ны харьяа Цветметпромэкспорт компаний захирал, 1985-1991 онд Уул уурхайн үйлдвэрийн барилгын газрын дарга, Монголросцветмет ХХК-ийн Зөвлөлийн гишүүн, 1991-1999 онд Зарубежцветмет компаний ерөнхий захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан.
А.С.Грохочинский 1975-1984 онд Монголросцветмет ХХК-ний Материалын нөөцийн хангамжийн газрын даргаар ажиллаж байсан.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ