Энэ үеэр цагдан хоригдоод байгаа VI хорооны Засаг дарга С.Цэцэгээгийн хүү Б.Батзолбоотой уулзлаа.
-Та ээжийгээ хууль бусаар хорих ял сонссон гэж үзэх ямар үндэслэл байгаа юм бэ?
-Энэ сарын 5-ны өглөө зүгээр ажилдаа явсан хүн тэр өдөртөө шоронд суучихсан. Албан тушаалтнууд зориудаар зохиомол хэрэг үүсгэж, ял өгсөн. Энэ бол ажлыг нь хүчээр булаан авч, өөрсдийн эрх мэдлээ тогтоох гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй байна.
-Цагдан хоригдсоноос нь хойш ээжтэйгээ уулзсан уу?
-Өнгөрсөн гурав дахь өдөр уулзсан. Ээж нь хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонслоо. Орчин үеийн хэлмэгдүүлэлт гэж байна лээ.
-Шүүхээс таны ээжийг ямар үндэслэлээр буруутгасан юм бэ?
-Өөрийн хариуцаагүй тамгыг нуун дарагдуулсан, алга болгосон гэх үндэслэлээр ял оноосон. Хавраас л иймэрхүү асуудал яригдаж эхэлсэн. Арай ч шоронд хийнэ гэж санасангүй. Ээжийн алга болгосон гээд байгаа тамгыг аль эрт алга болгоод, дахин хийлгэсэн байсан гэсэн. Тэгсэн мөртлөө ямар ч хамаагүй хүнийг тэр тамгатай холбон гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой байна.
-Тэр тамгыг таны ээжид өгсөн гэдгийг нотлох ямар баримт байгаа вэ?
-Ганцхан хүний мэдүүлгээр хэрэгт хандсан байгаа юм. Өөрийн ухаангүй байгаа, цус харвасан хүний хэлснийг үнэн бодит болгосон. Манай ээжид тамгаа өгсөн гээд байгаа хүн нь энэ дүүргийн иргэдийн хурлын дарга н.Буянаа гэж хүн. Зөвхөн тэр хүний үгээр хэрэгт хандаж, хөдөлшгүй нотлох баримт гэж үзээд ял өгсөн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.
-Таны ээж хэдэн жил хорооны Засаг даргаар ажилласан бэ. Ер нь нам хоорондын маргаан, зөрчилдөөн байсан уу?
-2006 оноос эхлэн ХУД-ийн VI хорооны Засаг даргаар ажилласан, хамт олондоо нэр хүндтэй хүн. 2008 оны сонгуулийн дараанаас ажлыг нь авах гэж янз бүрийн арга хэрэглэж байсан. Өрөөнд нь дайрч орж, өөрийнх нь эд зүйлсийг гаргаж хаяж байсан удаатай. Бүр ажлаас нь халах шийдвэр гаргасныг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгож, ажилдаа эргэн орж байсан. Хорооны Засаг даргын албан тушаалд тав хоногийн дотор батламжлах ёстой ч гурван жил батламжлаагүй явсаар өнгөрсөн хавар батламжилсан ч ийнхүү хилс хэрэгт унагалаа.