Кемеровод гал түймрийн улмаас 37 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Кемеровод гал түймрийн улмаас 37 хүн амиа алджээ

Кемеровод  гал түймрийн улмаас 37 хүн амиа алджээ

ОХУ-ын Сибирийн Кемерово хотын  худалдааны төвд өчигдөр гарсан гал түймрийн улмаас 37 хүн амиа алдсан талаар албаны хүмүүс мэдээлж байна.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр 64 хүний сургийг гаргаж чадахгүй байгаа бөгөөд 41 нь 2-17 насны хүүхдүүд гэнэ. Гал түймэр гарах үед хүүхдүүд цогцолборын кино театр, тоглоомын хэсэгт байсан гэж таамаглаж байна. Гал түймэр орон нутгийн цагаар өчигдөр 17:00 цагийн үед гарчээ.

Гал түймэр “Winter Cherry” цогцолборын доод давхраас гарсан бөгөөд хохирогчдын дийлэнх нь кино театрт байсан гэнэ.  Нийгмийн сүлжээнд гэрчүүдийн оруулсан видео бичлэгт балмагдаж, сандарсандаа хүмүүс цонхоор үсэрч байжээ. Гал сөнөөгчдийг очиход барилгын цонхнуудаас хар утаа олгойдож байсан гэнэ.  Москва хотоос 3600 км-ийн зайд оршдог Кемерово хот бол ОХУ-ын нүүрсний том уурхайн  хот ажээ. Гал түймрийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. 2013 онд ашиглалтад орсон тус цогцолбор хоёр кино театр, ресторан, саун, боулингийн танхим, хүүхдэд зориулсан амьтны хүрээлэнтэй байжээ.

Австрийн Канцлер Себастиан Курц болон Латвийн Гадаад харилцааны сайд Эдгарс Ринкевич гал түймэрт амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Зарим гэрчүүдийн хэлснээр гал түймрийн улмаас кино театрын дээвэр нуржээ. Кемеров мужийн Онцгой байдлын дэд дарга Евгений Дедюхиний мэдээлснээр гал түймэр цогцолборын нийт 1,500 м 2 талбайг хамарсан гэнэ. Гал түймрийг унтраахаар онцгой байдлын 288 ажилтан, гал сөнөөх 62 бригад ажиллаж байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж