“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Ерэн нэгдүгээр бүлэг
ХУЯЛЧ СЭТГЭЛЭЭР БАО ЧАНЬ НАРИЙН АРГА СҮВЭГЧИЛЖ, ХУВРАГИЙН ЁСЫГ БАО ЮЙ ДУР МЭДЭН НОМЛОВ
Түүний тухай Шюэ Кө сэжиглэж байтал цонхны цаана хүн хөхрөх чимээ гарсанд хэрдхийн цочоод дотроо: “Бао Чань биш бол Жинь Гүй биз. Тэднийг тоохгүй байж байгаад яахыг нь үзье” гэж бодоод чагнаж байвал сүүлдээ алга болов. Өөрөө ч бас энэ архи, жимсийг ууж идэх сонирхолгүй болж үүдээ хаагаад хувцсаа тайлах гэж байтал цонхны цаас үл мэдэг шажигнав. Бао Чань зууралдсан тул Шюэ Көгийн дотор энэ хэр дэн дун болж яахаа мэдэхийг болив. Цонхны цаас нэг дуугарсанаа чимээгүй болсон тул сэжиг төрж, дэнгийнхээ дэргэд мэлрээд бодлогошров. Жимсийг эргүүлж тойруулж үзэв. Гэнэт эргэн харвал цонхны цаас нэг хэсэгтээ норсон харагдана. Дэргэд нь очоод нүдээ сүүмийлгэн ажиглаж зогсвол, гаднаас үлээсэнд Шюэ Кө ихэд цочив. Тэгтэл бас л хи хи гэж зөөлхөн хөхрөв. Сандрахдаа, дэнгээ үлээгээд амьсгаагаа түгжин хэвтэв. Төдхөн “Эр Е яагаад архи уухгүй, жимс идэхгүй хэвтэв ээ” гэх сонсогдов. Энэ нь Бао Чаний дуу мөн байсан тул Шюэ Кө унтсан болоод дуугарсангүй. Хэсэг азнаснаа “Дэлхий дахинд бас энэ мэтийн буянгүй хүн байдаг ажээ” гэх сонсогдоно. Дууны өнгө Бао Чанийх шиг, бас ч Жинь Гүйх ч шиг санагдсан тул тэдний санааг мэдэж аваад, эргэж хөрвөөсөөр байгаад үүр цайхын алдад унтав.
Үүд тогших чимээгээр сэрээд “Хэн бэ” гэвэл чимээгүй. Босоод үүд нээвэл, Бао Чань алтан тууз даруулсан, талласан энгэртэй элгэвч дээр хуучивтар ногоон тэлээ тэлээлээд, доогуураа цацмал цэцэгтэй улаан торгон өмдийг хормойвчгүйгээр ил гарган өмсөж хөлдөө цэцэгтэй улаан шаахай углан, энгэрээ зөрүүлэн гэзгээ илбэсээр орж ирэв. Бао Чань хүнд үзэгдүүзэй гэж улс босохоос өмнө завдаж жимсний саваа аваачихаар орж ирсэн ажээ. Шюэ Кө түүний энэ мэт хувцаслан ирэхийг хараад, сэтгэл нь хөдлөсхийгээд инээмсэглэн: “Яагаад ийм эрт босов” гэж асуусанд цаадах нь царайгаа улалзуулаад дуугаралгүй жимсийг нэг тавагт хийгээд авч явав. Шюэ Кө, түүний энэ байдлыг хараад, өчигдөр шөнийн явдлыг мэдэж дотроо: “За болтугай. Тэд уурлаад нэгмөсөн горь тасарвал, ирж заргалдахгүй сайн л биз” гэж бодоод санаа амарч ус авчруулан нүүрээ угаагаад хүмүүс ирж яршиглахаас зайлсхийж гэртээ хэдэн өдөр тайван сууя гэж бодов.
Шюэ Паньтай найзалж явсан хүмүүс гэрт нь ганц залуу байгаа болохоор горьдлого тасрахгүй, зарим нь хэрээс давсан юм ч бодно. Зарим нь хутгалдан орж нааш цааш гүйхийг хүснэ. Бас зарим нь заргын бичиг хийж чадах ганц хоёр хүн таних тул дээш доош бэлэг тал хүргэхийг санана. Зарим нь бүр дундаас нь мөнгө олж дамлахыг горьдоно. Бүр цуурхал тарааж айлган сүрдүүлэх зэрэг санаа сэдэж, янз янзын ухаан гаргана. Шюэ Кө хэрэг уршиг дэгдэхээс айж, тэндээс холдон зайлж, гэртээ нуугдан суугаад өргөлт бичиг дамжихыг хүлээнэ.
Өчигдөр үдэш Жинь Гүй архи жимс бэлтгэн Бао Цаниар явуулж түүнийг туршуулсанд, цаадах нь буцаж очоод Шюэ Көгийн байдлыг ний нуугүй хэлжээ. Жинь Гүй бодсон нь урагштай болоогүйг үзээд, дэмий хоосон горьдож, Бао Цаньд доромжлогдуузай хэмээн болгоомжилж, нэг хоёр үгээр аргацаан баллаж, үгээ өөр тийш шилжүүлсэн боловч дотроо энэ хүнийг орхиж ядан арга нь барагдан мэлрэн суув. Бао Чань ч Шюэ Паний эргэж ирэх хэцүү болсныг мэдээд, замаа хайх санаатай байсан боловч Жинь Гүйд баригдахаас айгаад огт мэдэгдэхгүй байсан билээ. Одоо нэгэнт тэрбээр эхлэн үүсгэсэн тул Бао Чань аян талын нөгөө талыг дагуулж урьдаар Шюэ Кэг гартаа оруулж чадвал, Жинь Гүйн зөвшөөрөхгүйгээс айх явдалгүй гэж баярласан тул даруй уран үгээр өдөв. Шюэ Кэгийн байдлыг харвал арай санаагүй биш шиг боловч явдлыг өөрийн зүг хөтлөх төлөвгүй санагдана. Тэгээд түргэн түүхий аашилж чадсангүй. Нэг харах нь ээ нь, Шюэ Кө дэнгээ унтраагаад унтжээ. Ихэд урам нь хугараад орж Жинь Гүйд хэлэв. Тэгээд түүний ямар арга гаргахыг харж байгаад болъё гэж шийдэв. Жинь Гүй хэрэглэмээр аргагүй мэт мэлрэн суусан тул ор дэрийг нь засаж өгөөд хэвтэв. Нойр нь хүрэхгүй болохоор эргэж хөрвөөсөөр байгаад нэг арга бодож олов. Тэр нь юү вэ гэвэл, өглөө эрт босмогц сав суулга авахаар орохдоо, ганц хоёр өнгөтэй юм өмсөөд, наалинхай дүр гаргаж, түүний байдлыг харж байгаад, нэг бол уурласан байдал үзүүлэн огт тоохгүй байдал гаргая. Тэр хэрэв гэмшсэн бол аяндаа мурай халбага аман тийш болж ирэх тул урьдаар аманд орохгүйгээс зовох явдалгүй гэж тогтжээ. Одоо Шюэ Көгийн байдлыг харвал гаж солгой байдал огт мэдэгдсэнгүй. Өчигдөр үдшийнхээ л хэвээр байх тул арга мухардахдаа, хуурмагыг үнэн болгож, пял тавгаа аваад гарч ирсэн боловч дахин орж турших замаа засаад архины гүцийг зориуд орхив. Жинь Гүй “Чамайг орж юм авахад хүн таарав уу” гэж асуусанд цаадах нь: “Үгүй” гэв. Жинь Гүй “Цаадах чинь чамаас юм асуув уу” гэсэнд бас л “үгүй” гэв.
Энэ шөнө Жинь Гүй нүд аниагүй боловч арга олсонгүй. Эргэцүүлэн бодсоор “Энэ явдлыг үйлдэхэд бусдаас нууж болох боловч шивэгчнээсээ яаж нуух вэ. Харин түүнд хувь хүртээвэл тэр аяндаа хэлэх үггүй болно. Би бол очиж огт болохгүй. Энүүгээр л хөл гар залгуулахаас хойш хоёулаа бүтэлтэй сайн арга зөвлөж тогтоё” гэж сэтгээд инээмсэглэсээр “Чиний бодолд энэ залуу ямар зэргийн хүн бэ” гэж Бао Цаниас асуувал: “Энэ чинь эргүү амьтан мэт байна” гэж хариулав. Цаадах нь инээж: “Чи яагаад эр хүнийг үгүйсгэхэд хүрэв” гэсэнд Бао Чань: “Тэр найнайгийн сэтгэлийг газар хаясан тул түүнийг ингэж хэлж болноо” гэсэнд Жинь Гүй “Тэр яаж миний сэтгэлийг хөсөр хаяв? Чи хэлэл дээ” гэвэл цаадах нь: “Найнай түүнд амтат идээ өгч байхад тэр идсэнгүй. Энэ чинь найнайгийн сэтгэлийг хаясан хэрэг биш үү” гээд түүнийг ширвэн хараад инээв. Жинь Гүй: “За чи битгий дэмий сэжиглэ. Тэр да е гийн төлөө халшралгүй зүтгэсэн тул би түүнийг хүндлээд бэлэг өгсөн юм. Тэгэхдээ би бусдын илүү хоншоороос айгаад чамаас асуусан шүү. Чи надад ийм үг хэлж байгаа санаагий чинь би ойлгохгүй байна” гэсэнд шивэгчин нь инээгээд: “Найнай битгий сэжиг сана. Найнайг дагасан надад буруу санах юм алга. Гэвч учир явдалд хянуур байх хэрэгтэй л дээ. Нууц задарвал тоглоом биш шүү” гэв. Жинь Гүйн царай улс гээд: “Бодвол чи түүнийг дотроо тоочихоод, надаар бамбай хийх гэж байгаа биш биз” гэж асуув. Цаадах нь:
-Энэ ч найнайгийн санаа байхаа. Би харин таны өмнөөс сэтгэл зовж байна. Найнай үнэхээр энэ Эр Ег тоосон бол надад харин нэг арга байна. Найнай бодоорой! “Сур идэхгүй нохой” байдаг юм уу. Тэр бас учир явдал задарч олны дотор үймээд нүүрээ барахаас айх төдий байлгүй. Би бол найнайг яарах хэрэггүй гэж хэлнэ. Харин үргэлж эргэж тойрон, санаандгүйгээр биедээ ойртуулах аргыг бодох хэрэгтэй. Тэр таны хадам дүү бөгөөд гэрлээгүй хүн болохоор найнай илүүхэн анхаарч тус хүргэж байхад хүн юм хэлэхгүй шүү. Хэдэн өдөр болбол тэр аяндаа найнайгийн сэтгэлд талархан өөрөө хүрээд ирнэ. Тэр үед нь найнай гэртээ бага сага юм бэлтгээд, хоёулаа амжаад түүнийг согтоовол, тэр хаашаа зугтаана вэ. Тэрнийг зөвшөөрөхгүй бол бид шууд найнайд халдлаа гээд л шуугиулчихна. Тэр айхдаа бидний аяыг дагахгүй яах юм бэ. Түүнийг дагахгүй бол чухам хүн биш болно. Бид бас талаар нүүрээ барахад хүрэхгүй. Энэ найнайд ямар бодогдож байна вэ? гэсэнд Жинь Гүйн хацар улайгаад “Муу өлөгчин чи, хичнээн олон эр тэвэрсэн хүн мэт байна. Да е гэртээ байхдаа, чамаас салж чадахгүй байсан нь аргагүй юм байна” гэв. Бао Чань ярвайгаад “За тийм л болог. Хүн найнайнд зам зааж өгч байхад харин сөргүү үг хэлэх юмаа” гэв. Үүнээс хойш Жинь Гүй нэг сэтгэлээр Шюэ Көг мөрдөх болов. Элдэв зан гаргахаа больсоноос хойш гэр дотор тайвшрав.
Өглөө Бао Чань, архины гүц авахаар орохдоо төвлүүн царай гаргаж элдэв ааш гаргасангүй. Цаадах нь нэг харчихаад, дотроо гэмшин улмаар сэжиг төрж “Би тэднийг буруу бодсон юм болов уу. Тийм бол би сайхан санааг нь гутаажээ. Хэрэв надтай яриа шуугиан үүсгэхэд хүрвэл, өөрөө эрсэн төвөг биз” гэхчилэн бодов.
Үүнээс хойш хэдэн өдөр нам тайван байв. Шюэ Кө Бао Чаньтай таарвал цаадах нь нүдний зовхио ч өргөхөө болиод хамраараа харан өнгөрнө. Харин Жинь Гүйтэй таарвал идмээр сайхан аашилна. Шюэ Кө энэ бүхнийг хараад гэмшив. Жинь Гүй хэдэн өдөр нам тайван байсанд Шюэ Има, Бао Чай хоёр ч баяртай байв. Тэрбээр гэнэт хүмүүстэй найрсаг харилцах болсонд бүгдээр гайхав. Шюэ Има бүр баярлав. Дотроо: “Шюэ Пань анх энэ бэрийг буулгахад ямар нэг барцад таараад, энэ хэдэн жил ууртай байсан байх. Одоогийн гарсан энэ хэрэг бол зоос зарсан, хүмүүсийн чармайсны ачаар зүгтэй болсон байх. Бэр гэнэтхэн намдуу тогтуун болсноос үзвэл, хүүгийн минь хийморь сэргэх цаг болсон ч байж мэднэ” гэж бодоход дотор нь онгойх шиг болов. Тэгээд өдрийн хоолны дараа Тун Гүйг түшин гарч ирээд Жинь Гүйн байранд оров. Хашаанд орвол нэг бүстэй хүн, Жинь Гүйтэй ярих сонсогдоно. Энэ Тун Гүй сэргэлэн хүн тул даруй “Да найнай, Лао тайтай ирлээ” гэсээр тэдний үүдэнд очвол, нэг хүний сүүдэр сүүтэгнэн хаалганы ард нуугдав. Шюэ Има цочоод ухран гарав. Жинь Гүй араас нь хараад:
-Тайтай морилон ортугай. Гаднаас хүн алга. Тэр бол миний тэжээсэн дүү. Тосгонд сууж байсан юм. Тэгээд жаахан бишүүрхэж байгаа юм. Хөөе чи, дайдаатай уулз. Өнөөдөр, бүр сая ирсэн учир дайдаатай мэндэлж амжаагүй байсан юмаа гэсэнд Шюэ Има “Дүү чинь юм бол уулзъя” гэв. Тэгэхэд Жинь Гүй дүүгээ дуудаад уулзуулав. Дүү нь ёслон мэндлэв. Шюэ Има хариу мэнд мэдээд, энэ тэрийг ярилцан суув.
-За хүү минь, хэзээ нийслэлд ирэв? гэсэнд Шя Сань:
-Дээр сард, эх маань гэртээ ганцаараа учраас намайг тэжээсэн юм. Уржигдар л нийслэлд ирлээ. Өнөөдөр ирж эгчтэйгээ уулзаж байна гэж ярив. Шюэ Има тэр залууг жаахан ажиглаж байгаад босож “Та яарах юу байхав” гэснээ Жинь Гүйд “Дүүгээ хоол идүүлээд явуул” гээд гарав. Хадам эхийгээ гармагц Жинь Гүй
-Чи тайван суу. Өнөөдөр нэгэнт ил болсон тул манай Эр Е байцаах хэрэггүй болов. Өнөөдөр би чамаар юм авахуулна. Харин хүнд үзэгдэж болохгүй гэсэнд Шя Сань “Болноо. Чи юу авах вэ. Зоос байвал би олж ирж чадна” гэв. Цаадах нь:
-Бардам байх хэрэггүй. Чи харин арилжааны хүнд шулуулчихвал би авахгүй шүү… гэхчилэн тоглоом наадам хийх янзтай байгаад хоёул оройн хоол идэв. Тэгээд худалдаж авах юмаа захиад Хиа Санийг явуулав.
Энэ үеэс хойш Шя Сань дандаа ирнэ. Үүдэнд нэг өвгөн суувч бэрийн дүү гэж мэдсэн тул цааш мэдүүлэхийг больжээ. Үүнээс эхлээд, цаглашгүй их үймээн үүсгэсэн нь хожмын учир болох тул үл өгүүлэн өгүүлэх нь:
Нэг өдөр Шюэ Паниас захиа ирсэнийг эх нь охиноороо уншуулбал, ингэж бичжээ. Хөвгүүн нь, хошууны газар ядрахгүй байх тул ээж санаа амар байгтүн. Өчигдөр хошууны бичээчээс сонсвол, Фү-гийн газраас өргөлтийг зөвшөөрчээ гэсэн тул маний хийсэн тал бүтсэн байхаа. Фү-гийн өргөлт дээш очмогц Дао-гийн газраас харин буцаан ирүүлжээ. Завшаанаар хошууны таслагч ноёнг тэр даруй хариу бичиж тулган явуулсанд, тэр Дао-гийн түшмэл, хошууны мэдэгчийг зэмлэжээ. Одоо Даогийн түшмэл биеэр шийтгэх тул дээш хүрвэл бас зовлон амсана. Бодвол, Даогийн түшмэлд, тал засаагүй байхаа. Ээж захиаг авмагц, түргэн хүн явуулж, Дао-гийн Лао егаас гуйлгатугай. Бас дүүг түргэн ирүүл. Үгүй бол Даогийн газар хүргэгдэхэд хүрнэ. Мөнгө дутааж болохгүй! Даруй түргэн гэжээ.
Шюэ Има захиаг сонсоод баахан уйлав. Бао Чай Шюэ Кө хоёр хориглож “Энэ явдлыг сунжруулж болохгүй” гэсэнд, арга буюу Шюэ Көг явуулахаар болов. Хувцас хунар, ор дэрний хэрэгсэл, мөнгө зоосыг бэлтгүүлээд пүүсний нэг хоршигчийн хамт шөнө дөлөөр мордуулав. Тэр шөнө яарч сандарсаар, хэдий доодох хүмүүс хийж байвч тэдний бодол мөхөсдүүзэй гэж бодоод Бао Чай өөрөө хамжилцан тусалсаар тэднийг мордуулаад үүр цайхын өмнөхөн унтав. Баян айлын эрх танхи өссөн охин болохоор, шөнийн туршид нааш цааш гүйгээд ядрахдаа халуурч шөл ус ч ууж чадахаа больжээ. Шивэгчин нь сандраад эхэд нь хэлэв.
Тэрбээр сандран ирж үзвэл охины нь царай час улайгаад, биед нь гал шатах мэт болж, үг ч дуугарч чадахгүй байв. Эх нь барьж тавихаа ч мэдэхгүй уйлна. Бао Чай юм ярих байтугай гараа хөдөлгөж чадахгүй байлаа. Нүд нь хавдаж, хамар нь битүүрчээ. Төдөлгүй эмч залсанд аажимдаа засрав. Шюэ Имагаас эхлээд бүгдээр тайвшрав. Рун, Нин хоёр ордныхон хэдийн сандарч хамгийн түрүүнд Фөн Же арван найрлагат сүнс дуудах үрэл илгээж дараа нь Ван Фүрэнь бас эрдэнийн үрэл хүргэж иржээ. Жя Мү, Шин, Ван хоёр Фүрэнь хийгээд Ёу хатан нар цөм бяцхан охидыг илгээж асуулгасан боловч Бао Юйд хэлсэнгүй. Дараагаар долоо найман өдөр засуулсан боловч ер тус болоогүй тул өөрөө “Сэрүүн үнэрт үрлээ” санаж олоод уусанд сая эдгэжээ. Хожим Бао Юй мэдсэн боловч нэгэнт зүгээр болсон тул очсонгүй.
Энэ үед Шюэ Кө захидал ирүүлсэн боловч Бао Чайг зовно гээд эх нь түүнд хэлэлгүй Ван Фүрэньд очоод охиныхоо өвчний талаар ярьжээ. Түүнийг явсны дараа Ван Фүрэнь Жя Жэнээс дахин гуйв. Цаадах нь: “Энэ явдлыг дээгүүр гуйж болохгүй боловч бас доорхийг гуйхад бэрх тул тал засах хэрэгтэй” гэсэнд Ван Фүрэнь, Бао Чайн тухай дахин дурьдаж “Энэ хүүхэн бас ч хөөрхий. Нэгэнт манай гэрийн хүн болсон тул эртхэн буулгаж авчирвал зохино. Зовсоор биеэ муутгажээ” гэсэнд Жя Жэн,
-Би мөн ингэж санадаг. Тэд нар одоо түргэн шийдэх явдалтайгаар барахгүй бас цагаан сар ойртсон тул хэн алин нь гэрийн их ажилтай байна. Энэ өвөл хадаг тавиад хойт хавар хуримлая. Лао тайтайгийн насны баярын дараа, өдөр тогтож бэр буулгая. Чи энэ үгийг И дайдаад хэлтүгэй гэсэнд эхнэр нь “За” гэж хүлээн авав.
Дараагийн нь нэг өдөр Ван Фүрэнь, нөхрийнхөө үгийг Шюэ Имад хэлсэнд хүлээн авав. Хоолны дараа тэр хоёр Жя Мүгийнд ирсэнд суудалд урин суулгав. Жя Мү: “И тайтай сая ирэв үү” гэсэнд цаадах нь: “Өчигдөр ирсээн. Орой болчихоод Лао тайтайгийн амрыг эрж чадсангүй” гэв. Ван Фүрэнь, Жя Жөнтэй өчигдөр ярьж тохирсоноо хэлсэнд их ахайтан машид баярлав.
Тэднийг ийн ярилцаж байтал Бао Юй гаднаас орж ирэв. Жя Мү: “Хоол идэв үү” гэсэнд цаадах нь: “Түрүүнд сургуулиас ирээд идсэн. Одоо сургууль руу явлаа. Тэгээд Лао тайтайтай уулзъя гэсэн юм. Бас Имаг ирлээ гэж сонсоод амрыг нь эрье гэсэн юм” гээд “Бао Эгчийн бие сайн уу” гэж асуув. Шюэ Има инээж: “Сайн болсоон” гэв.
Түрүүнд ярилцаж байсан хүмүүс Бао Юйг орж ирэхэд бүгд амаа хамхижээ. Бао Юй жаахан суухдаа, Шюэ Имагийн царай урьдын адил ялдам халуунгүйг хараад: “Эд нар нэг их ярих юмгүй боловч бас дуугүй суухгүй байдалтай” гэж бодосхийгээд сургуульдаа явав. Орой хүрч ирээд заншил ёсоор уулздаг хүмүүстэйгээ уулзчихаад даруй Шяо Шян Гуаньд хүрээд орхиулыг сөхөн орвол Зы Жюань угтаж авав. Дотор гэрт хүнгүй тул Бао Юй: “Авхай хаачаав?” гэж асуусанд цаадах нь: “Дээд гэрт И тайтаг ирсэнийг сонсоод уулзахаар очсон. Эр Е тэнд очоогүй юм уу” гэж асуув. Бао Юй: “Би тэнд очсон. Тэгэхдээ, танай авхайг хараагүй” гэв.
-Тэнд тэгээд алга гэж үү?
-Алга л байна лээ. Хаачсан юм бэ?
-Тийм бол би хэлж мэдэхгүй…
Тэр хоёр ийнхүү яриад Бао Юйг гартал Дай Юй, Шюэ Янийг дагуулан нахилзсаар айсуй явсанд “Охин дүү ирлээ” гэж хэлээд хүлээж байснаа, түүнийг дагаад дотогш оров. Дай Юй, Бао Юйг суу… гэтэл Зы Жюань урт ууж авчирч авхайд өмсгөв. Дай Юй Бао Юйгийн өөдөөс харж суугаад “Чи дээд гэрт Иматай уулзав уу” гэж асуусанд цаадах нь: “Уулзсаан” гэв.
-Има намайг асууж байна уу
-Чамайг асуугаагүйгээр барахгүй. Намайг хардаг урьдын ялдамхан царай нь алга болсон байна лээ. Би Бао эгчийн биеийг асуусанд нэг инээчихээд юм хэлсэнгүй. Намайг очиж эргэсэнгүй гэж уурласан юм болов уу?
-Чи очиж эргээгүй юм уу?
-Анхандаа өвчтэйг нь мэдээгүй байсан. Сүүлд сонссон ч очиж амжаагүй.
-Тиймгүй байлгүй дээ.
-Үнэхээр тийм. Лао тайтай битгий оч гэсэн. Дайдаа ч бас очуулсангүй. Лао е бас явуулахгүй болохоор би яаж очих юм бэ. Хуучин шиг наад бяцхан хаалга нь нээлттэй байсан бол би түүнийг өдөрт арван удаа эргэхэд ч амархан байлаа. Одоо түүнийг хаагаад тойрч тойрч очих тул хэцүү болсон юм.
-Тэр яаж энэ юмны учрыг мэдэх вэ.
-Бао эгч бол миний зовлонг сайн мэдэх хүн:
-Чи битгий эндүүр. Өвдсөн нь Има биш, Бао эгч юм чинь чамд улам ч муу санана. Бид хэзээний л хүрээлэнд шүлэг зохиож, цэцэг сонирхон, архи амсаж их л сайхан нөхөрлөж байв даа. Одоо хоёр газар салж сууснаас хойш, чи түүний гэрт элдэв юм болсныг мэдээд бас түүний хажуугаар өвдөж зовж байхад нь чи ажиг ч үгүй явахаар тэр гомдолгүй яахав.
-Тийм бол Бао эгч надтай муудах уу?
-Тэр чамтай эвдрэх, эедэхийг би мэдэхгүй. Би ганцхан зүй ёсны тухай хэлж байна.
Бао Юй энэ үгийг сонсоод нүдээ бүлтийлгэн мэлрэнэ. Дай Юй түүнийг тоолгүй хүн дуудаж, хүж нэмүүлээд бичгээ гаргаад үзэж суув. Тэгтэл Бао Юй хөмсгөө зангидан хөлөө дэвсэж:
-Энэ ер нь яах гэж төрсөн хүн бэ. Тэнгэр газрын завсар ийм хүн байхгүй бол харин ч санаа амар байхгүй юү… гэсэнд цаадах нь:
-Би бий болбол даруй хүн бий болно. Хүн бий болбол даруй аюул сүрдүүлэг, хий солио, хүсэл горьдол, лай ланчиг мэтийн ертөнцийн түмэн яршигтай юм үүсэж ургана. Миний энэ хэлж байгаа чинь цөмөөр тоглоомын үг шүү. Чи Имагийн урамгүй байхыг хараад яаж Бао эгчийг сэжиглэж болох вэ. Има бол одоо зарга заалхайн учирт сэтгэл санаа нь хэцүү байгаа учир чамтай тайван яриад суух зав яаж олдоож. Энэ бол чиний дэмийрэн сэтгэх төөрсөн бодол юм.
-Чи зөв юм хэлж байна. Чи ер нь надаас хол хэтэрсэн ухаантай хүн юм. Тэр жил намайг уурлахад чи хэдэн онол чойрын үг хэлсэнд би үнэхээр хариулж чадаагүй билээ.Би хэдий гурван алдын алтан бие боловч ариун лянхуа чамд шүтнэ.
-Би чамаас нэг үг асууя. Чи яаж хариулах вэ?
-За асуу, асуу!
Ингэж хэлээд Бао Юй нүдээ аниж, алгаа хавсран завилж суугаад уруулаа шөмбийлгэн хүлээв.
-Бао эгч чамтай сайдвал чи яах вэ. Бас энэ чигээрээ муудвал яах вэ. Бао эгч урьдаар чамтай эедээд, тэр дороо чамтай эвдэрвэл яах вэ. Бао эгч өнөөдөр эвлээд хожим эвдэрвэл чи яах вэ.
Энэ асуултыг сонсоод Бао Юй баахан бодлогоширов. Тэгснээ гэнэт хадганатал хөхрөөд “Амуударьяа мөрний ус хэдий их боловч би ганц л хул ууна1 шүү дээ” гэсэнд Дай Юй: “Хул усандаа хөвбөл яана2 гэв. Бао Юй: “Хул усанд хөвөх биш ус урсахаараа урсаж, хул хөвөхөөрөө хөвнө” гэсэнд Дай Юй: “Ус зогсоод сувд тунахад яана вэ”3 гэж асуув. Цаадах нь: “Шаварт наалдсан хөвөн мэт сүжиг зориг шуударчээ. Хаврын өнгөнд өмнөдийн шувуу мэт цэрвэн бүжиглэхгүй4 гэв. Дай Юй: “Да е нийн тэргүүн санвар худал үл өгүүлнэ” гэсэнд цаадах нь: “Гурван эрдэнэ мэдтүгэй”5 гэв.
Дай Юй доошоо хараад суучихав. Гэнэтхэн саравчны гадаа нэг хон хэрээ гуаг гуаг гэж дуугарсаар зүүн урагш нисэн одов. Бао Юй: “Энэ чинь ямар ёр бэлгэ болохыг мэдэхгүй” гэсэнд Дай Юй: “Хүний баяр зовлонг жигүүртэн яаж мэдэхэв” гэтэл Чю Вэнь орж ирж “Эр Ег залахаар хүн ирэв. Лао е хүрээнд хүн илгээж Эр Егийн сургуулиасаа ирсэн, ирээгүйг асуулгажээ. Ши Рэнь эгч эрж ирсэн байна” гэв. Бао Юй ихэд сандран яаран гарч явав. Дай Юй түүнийг шалж суулгаж чадсангүй. Юу болсоны учрыг мэдье хэмээвээс удаах бүлэгт үзтүгэй!
Тайлбар:
1.Амударьяа мөрний ус хэдий их боловч би ганц хул ууна. Дундад Азид байх голын нэр. Энд Бао Юй охин олон боловч би ганцхан Дай Юйг л санана гэсэн утгатай үг юм.
2.Хул усанд хөвбөл яана-Ургийн явдал чиний санаагаар болохгүй бол гэсэн санааг хэлжээ.
3.Ус зогсоод сувд тунавал яана-Хүн үхэх буюу ямар нэгэн саад тохиолдож уг явдал бүтэхгүйд хүрвэл яах вэ гэсэн санааг битүүхэн хэлжээ.
4.Шаварт наалдсан хөвөн мэт-гэж Бао Юй ганцхан Дай Юйд шийдсэн сэтгэлээ хэлжээ.
5.Гурван эрдэнэ мэдтүгэй-Бурханы шашны ёсонд бурхан, лам, ном гурвыг гурван эрдэнэ гэнэ. Бао Юй энд гурван эрдэнийг зааж ам тангаргаа өгсөн ажээ.
Холбоотой мэдээ