Монголчууд өчигдөр 9 сая төгрөгийн эрчим хүч хэмнэв

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Монголчууд өчигдөр 9 сая төгрөгийн эрчим хүч хэмнэв

Монголчууд өчигдөр 9 сая төгрөгийн эрчим хүч хэмнэв

 

Дэлхий дахинаа жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өчигдөр /2018.3.24/ Сүхбаатарын талбайд боллоо. 

Уг үйл ажиллагаагаар дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог.

Гэрэл унтарсны дараа нэг цагийн турш лааны гэрэлд эх дэлхийнхээ төлөө сайхан бүхнийг уриалан дуулдаг. Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны үеийн чухал хэсэг. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй.

Эх дэлхийнхээ төлөө нэгдэн цугласан олны дунд “60+” тэмдэг байдаг. “60+”-ийн хувьд 60-ийн тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол “+” тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулдаг. Ингэснээр зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг.

Анх 2007 онд зохион байгуулж байсан уг арга хэмжээнд одоогоор 187 орон нэгдэн нэг цагийн турш гэрлээ унтрааж байгаа.  Улаанбаатар хот 2010 онд уг үйлд анх нэгдсэн билээ.

Улаанбаатар хотноо ес дэх жилдээ босон уг үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” төрийн бус байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк хамтран зохион байгуулсан юм.  Өчигдөр хөтөлбөрийн дагуу нэг цаг гэрлээ унтрааснаар 30 мВт эрчим хүч хэмнэжээ. Энэ нь 5-6 аймгийн нэг өдрийн эрчим хүч юм байна. Мөн энэ нь дотоодын импортын цахилгааны есөн сая төгрөгтэй дүйцэх ажээ.


Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж