Засгийн газар Хөгжлийн бодлогоо зарлана

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Засгийн газар Хөгжлийн бодлогоо зарлана

Засгийн газар Хөгжлийн бодлогоо зарлана

Монгол Улсын Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо зарлахад бэлэн болжээ. Төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын өндөр хүлээлт дор “Хүчээ нэгтгэе” хаврын хэлэлцүүлгийг ирэх лхагва гаригт (2018.03.28) зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм.

Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, Монгол хүн, Монголын баялаг гэж тодорхойлсон.  Иймээс “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр болсон байдаг. Үүнд: эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх. Уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж тээвэр, дэд бүтэц байгуулах.

Нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх. Ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн хүртээмжтэй чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэг зорилтууд туссан байдаг.

Эдгэрээс зарим ажлууд эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, Засгийн газар Татварын хуульдаа өөрчлөлт оруулахаар болж, төслүүдийг боловсруулж байна. Хуулийн төслийн үндсэн үзэл санаа тусгалаа олоод байгаа бөгөөд дараах заалтыг суулгаад буй. Үүнд:

Татварын өр төлөх хугацаа хоёр  сар байгааг 24 сар болгон сунгана, /Татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийнэ/

  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,

-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно зэрэг заалт тусгасан юм. Энэ нь татварын тогтолцоог илүү боловсронгуй, татвар төлөгчиддөө хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр тайланг хүлээн авдаг болох. Харин татвараас бултагсдад хуулийн харуцлага хүлээлгэдэг байх шударга зарчимд шилжүүлэх  зорилго тавьсантай холбоотой.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр мөн Засгийн газрын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэддээ хувьцаа эзэмшүүлэх стратеги төлөвлөгөөг сонирхож болох нь.

Одоогийн байдлаар Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг бүртгэлжүүлж, хэд нь энэ хувьцааг мөнгөжүүлж авсан, хэд нь хувьцаа хэлбэрээр байна вэ гэдэг тооцооллыг гаргаж буй.

Хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд экспортын төмөр замыг шийдэхээс эхлээд хөрөнгө оруулагчдыг татах шаардлага бий. Энэ бүх асуудал хөгжлийн стратегид хэрхэн төлөвлөгдсөнийг хэлэлцүүлгээс тодорхойлж болох нь.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж