Монголчуудын сайн мэдэх нэгэн зохиолч, орчуулагч хэдэн жилийн өмнө манай сайтад гомдол гарган хагас жилийн чирэгдэл болсон юм. Тэрхүү хүний орчуулсан номын хэсэг манай сайтад тавигдсан нь оюуны өмчийн зөрчил гэж үзэн гомдол гаргасан билээ. Ингэхдээ Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн Оюуны өмчийн байцаагчаар 2.700,000 төгрөгийн торгууль тавиулсны зэрэгцээ хүний бүтээлийг зөвшөөрөлгүй нийтэлж цацсан хэргээр давхар шүүхэд иргэний хувиар гомдол гаргасан байсан юм. Уг орчуулгын хэсгийг анхлан нийтэлсэн нь манай сайт биш байсан бөгөөд аль хэдийнэ хэд хэдэн сайт нийтэлснийг татсан байсан юм. Гэвч бусад сайтуудыг манайх шиг шүүхэд болон Оюуны өмчийн газар өгөөгүй. Манайхаас өмнө нийтэлсэн сайтуудад орчуулга нь нийтлэгдсэнийг эзэн нь мэдээ ч үгүй явсан бөгөөд манай сайтад нийтлэгдсэний дараа л шинэхэн номных нь хэсэг интернэтээр түгсэнийг мэдсэн юмсанж. Уг сайтууд дотор Монголд бүртгэлгүй сайт ч байсан юм. Гэвч хамгийн хатуу “ялыг” манайд өгөхөөр шийдсэн нь “бусдад сургамж болгох” гэсэн гэж тайлбарласан юмдаг. Шүүхэд өгсөн гомдлыг нотебуукээр тохиролцон татуулж, Оюуны өмчийн газраас тавьсан торгуулийг үндэслэлгүй тавигдсан гэж бид үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд энэ гомдол маань гурван шатаар явж бидэнд хагас жилийн ажил удсан юм. Харин манайхтай адилхан зохиолын хэсгийг нийтэлсэн сайтууд гэм зэмгүй өнгөрсөн.
Гэм зэмгүй өнгөрсөн тэдгээр сайт магадгүй одоо болтол “хулгайн” ажлаа хийдэг ч байж магадгүй. Харин бидний хийсэн ганц удаагийн алдаа манайханд ихээхэн сургамж болсон юм.
Энэ бүхнийг нуршин өгүүлж байгаагийн учир нь Монголд хэн ёс зүйтэй, ном журмынхаа дагуу явж байгаа нь илүү үзэгдэж, үндсэн ажлынхаа хажуугаар давхар давхар давааг давах шаардлагатай болдгийн нэг жишээ юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан С.Баярцогттой холбоотой дуулиан дэгдлээ. С.Баярцогтын арав гаруй жилийн өмнө оффшор бүсэд бүртгүүлсэн компанийнх нь данс руу гүйлгээ хийсэн Швейцарийн банкны данснуудыг хаасан тухай Ройтерс агентлагийн мэдээлэлд С.Баярцогт өөрөө ил гарч тайлбар өгсөн. Түүний хийсэн тайлбараар оффшор дансан дахь мөнгөний гүйлгээ гэхээсээ илүүтэй энэ мөнгө нь Оюутолгойн гэрээг Монголын төрийнхөнд авлига өгч хийсэн гэсэн ойлголтыг товойлгож, улмаар энэхүү том төслийн оролцогч талыг солих гэсэн хүмүүсийн жижиг чулуугаар том чулууг доргиох гэж байгааг битүү хатуу сануулсан.
Монгол улс уул уурхайн салбараа гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгосноос хойших арваад жилд хийгдсэн хамгийн том бөгөөд хамгийн амжилттай төсөл нь Оюутолгой. Монгол улс өмнө нь ийм мега хэмжээний том төсөл хэрэгжүүлж байгаагүй, Эрдэнэтийг эс тооцвол. Анх удаа дэлхийн хэмжээний гэрээг хийсэн учраас Монголын талаас бүхий л тал дээр туршлага дутсан зүйл байсан. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтыг гэрээ зурагдсанаас хойш 10 жил болж байна. Энэ хооронд “бусдад нь сургамж” болгох оролдлого энэ төслийг тойрон байнга гарч байгаа учраас эхэнд өгүүлсэн жишээг татсан юм.
Энэ төслийг эдийн засгийн агуулга, ач холбогдлыг ярихаасаа илүүтэй монголчуудыг шулж байна гэсэн мессеж тасарсангүй. Энэ төслийг дагасан хаялга хэчнээн байгааг яагаад чихнийхээ хажуугаар өнгөрүүлнэ вэ? Тус компанийн цахим хуудас дахь ажлын байрны зарыг харахад өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сараас хойш 100 гаруй ажлын байрны зарыг нээлттэй зарлаж төдий тооны хүн ажилтай орлоготой болжээ.
Гэтэл энэ хугацаанд 100 байтугай 10 хүнийг шинээр ажилд авсан аж ахуйн нэгж цөөхөн. Харин төрийн албанд 100 байтугай орсон байх магадлалтай, тэдгээр шинэ төрийн албан хаагчдын цалинг бүрдүүлэхэд “Оюутолгой” компанийн төлсөн татварын мөнгө хувь нэмрээ оруулсан л байгаа. Дотоодын 1000 илүү аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авч байна. Орон нутгийн хөгжилд ч хангалттай анхаарч, нийгмийн болоод хүмүүнлэгийн олон ажил хийж байгааг ил тодоор тайлагнадаг.Дэлхийд гайхагдах гүний уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна.
Монголд болж бүтэж байгаа бүхэн хувийн хэвшилд л байна, яагаад гэвэл тэнд эзэнтэй мөнгө эргэлдэж байдаг. Хувийн хэвшлийнхний хөлс, хүчээр бий болсон баялгаас татсан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн зарцуулалт, төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн сонгуулийн мөнгө босгодог төрийн албаны сүлжээний луйвар гээд Оюутолгойгоос илүү анхаарал татах сэдэв Монголд байна. Баялаг нь Монголын ард түмнийх гэж цээжээ дэлдэхээс өмнө газар доорх баялаг гээд байгаа зүйл хүний гар хүрээгүй үедээ зүгээр л шороо, чулуу төдий зүйл. Хийсэн нь гоочлуулж, хэл амаа билүүдсэн нь хождог цөвүүн цаг хэзээ дуусах юм бол?
Холбоотой мэдээ