Ой тогтоолтын найм дахь улсын аварга ирэх лхагва гарагт буюу энэ сарын 28-нд тодорно. Тэмцээний сүүлийн шатанд 80 тамирчин бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээнд Олон улсын их мастер 3, Их мастер 3, Олон улсын мастер 6, Азийн мастер 3 нийт олон улсын зэрэгтэй 15 тамирчин оролцоно.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар, Монголын Ой тогтоолтын спортын холбооны нарийн бичгийн дарга Б.Баасандорж, дасгалжуулагч, багш Ө.Сэнгэсамдан нар ажиллах бөгөөд тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм.
Сонирхуулахад, Монголын оюун ухааны академийн тамирчид нь олон улсын 46 тэмцээнд ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр оролцож олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 760 медалийн эзэн болоод байгаа юм.
Р.Ренчиндулам