АТГ: Д.Гантулгыг баривчлах санал хүргүүлсэн ч цуцлагдсан

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

АТГ: Д.Гантулгыг баривчлах санал хүргүүлсэн ч цуцлагдсан

АТГ: Д.Гантулгыг баривчлах санал хүргүүлсэн ч цуцлагдсан

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.03.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хуралд  Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар оролцов. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог хариулав.

 -Эрдэнэтийн 51 хувийн асуудалтай холбогдуулан АТГ-аас Д.Сугарыг хэрэгт шалгасан уу?

-Прокурорын газраас шалгагдаж байгаа хэргийн талаар зөвшөөрөгдсөн хэмжээнд  мэдээлэл өгнө. Ерөнхийдөө “Эрдэнэт”-ийн асуудлаар цаашид нэлээн хэдэн асуудал гарах байх. “Эрдэнэт” үйлдвэр, Жаст компанид батлан даалт гаргаж, зээл авсан асуудалд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нараас байцаалт авсан. Нарийвчлан шалгах шаардлага байгаа.

Шалгалтын явцад Ш.Батхүүгийн компани болон бизнесийн талаарх мэдээллийг нэг бүрчлэн шалгаж байна. Энэ ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэгтэй, аудитын байгууллагын хүмүүс оролцсон нарийвчилсан шалгалт үргэлжилж байна. Ш.Батхүүтэй холбоотой хамаарал бүхий өмч хөрөнгө, сэжиг бүхий хөрөнгийг бага үнээр худалдсан, бэлэглэсэн сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, шалгаж байна. Тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас байцаалт авч, гарын үсгийг хуурамч эсэхийг шалгаж, шинжээчээр судлуулсан. Шаардлагатай бол нэмж, тайлбар байцаалт авна. ТЭЦ-4-ийн захирал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бусдаас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж,  шалгаж байна.

-Элчин сайд М.Энхсайханыг ирж байцаалт өгөхийг хүссэн байсан. Ирж байцаалт өгсөн үү?

-М.Энхсайхан нь Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой төсөл дээр Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа энэ гэрээний төслийг боловсруулсан асуудал дээр албан тушаалаа урвуулан ашигласан эсэх талаар нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, дуудсан. Өнөөдөр М.Энхсайхан дуудах хуудасны дагуу гэрчийн байцаалт мэдүүлэг өгч байна.

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар тайлбар өгнө үү?

-“Жаст” групптэй холбоотой асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудал яригдаж байгаа. Одоо шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 17.1.2 дах зүйл ангиар яллагдагчаар татаж, шалгаж байгаа. Энэ зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, дуусах болоогүй.

-УИХ-ын гишүүн асан С.Баярцогттой холбоотой Оюутолгойн асуудлаар мэдээлэл гарсан. С.Баярцогтод мөнгө зээлсэн этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?. Г.Алтанг шалгаж байгаа гэх асуудлаар мэдээлэл өгөх боломжтой юу?  

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Тус гэрээ болон хэрэгжилтийн талаар нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар, байцаалт авсан. Мөн олон албан хаагчидтай холбоотой анхаарал татахаар асуудал байгаа. Нухацтай шалгана. Түүнээс гадна далд уурхайтай холбоотой Дубайн гэрээний асуудлыг шалгаж байгаа.

-“Жаст” болон “Алтжин” компани нарын хооронд   Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дуудаж, мэдүүлэг авна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Увс аймгийн нутагт Хотгор шанагын уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан.  

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг баривчилж, цагдан хорьсон гэх мэдээлэл гарч байна. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тухайн тогтоолыг танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад нийтдээ 18 удаа хандсан. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг илгээдэг. Гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн аваагүй.  Энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.2.6 зааснаар “дуудагдсан сэжигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс татгалзсан бол баривчлах болно” гэсний дагуу 2018.02.22- нд баривчлах санал хүргүүлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн шүүхээс үндэслэлгүй байна гэж үзсэн. Энэ асуудалд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөрдөн шалгах хэлтэст 271 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

-“Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Төмөрбаатар нь хуурамч баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт Г.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.

-МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь 2017 оны 9-11 дүгээр сарын хооронд удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан хэрэгт Э.Аззаяа болон Н.Баярсайхан нарын нэр бүхий 24 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.

-ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан  онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна.

-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна

 

Ш.ЧИМЭГ, Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж